
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн Мал, амьтны оношилгоо, тандалтын лабораторийнхон адууны халдварт цус багадах өвчнийг илрүүлжээ. Тэд энэхүү эерэг сорьцоо Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аар давхар баталгаажуулснаа мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагын лавлагаа лаборатори болох БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн харьяа Харбин хотын Мал эмнэлгийн хүрээлэн, адууны халдварт өвчин болон лентивирусний судалгааны багийн ахлагч, доктор, профессор Сяожин Ван тэргүүтэй эрдэмтэн, судлаачид УМЭАЦТЛ-д ажиллах үеэр оношилгооны үр дүнг ийнхүү баталгаажуулсан байна.
Лентивирусээр үүсгэгддэг дээрх өвчин нь адууны зүрх, судасны системийн үйл ажиллагааг хямрааж, улмаар цус төлжүүлэх эрхтнүүдийг гэмтээн, үхэлд хүргэдэг, ужиг явцтай халдвар юм. Харбин хотын Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн баталгаажуулах түвшний оношлуур, урвалжийг авчирч, манай мэргэжилтнүүдтэй хамтран дээрх харьцуулсан шинжилгээг хийж гүйцэтгэхэд онош 100 хувь нийцжээ. Ингэснээр УМЭАЦТЛ-ийн оношилгооны чанар, найдвартай байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал болсныг албаныхан онцолсон. Айлчлалын хүрээнд талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, адууны халдварт цус багадах өвчний тандалт, лабораторийн оношилгооны чадавхыг улам бэхжүүлэх, баталгаажуулах шинжилгээний шинэ арга, технологи нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг сургалт, дадлагад тогтмол хамруулах, туршлага солилцуулах, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэхээр болжээ.