
Япон Улс хүний амь насанд аюул учруулахуйц хэт халуунд нэрвэгдэж, зарим хотод агаарын температур 40 хэм давахаар буйг тус улсын цаг уурын байгууллагууд мэдээллээ. Эрх баригчид ийм өдрийг “кокүшоби” буюу “харгис халуун өдөр” хэмээн албан ёсоор нэрлэдэг болсон аж. Японы Цаг уурын агентлаг хэт халах талаар сэрэмжлүүлэг түгээж, хоёр хоног дараалан “кокүшоби” тохиох эрсдэлтэйг иргэддээ анхааруулжээ. Ийм үед агааржуулагчаа тогтмол ажиллуулан ус ууж, шингэнээ нөхөх, гадаа удаан хугацаанд байж болохгүйг мөн зөвлөсөн юм. Эл хэт халалт эхлэхээс өмнө буюу энэ сарын 6-12-ны хооронд 4580 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс долоо нь нас барсан талаар Гал түймэр, гамшгийн удирдлагын төвийн мэдээлэлд дурдсан. Түүнчлэн өнгөрсөн жилийн зун 100 мянга гаруй иргэн наршсан гэнэ.
Сүүлийн жилүүдэд тус улсын зун улам халуун болсоор буй. Тухайлбал, өнгөрсөн онд 41.8 хэм хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр температур болж байв. Мөн Хятад, Солонгос, Вьетнамын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас томоохон голууд үерлэж, Европ даяар хэт халж буй нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрс тэс үзэгдлүүд олширч байгааг илэрхийлнэ хэмээн Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын тайланд дурдсан юм. Ташрамд, манай улсад энэ сарыг дуустал нийт нутгаар халах төлөвтэй байна.
Д.ХЭРЛЭН