
Олон улсын эрдэмтэд хамтран шувуудын шөнийн нүүдлийн судалгааг анх удаа хийжээ. Тодруулбал, Франц, Швейцар, Герман, Латви зэрэг улсын шувуу судлалын тэргүүлэх төв, их, дээд сургуулийн 70 гаруй эрдэмтэн дөрвөн тивийн 56 зүйлд хамаарах 400-гаад жигүүртэнд геолокатор хэмээх мэдрэгчтэй төхөөрөмж суурилуулж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тасралтгүй хянасан байна. Ингэхэд судалгаанд хамруулсан шувуудын 82 хувь нь шөнийн цагаар нутаг сэлгэж, идэвхтэй нүүдэллэжээ. Ялангуяа хуурай газрын жижиг шувуудын зонхилох нь үдэш оройн цагаар нэг газраас нөгөө рүү шилжиж, нүүдэг болохыг судалгааны явцад тогтоожээ.
Жижиг шувууд шөнийн цагаар идэвхтэй нүүдэллэдэг нь шонхор, харцага зэрэг махчин жигүүртний олз болохоос сэргийлэх, сэрүүн уур амьсгалд биеийн дулаанаа зохицуулж, энергиэ хэмнэх, агаарын урсгал тогтвортой үеийг ашиглан шулуун замаар хол зайг туулахад тустай байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийн соронзон орны нөлөө болон гараг эрхсээр баримжаалан зүг чигээ алдалгүй нүүдэллэхэд шөнийн цаг тохиромжтой байдаг аж. Энэхүү судалгаа нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа шувуу судлаачдын олон жилийн хээрийн судалгааны датаг нэгтгэсэн, дэвшилт технологи ашигласан томоохон хэмжээний коллабораци (хамтын ажиллагаа) болж чадсанаараа шинжлэх ухааны салбарт өндрөөр үнэлэгдэж байна. Энэ талаарх судалгааны өгүүллийг “Current biology” олон улсын сэтгүүл 2026 оны онцлох бүтээлээр өргөмжлөн нийтэлснээр дэлхий нийтийн анхаарлын төвд оруулжээ.
Судалгааны үр дүнд үндэслэн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хамгийн их саад учруулж буй гэрлийн бохирдол, өндөр барилга, салхин сэнсний нөлөөг бууруулах чиглэлээр судлаачид олон кампанит ажил, бодлого, шийдэл хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ.