-Засгийн газар COP17-гоор шалтаглан хичээл сургалтыг хойшлуулж, хүүхэд, залуусын боловсролоор туг тахилаа-
“Монгол хүүхэд бүрийг мэдлэг, боловсролын хоцрогдлоос чөлөөлөх” стратегийн зорилт дэвшүүлж, сургууль, гэр бүл, нийгэм, олон нийт, суралцагчийн хамтын хариуцлагыг өндөржүүлэхээ зарласан манай Засгийн газрын тушаал, шийдвэрийн мөр хатаагүй байхад сайд, дарга нар нь 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх хугацааг хойшлуулах, сургуулиудын үйл ажиллагааг хэсэгчлэн цахимд шилжүүлэх шийдвэр гаргаж, монгол хүүхдүүдийн мэдлэг, боловсрол, ирээдүйг золионд гаргалаа. Ирэх сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэрх түгжрэл, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, гадаадын төлөөлөгчдийн тав тухыг хангахын тулд ийнхүү шийдвэрлэснээ тэд удтал нууцалсны эцэст сая нэг зарлав.
Тодруулбал, олон улсын томоохон арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулахтай холбоотойгоор их, дээд сургууль, коллежийн 2026-2027 оны хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлж, зарим бүсчлэл дэх ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд цахимд шилжүүлэхээр зохицуулалт хийж байгаагаа мэдээллээ. Энэ үйл явдал нь манай улсын төрийн эрх баригчид, бодлого, шийдвэр гаргагчид боловсролын салбарыг нохойд барьдаг мод лугаа хэрхэн дорд үзэж ирсний, тодорхойлсон бодлого, дэвшүүлсэн зорилтоо хамгаалахын төлөө тууштай зогсож чаддаггүйн, залгамж чанар, ухаалаг төлөвлөлтийн талаар чиг баримжаагүйн нотолгоо болов.
Монгол Улс өмнө нь түүхэндээ хамгийн олон Төрийн тэргүүн, гадаадын зочин, төлөөлөгч оролцсон АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан туршлагатай. Тэр үед төр засаг олон улсын арга хэмжээг зуны дэлгэр цагт, хичээл сургууль амарсан үеэр тааруулан зохион байгуулж, тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлан зорчуулах, ажлын өдрийг амралтынхад шилжүүлэх уян хатан шийдвэрүүдээр замын хөдөлгөөнийг зохицуулж байв. Гэтэл энэ удаа түгжрэлээ шийдэж хүчрэхгүй мухардахдаа “Хамгийн ачаалалтай үетэй давхцаж байна” хэмээн шалтаглаад, ийм мугуйд шийдвэр гаргачихлаа. Энэ бол аргагүйдсэн биш, манай төр засгийн алсын байтугай ойрын ч хараагүй, чадамжгүй, менежментгүйг харуулсан шийдвэр юм.
Дэлхий нийтийн жишгээс харахад улс орнууд дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулахдаа төрийн албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах, автомашины хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах, нийтийн тээврээр зорчихыг уриалж, чиглэл, тоог нь нэмэгдүүлэх, нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хориглох, томоохон төв, худалдааны цэгүүдийг хаах зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг аж. Зарим нь арга хэмжээнийхээ товыг ачааллын бус үеэр тааруулах, хурал цуглаан зохион байгуулах газраа олны хөлөөс зайдуу сонгох зэргээр нийтэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр шийддэг гэнэ. Манайх шиг юу юуны туханд хүрэлгүй сургуулиудаа хаагаад, иргэдээ гэрт нь хорихыг урьтал болгодоггүй юм байна. Сайд, дарга нар үүнтэй холбоотой шийдвэрээ албан ёсоор танилцуулсан нь саяхан болохоос ингэж хязгаарлах тухай аль хавар яриад, зохицуулчихсан юм билээ. Зарим их сургууль ч төр шийдвэрээ зарлахаас урьтаад дотоод дүрэм журмаараа зохицуулалт хийгээд, хичээлийн шинэ жилийн бүртгэл, сургалтын үйл ажиллагаагаа хагас сараар хэдийн хойшлуулчихсан. Эндээс бодлого, шийдвэр гаргагчид COP17-г нийгэмд хэрхэн төвөг чирэгдэл багатай зохион байгуулах, хичээл сургалтын үйл ажиллагааг яавал тасалдуулахгүй байх вэ гэдэгт толгой өвтгөлгүй шийдвэрээ эрт гаргачихсан гэдгийг харж болно. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах гэгчээр олон улсын арга хэмжээ дууссанаас тав хоногийн дараа эхлэх хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулна гэдэг нь угтаа тогтолцооны гажуудал, төрийн бодлогын цалгардал юм. Улс төрчид, бодлого, шийдвэр гаргагчид хэрэг нь гарахаар боловсролын салбарыг юм юмны хөзөр болгож ашигладаг. Хүүхэд, залууст ирээдүй цаг дээр хайр зарлаж, эрх ярьдаг. Гэвч өвлийн хүйтэн, утаа униар, ханиад томуу, халдварт өвчин гээд юухэн хээхнээр ч шалтаглан энэ салбараар туг тахиж, золиослоход тэд ямагт бэлэн байдаг. Тэр болгонд боловсролын тасралтгүй байдал гэдэг чухал үзүүлэлт алдагдаж, одоогийн Засгийн газрын чөлөөлөх бодлогод багтсан мэдлэг, боловсролын хоцрогдол зузаарсаар байдаг нь харамсалтай. Одоо манай улсын боловсролын салбар нунж дорой, сурагчдын сурлагын үнэлгээ нийтлэгээрээ тааруу байгаа нь төрийн хүнийрхүү бодлоготой шууд холбоотой. Төр боловсролын тасралтгүй, тэгш, хүртээмжтэй байдлыг хангаж чадахгүй, чанартай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж хүчрэхгүй байгаагаас л ийм “үр дүнд” хүрсэн. Үүнд COP17 нэрмээс болох нь нэгэнт тодорхой болчихлоо.
Дэлхий нийтийг сандаргасан “Ковид-19” цар тахлын үеэр цахим хичээл нэртэй цаг нөгцөөсөн сургалтын хөтөлбөрийг хамгийн урт хугацаанд хэрэгжүүлсэн улсуудын нэг нь манайх. Үүнээс үүдэлтэй боловсролын хоцрогдлыг өдий хүртэл бүрэн арилгаж чадаагүй байгаа. Ийм эгзэгтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлэх нь нөхцөл байдлыг улам л дордуулна гэсэн үг. Өнгөрсөн жилбагшнаролонхоногоорудаадарааажил хаяж, мянга мянган хүүхдийн мэдлэг боловсролыг гаргуунд нь гаргасан. Гэтэл энэ жил дахиад л хичээл, сургалтыг хойшлуулах нь даарин дээр нь давс нэмж буйгаас ялгаагүй.
Зарим нь “14-хөн хоногт сүртэй хоцрогдол үүсэхгүй. Угаасаа эхний өдрүүдэд олигтой хичээл заадаггүй” гэхчлэн төрийн хуумгай шийдвэрийг өмөөрөнгүй бичих болж. Хоцрогдлыг хоцрогдлоор нөхөж, амралтаас амралтын хооронд сурагчдыг “сажлуулж” яваа манай улсад хоёр хоногийн хичээл ч хайран боломж гэдгийг боловсролын салбарынхан хэлж байна. Их сургуулийн багш нар хүртэл “Хичээлийн шинэ жилийн эхний хоёр долоо хоног бол тухайн улиралд ямар агуулга үзэх, түүгээр дамжуулан ямар мэдлэг, ур чадвар эзэмших гээд маш чухал ойлголтыг өгдөг удиртгал үе. Олон улсын хурал зохион байгуулах нэрээр ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг цахимд шилжүүлж буй нь сургалтын үйл ажиллагаа жигдрэх хугацааг хойшлуулж, хөтөлбөрийн агуулга орхигдох, хоцрогдох эрсдэлийг дагуулж байна. Ерөнхий боловсролын онолын болон суурь мэдлэг дутуу, бие даан суралцах чадваргүй хүүхдүүд сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд элсэнорж ирэх болсон нь олон удаагийн хоцрогдол, үл хайхралын үр дагавар” хэмээж буй.
COP17-гийн гол зорилго нь байгаль орчноо хамгаалж, ирээдүйн аюул эрсдэлээс сэргийлэх, нөөц баялгийг тогтвортой ашиглах бодлогыг хэрэгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх билээ. Нэг ёсондоо энэ нь ирээдүйгээ хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлт, хувь нэмрийг нэмэгдүүлэх үндсэн зорилгод зангидагддаг юм. Өргөн агуулгаар нь харвал COP17-гийн нэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь тус арга хэмжээний гол мессеж, зорилго чиглэлтэй агуулгын түвшинд зөрчилдөж буй хэрэг. Ирээдүй хойч үеийнхээ сурах эрхийг хязгаарлан байж маргаашийн талаар ярих нь логикийн хувьд маш том зөрчил. Ирээдүйн “байгаль хамгаалагчид”-ынхаа боловсролыг гаргуунд гаргачхаад тэдэнд байгалиа хайрлан хамгаалах, экологийн нөөцийг зохистой ашиглах талаар ярьж болно гэж үү. Олон улсын зочид, төлөөлөгчид, хүний эрхийн болон боловсролын байгууллагууд энэ шийдвэрийг ямар өнцгөөс хэрхэн хүлээж авахыг манай сайд, дарга нар ер төсөөлсөн болов уу.
Сургууль бол зөвхөн хичээл хийдэг орчин биш. Сургууль бол хүүхдүүд бие биетэйгээ харилцах, нийгэмших, сэтгэл зүйн хувьд эрүүл өсөх орчин юм. Нөгөө талаараа олон хүүхдийн хувьд сургууль, цэцэрлэг нь хамгийн аюулгүй, дулаан орчин. Төр засаг үүнийг үл харгалзан сургуулийг чадамжгүй байдлаа нуудаг хөшиг болгож ашигласаар өдий хүрлээ.
Дарга нар замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, төрийн албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах, эсвэл түр хугацаанд дугаарын хязгаарлалт хийх зэрэг хүнд шийдвэрүүдээс зугтаж байна. Учир нь ийм шийдвэрүүд нийгмийн зүгээс багагүй шүүмжлэл, бухимдал дагуулдаг. Харин хүүхдүүдийг гэрт нь “хорих”, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлах нь тэдэнд хамгийн амархан бөгөөд эсэргүүцэл багатай золиос юм.
Эцэст нь хэлэхэд, төр өөрийнхөө бодлогогүй, чадамжгүйн төлөөсийг улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн сурах эрхээр төлүүлдгээ зогсоох цаг болсон. Олон улсын хурал зохион байгуулах шаардлагатай, шаардлагагүйн талаар энд хөндөхийг зорьсонгүй. Гагцхүү хичээл сургуулийн үйл ажиллагааг хязгаарлан, хүүхэд, залуусаа хохироон байж ирээдүйн асуудлуудаар хуралдах нь утга учиргүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Бид COP17-гийн зочдод шил толь болсон хурлын танхим, шийдэж чадаагүй түгжрэлээ “нуусан” хоосон гудамж харуулах албагүй. Бодлогогүй төр боловсролыг зольдог гажуудлыг энд хүргээд дуусгаж, сургуулиудын хаалгыг нээлттэй үлдээе. Ирээдүйгээ харанхуйлан байж байгаль дэлхийгээ “гэрэлтүүлнэ” гэж үгүй. Монгол хүүхэд бүрийг мэдлэг, боловсролын хоцрогдлоос чөлөөлье гэвэл эн тэргүүнд боловсролын тасралтгүй, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах нь нэн чухал билээ.
Н.Мишээл