
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа 60 улсад импортын шинэ татвар ногдуулж эхэллээ. Шинэ тарифыг энэ сарын 24-нөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнд 10-12.5 хувийн нэмэлт татвар ногдуулах юм. Тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар уг зохицуулалтыг 1974 оны Худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлд үндэслэн хэрэгжүүлж байна. Тэдний тайлбарласнаар дээрх 60 орон нь албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох бодлогыг хэрэгжүүлж, үр дүнтэй мөрдүүлж чадаагүй байна.
Тодруулбал, Албадан хөдөлмөрийн эсрэг импортын хоригийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн 17 худалдааны түншид 10 хувийн татвар ногдуулах гэнэ. Үүнд Аргентин, Бангладеш, Камбож, Канад, Эквадор, Энэтхэг, Индонез, Малайз, Мексик, Пакистан, Британи зэрэг улс багтаж байна. Харин АНУ-ын шаардлагыг хангаагүй гэж үзсэн бусад оронд 12.5 хувийн татвар ногдуулах аж. Тухайлбал, БНХАУ, Австрали, Бразил, Япон, БНСУ, Вьетнам, ОХУ зэрэг улс багтжээ. Европын холбоо, Тайвань, Япон, БНСУ, Швейцарын зарим бараанд татварын хэмжээг тухайн бүтээгдэхүүний одоо мөрдөж буй тарифын зохицуулалттай уялдуулан тооцохоор болов.
АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдээлснээр уг зохицуулалт нь тус улсын импортын нийт барааны 99.4 хувийг хамарсан 60 худалдааны түншид хамаарна. Гэхдээ зарим түүхий эд, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болон тодорхой төрлийн барааг угтатвараас чөлөөлөхөөр тусгажээ.
Шинэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан олон улсын зах зээлд бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт орох вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Ялангуяа нэмэлт татварт өртөж буй орнуудын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд энэхүү шийдвэр ихээхэн дарамт болж буй гэнэ. Мөн энэхүү шийдвэр нь АНУ-ын дотоодын хэрэглэгчдэд очих бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна.
Э.СҮЙЛЭН