Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндий манай улсын говийн бүсийн аялал жуулчлалын гол маршрут болоод байна. 2022 оноос өмнөх үед тухайн бүсэд жилд дунджаар 6000-8000 жуулчин аялдаг байсан бол сүүлийн үед 30 мянга давах болжээ. Энэ он гарснаас хойш буюу 1-7 дугаар сард гэхэд тус тусгай хамгаалалттай бүсэд жуулчны төвөөр дамжин 14 200 орчим хүн нэвтэрчээ. Үүний 30 орчим хувь нь солонгосчууд бол 11 хувийг нь америкчууд, есөн хувийг нь монголчууд эзэлж байна. Эдгээрийн дараа герман, франц, австрали, япон жуулчид тоогоороо эрэмбэлэгджээ.
Баянзагийг зорих жуулчны тоо ийнхүү эрс өссөн нь Өмнөговь аймаг тухайн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, соёлын өвийн менежментийн дагуу тохижуулсантай холбоотой. Дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны өлгий, Ази, Европыг холбосон Цайны замын уулзвар гэгддэг энэ газрын хамгаалалт, аялал жуулчлалын үйлчилгээ, мэдээллийн төвийн үйл ажиллагаа, менежментийг Булган сумын иргэдийн “Баянзаг-Улалзах цонж” төрийн бус байгууллага хариуцаж байна.