Их хотын дуу чимээ, орчны тоосжилт, авто замын түгжрэл, ажил, амьдралын завгүй хэмнэл гээд биднийг алхам тутамд стресс, уур бухимдал “отож” байдаг. Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн “Шастинчууд зөвлөж байна” булангаараа стресс тайлах энгийн, үр дүнтэй аргуудыг зөвлөлөө. Тус эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн “Стресс, бухимдал нь ажлын бүтээжмийг бууруулахаас гадна жин нэмэх, зүрх, судасны өвчлөл үүсгэх гол шалтгаан болдог. Иймд стрессийг заавал тайлж, эрүүл мэндээ хамгаалаарай” гэсэн юм.
Түүний зөвлөснөөр байгальд цаг зарцуулах нь уур бухимдлыг багасгаж, сэтгэл санааг сэргээдэг байна. Мөн хангалттай ус ууж, нойроо авах нь байдаг л зөвлөгөө мэт санагдавч жижигхэн зүйл ч биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн амьсгалын дасгалын 4-7-8 гэсэн техникийг сураад авахад илүүдэхгүй. Дөрвөн секунд амьсгал авч, долоо секунд бариад, найман секундэд удаанаар гаргаарай. Таныг сайн гэгч нь тайвшруулах болно.
Эцэст нь “дижитал мацаг” барихыг зөвлөв. Мэдээллийн хэт их урсгал, сошиал хэрэглээ нь хүний тархи оюуныг маш их ядраадаг гэнэ. Иймд өдөр бүр өөртөө “дижитал мацаг” барих цаг гаргаж, үүнийгээ хэвшүүлэн, хугацааг нь аажмаар уртасгахыг санал болгов.