
“Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж буй ширээний теннисний дэлхийн чансаа тогтоох залуучууд, насанд хүрэгчдийн “World table tennis feeder Ulaanbaatar 2026” тэмцээнд манай улсын шигшээ багийнхан дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдээс М.Тэмүүлэн хагас шигшээд БНСУ-ын тамирчин Ли Хёнхог 3:1-ээр буулган авч, финалын шатанд шалгарав . Хэрэв тэрбээр аваргын төлөө тоглож түрүүлбэл Олон улсын ширээний теннисний холбооны дэлхийн чансааны оноо цуглуулж , өмнөх амжилтаа ахиулах боломжтой юм. Эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ Энэтхэгийн тоглогч Женнифер Варгезег 3:2-оор хожиж, мөн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тус тэмцээний өсвөр үеийнхний тоглолт энэ сарын 14-17-нд болоход манай улсын тамирчдаас 15 хүртэлх насныхны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн 6д ангийн сурагч Э.Бат-Аригун эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг наймд шалгарч, холимог хос төрөлд Э.Аялгуутай хамтран тоглож III байр эзлэн цом гардсан. Үүнээс өмнө Э.Аялгуу Косово улсын Приштина хотод өнгөрсөн жил зохион байгуулсан “Дэлхийн цом” -ын тэмцээнд улсаа төлөөлөн оролцохдоо 11 хүртэлх насныхны ангилалд түрүүлсэн бол 13 хүртэлх насныхны ангилалд мөн ур чадвараа сорьж хүрэл медаль хүртэж байв.