
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Япон Улсын “Кисо жибан консалтантс” компанитай ул хөрсний хөлдөлт, овоолт, цэвдэг, үерийн эрсдэлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. SAR зэрэг зайнаас тандан судлах дэвшилт технологи ашиглан мэргэжлийн түвшинд эрсдэлийн үнэлгээ хийдэг гадаадын компанитай хамтарснаар гамшгийн аюулын зураг гаргаж, үүний дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэнэ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Кисо жибан консалтантс” компанийн төлөөллүүд Газар зүй, геоэкологийн хүрээлэнд ажиллаж, Монгол орны цэвдэг, үерийн судалгааны өнөөгийн байдал, үнэлгээ, тооцооллуудтай танилцаж буй аж. Талууд энэ чиглэлийн судалгаагаа ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд сансраас болон зайнаас тандан судлах технологи нутагшуулах, гамшгийн аюулын зураг боловсруулах, шинжлэх ухаан, инновацад суурилсан эрдэм шинжилгээний ажлуудыг давхар хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Н.ДҮҮЛ