
Энэ жил зуны улирал “чанга” эхэлж, хэт халалтын нөлөөгөөрэрүүл мэндийн асуудлаас шалтгаалан Европын 12 хотод 14 000 гаруй хүн нас барсан талаар Европын хэвлэлүүд мэдээлжээ. Европын хяналтын систем (EuroMOMO) болон мэргэжилтнүүдийн тооцооллоор нас барагсдын 9000 гаруй нь 65-аас дээш насныхан. Үүнээс 5000 гаруй нь Германд бүртгэгдсэн бол элтоо Францад 2700 давжээ. Өнгөрсөн сард агаарын температур цельсийн 40 градус давсан бөгөөд мэргэжилтнүүдийн онцолсноор энэ сарын эхээр хэсэг “намжсан” халалт эргэн ирэв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос хэт халалтын удаах давлагаа эхэлсэн. Баруун Европын Герман, Испани, Франц зэрэг оронд агаарын температур 38-40 хэмдавсан өдрүүд үргэлжилж байна.
“ШАНДАС” СОРЬСОН ҮЗЭГДЭЛ
Байгаль эхийн “шалгалт”-ын улмаас хотуудын дэд бүтцэд асуудал үүсээд буй. Европын Холбооны мэдээлснээр хэт халалтын эхний давлагааны үеэр төмөр замын хэв гажиж, авто замуудын хучилга болон гадаргуу эвдэрч, хайлж, бутарснаас гадна гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглээ гэхчлэн дохиоллын систем бүхэлдээ “ажилгүйдэлд” шилжжээ. Тиймээс зарим систем, стандартаа шинэчлэхэд хүрчээ. Тус холбооны мэргэжилтнүүд хиймэл оюун ашиглан дэд бүтцийн эвдрэлийг эрт илрүүлэх систем нэвтрүүлэхийн зэрэгцээ өндөр температурт тэсвэртэй материалын хэрэглээг өргөжүүлэхээр шийдвэрлэн, нэвтрүүлж эхлээд байна. Түүнчлэн байгалийн хамгаалалт буюу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөн хүрээнд сүүдрэвч, саравч суурилуулах, хүн амын нягтаршил ихтэй хэсгүүдэд усан цогцолборбайгуулах зэргээр төрөл бүрээр байгалийн гамшгийг даван туулахаар ажиллаж байгаа аж. Европ тивийн хотуудад өдгөөөндөр температурыг тэсвэрлэх чадвартай асфальтан замууд тавьж, төмөр замын унтраалгад автомат хөргөлтийн систем суурилуулж эхэлжээ. Үүнээс гадна барилга, байгууламжийн норм, дүрмийг шинэчилж, дээврийн шинэ стандарт нэвтрүүлэх, агааржуулалтын системийг шинэчилж байгааг мэдээлэв. Ер нь тус тивийн хувьд дэлхийн бусад хэсгээс хоёр дахин хурдан дулаарч буйг мэргэжилтнүүд сануулсаар ирсэн бөгөөд зөвхөн халуун гэлтгүй байгалийн олон гамшгийн үед тухайлбал аадар, үер, цас зуднаарчийгийг хадгалах “хөвөн хот” (sponge city) гэсэн ойлголт ч бий болжээ. Мөн эргийн бүсүүдийг бэхжүүлж далан барих, шинэчлэх, далайн түвшний өсөлтөөс хамгаалахын тулд хясаан хад, мангро ой бий болгох байгалийн шийдлүүдэд анхаарч байна.
Европын Байгаль орчны агентлаг болон ДЭМБ Засгийн газруудыг зорилтот арга хэмжээнээс урт хугацааны, цогц төлөвлөгөөнд шилжихийг уриалав. ДЭМБ “Европ шинэ бодит байдалд бэлтгэх хэрэгтэй. Тус тивийн нутаг дэвсгэр дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдан дулаарч буй. Хэт халуун орчин ньнийтийн эрүүл мэндэд ноцтой аюул болж байна” хэмээн анхааруулж, шинэ зөвлөмж боловсруулснаа танилцуулжээ. Энэхүү зөвлөмжид зааснаар Засгийн газрууд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд онцгой анхаарах учиртай. Энэ дагуу Румын улсын Бухуши эмнэлэг жишиг болоод буй аж. Наранд цохиулсан хүмүүст зориулсан хөргөлтийн тусгай систем бүхий өрөөбий болгож, эмнэлгийн ажилтнуудыг халууны стрессийн шинж тэмдгийг эрт илрүүлэх сургалтад хамруулсан тус эмнэлгийг ДЭМБ онцлон дурдав.
Мөн хэт халалтын үеийн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөбуюу иргэдэд эрт сэрэмжлүүлэх, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ зэрэг Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээг нэгтгэхэд Британи онц ажиллаж байгааг тэмдэглэжээ. Өнгөрсөн тавдугаар сард тус улсад агаарын температур Фаренгейтийн 97.1 хэм буюу цельсийн 35.1 градус хүрэхэд мэргэжлийн байгууллагууд нь халууны сэрэмжлүүлэг гаргажээ. Зургадугаар сард британичууд 38 градустай “байлдсан” бөгөөд байгалийн гамшгийг харьцангуй хохирол багатай давж байгаа аж.
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЙЛБАР
Европыг нөмөрсөн хэт халалт халуун агаарыг барьдаг омега үүлнээс үүдэлтэй талаар “Ройтерс” агентлаг мэргэжилтнүүдийн тайлбарт тулгуурлан мэдээлжээ. Омега үүл, омега блок ч хэмээдэг үзэгдэл нь циклонуудын хөдөлгөөнийг хааж, зарим газарт удаан хугацааны дулаан, ган гачиг, зарим хэсэгт үргэлжилсэн бороо, эсвэл хүйтэн нөхцөл байдал үүсгэдэг. Энэ үзэгдэл нь тодорхой бүс нутгийн агаар мандалд антициклон “хатуурах” үед тохиолддог. Тодруулбал, агаарын массын ердийн шилжилтийг бүрэн зогсоож, цаг агаарын нөхцөл байдал хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш өөрчлөгдөхгүй хэвээр байхад хүргэдэг. Үр дагаварт нь хуурай, халуун агаар өндөр даралтын доор “суурьшиж”, ихэвчлэн ган гачиг үүсгэнэ. Эл “гогцооны” ирмэг дагуу нам даралтын бүсэд бороо хүчтэй орж, огцом хүйтэрдэг.
Одоогийн байдлаар Европт дээд “амжилт” тогтоосон халууны давлагааны үеэр Франц, Испани, Герман, Британи зэрэг бүс нутагт агаарын температур 45 хэмдавсан. Цаг уурчид үүнийг дэлхийн дулаарал болон Эль-Ниньогийн нөлөөтэй холбон тайлбарлаж байна. Мөн халуунаар шарж байгаа нь зөвхөн нарны “буруу” биш, антициклон болон тус бүс нутгийн байршил, хотгор байдал их нөлөөлсөн гэж тайлбарлажээ. “Дэлхий дээрх бүх зүйл хоорондоо нягт холбоотой тул үүнийг судлах шаардлагатай. Магадгүй үүнд бидний мэдэхгүй, нээж илрүүлээгүй сансрын биетүүд ч нөлөөлж байхыг үгүйсгэхгүй” гэсэн байр суурьтай судлаач цөөнгүй байна. Францын цаг уур судлаач Кристоф Кассу “Энэ зуны сүүлээр Европт дахин нэг халуун давлагаа тохиолдож, 50 хэмхүртэл халах магадлалтай” гэж таамаглав.
ДЭМБ-ын Европын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн төвөөс Хэт халуунтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөболовсруулах шинэ удирдамжаа ч танилцуулсан байна. Найман гол чиглэлтэй эл бичиг баримтад энгийн зөвлөгөөнүүд ч багтжээ. Жишээ нь, илүү их ус уух, хамгийн их халах цагаар гарахаас зайлсхийх, сүүдэрлэх, ахмад настнууд болон хөршүүдтэйгээ холбоотой байж биенээ тогтмол шалгах гэх мэт. Хүн ёсны хүнлэг харилцааны үр дүнд байгалийн гамшгийн эрсдэлийг бага боловч “дарах” боломжтой гэж үзжээ.
Ийнхүү олон улсын байгууллагууд олон талт шийдвэр, зөвлөмжүүдээ танилцуулж байгаа нь ирэх өдрүүдэд Европ тив дахин хүчтэй антициклоны нөлөөнд орохтой холбоотой.
Олон улсын цаг уурчдын мэдээлснээр энэ удаа буюу хэт халалтын гурав дахь давлагаанд Испани, Португал, Франц хамгийн их өртөнө. Өнгөрсөн даваа гарагт Европын томоохон хэвлэлүүд “Европчууд гурав дахь удаагаа хэт халууны давлагаатай тулгарч байна. Энэ удаа хамгийн хүчтэй нь” хэмээн мэдээлэв. Долоодугаар сар гарснаас хойш Европын Холбооны нутаг дэвсгэрийн 126 000 гаруй га газар шатсан бөгөөд үүний бараг 40 хувь ньИспанийнх. Тэгвэл гол, мөрний түвшин ч эрс буурч буй. Тухайлбал, Дунай гол ширгэж, түвшин нь 41 см-ээр татарсан талаар Будапешт мэдээлжээ. Энэ бол усан тээвэр, аялал жуулчлал тасалдаж байгаагийн нэгээхэн жишээ.
ХҮНИЙ НӨЛӨӨ ХЭТ ХАЛАЛТЫГ “ДАВРААЖ” БУЙ
“Гринпис”-ийн судалгаанд дурдсанаар хэт халалтад хүний хүчин зүйл ч нөлөөтэй. Тиймээс газрын тос, байгалийн хий, нүүрс олборлодог компаниудад өндөр татвар ногдуулахыг уриалж байна. Тус байгууллагын идэвхтэн Симона Аббате “Бид дэлхийн дулаарал энгийн хүмүүс, ялангуяа ажилчдад үзүүлэх нөлөөллийг онцлохыг хүссэн. Байгал сэндийчиж олборлолт хийдэг компаниуд уур амьсгалын өөрчлөлтийг “өдөөдөг” нэг хүчин зүйл. Ийм үйл ажиллагаа явуулдаг компаниудад илүү өндөр татвар ногдуулж, орлогыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, шинэ нөхцөлд дасан зохицоход ашиглахыг уриалж байна” гэжээ. НАСА-гийн Годдардын Сансрын судалгааны хүрээлэнгийн захирал Гэвин Шмидт “Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөноцтой мэдэгдэхүйц болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь хэт халах, хур тунадас элбэгших, далайн түвшин нэмэгдэх зэргээр илэрдэг. Тиймээс энэ нь зөвхөн эрдэмтдийг хамарсан асуудал биш. Хэт халалт, дулааны давлагааны уршгаар жил бүр хэдэн мянган хүний амь, эрүүл мэнд хохирдог төдийгүй эдийн засагт чхөнөөл учруулдаг. ДЭМБ-ын тооцоолсноор 2030 он гэхэд хэт халуунаас үүдэлтэй дотоодыннийтбүтээгдэхүүний нийт алдагдал Францад 240 тэрбум ам.доллар, Италид 147, Германд 131 тэрбум хүрч болзошгүй” хэмээжээ.
Халууны давлагааны улмаас сургууль, эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдах, ургац болон экологийн алдагдал нүүрлэх, тээврийн сүлжээ, цахилгаан тасалдах зэргээр өчнөөн бэрхшээл үүсдэг. Европын Ногоон хэлэлцээр болон Европын Холбооны уур амьсгалын бодлогын гол үүрэг, хариуцлагыг хүлээдэг Еврокомиссын Шударга өрсөлдөөнтэй шилжилтийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Тереза Рибера “Халууны давлагаа аймшигтай анхааруулга. Засгийн газрууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, эрдэмтэд, олон нийтийг сонсох шаардлагатайг сануулж байна” хэмээн“Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл олон орны судлаач, мэргэжилтнүүд Европ даяар халууны давлагаа ойрхон, эрчимтэй болох магадлалтай бөгөөд хүмүүсийг хамгаалахын тулд уур амьсгалын бодит байдалд яаралтай дасан зохицож, үүнийг улам дордуулахаас сэргийлэх хэрэгтэйг дахин уриаллаа. Өөрөөр хэлбэл, Олон улсын шүүхийн шийдвэрийг сануулсан хэрэг юм.
Ташрамд сануулахад, 2025 оны долоодугаар сард НҮБ-ын Олон улсын шүүх Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хууль ёсны үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Улс орнуудын хууль ёсны үүргийг албан ёсоор баталгаажуулсан эл шийдвэрийн дагуу Засгийн газрууд уур амьсгалын системийг хүлэмжийн хийгээс хамгаалах, хил дамнасан байгаль орчны гэмт хэрэг, хохирлоос урьдчилан сэргийлэх ёстой.
Э.ХАНА