
Монголын үндэсний ховор элементийн корпорац (MNREC) болон БНСУ-ын Суурь шинжлэх ухааны хүрээлэн (KBSI) хамтран Халзан бүрэгтэйн ордын ховор элементийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ зарлав. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын шинжлэх ухаан, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тохиролцсон ажлын нэг хэсэг юм.
Судалгааны хөтөлбөрийн хүрээнд Халзан бүрэгтэйн ордын насжилтыг орчин үеийн геохронологийн аргаар нарийвчлан тогтоохын зэрэгцээ хүдэржилтийн үүсэл, хөгжлийн үе шат, геохимийн онцлог, газрын ховор элементийн тархалт, баяжмалын шинж чанарыг иж бүрэн судлах юм. Ингэснээр ордын геологийн тогтоц, нөөц, эдийн засгийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох боломж бүрдэх гэнэ.
Халзан бүрэгтэй нь газрын ховор элементийн нөөцөөрөө Монголын төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татаж буй стратегийн ач холбогдолтой ордуудын нэг бөгөөд өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, батлан хамгаалах үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн чухал эх үүсвэрт тооцогддог. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү төсөл нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон улсын хөрөнгө оруулалт татах, ховор элементийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой аж. Мөн газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын талаарх бодлого, шийдвэр гаргалтад чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, боловсон хүчин бэлтгэх, технологи дамжуулах, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд тустай юм.