Зам, тээврийн яамныхны саналаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарч буй тээврийн хэрэгслээс авах хураамжийг эрс өсгөхөөр болсон. Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр гэгчээр хүмүүс баяр наадамд анхаарлаа хандуулсан үед гэнэт ийм шийдвэр гаргаж, арайхийн амьдралаа залгуулж буй ард иргэдийнхээ цалин, орлогоос их хэмжээгээр мөнгө татахаар болоод буй юм. Энэ талаар өчигдөр ЗТЯ-ныхан хэвлэлийн бага хурал хийж танилцуулахдаа “Шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000-аас 5000, ачааны машиныхыг 10 000-аас 20 0000 төгрөг болгон тогтоосон. Энэ тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана. Орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой” гэж мэдээлэв.
Суудлын автомашинаас 10 000 төгрөг авах санал оруулсныгаа багасгаж, 5000-аар тогтоосон. Засгийн газрын долоодугаар сарын 1-ний эл тогтоолыгирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх юм. Ингэж ТАЦ-ээр нэвтрэх хураамжийг 1000 төгрөгөөс эрс нэмсэн шалтгаанаа авто замын засвар, арчлалтын төсөв хүрэхгүй байгаа гэсэн шалтгаан ЗТЯ-ныхан хэлж буй. Тодруулбал, олон улс болон улсын чанартай 7956.8 км хатуу хучилттай замын засвар, арчлалтад батлагдаж буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 10-12 хувийг л хангадаг гэнэ. Мөн авто замын барилгын материал, битум, шатахууны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, авто замын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон учраас ийм арга хэмжээ авч буйгаа салбарын яамныхан тайлбарлав.
Төр, засаг авлигачдаар дүүрч, тэд нь өөрсдөө баяжаад, эгэл жирийн ард иргэдийнхээ халаасыг “ухаж” замынхаа хураамжийг бүрдүүлэн засвар хийх юм гэнэ. Авлигачдын гайг ард иргэд, татвар төлөгч жирийн иргэд үүрэх болсны илрэл энэ. Дэлхийн, Азийн хөгжлийн, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг хандивлагч, зээлдүүлэгчдээс хөрөнгө босгоод бүтээн байгуулалт хийх, төсөл хэрэгжүүлэх боломжийг эрх мэдэл бүхий авлигачид үгүй болгож, улсынхаа нэр нүүрийг хөөдсөн. Хандивлагчдын хөрөнгөөр боссон Дарханы замын бүтээн байгуулалт хэчнээн жил үргэлжилж, хэдэн хүний амийг авч одсон билээ дээ. Авлигач эрх мэдэлтнүүд тендерийг нь будилаантуулж, хахуулиар бусдад давуу байдал олгож байсны үр дүн. Энэ мэтээр авлигачдын балгийг ард иргэд төлсөөр байна. Улсаа шившигт оруулж, хандивлагчдаас зээл, тусламж авах боломж хумигдаж, замаа засаж, сайжруулах өргөтгөх хөрөнгөгүй болсныг илтгэх баримт нь ТАЦ-ээр нэвтрэх хураамж нэмэх шийдвэр ч байж болох.
Г.РАВЖАА