
БНХАУ-ын өмнөд хэсгийн арлын Хайнань муж 2030 оноос дизель хөдөлгүүртэй автомашин борлуулахыг бүрэн хориглосноор тус бүс нутаг цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээгээрээ улсдаа тэргүүлэгч болох төлөвтэй байна. Мөн гурван автомашин тутамд нэг цэнэглэх станц ногдох дэд бүтцийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдэв. Харин тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд энэ шаардлага үйлч¬ лэхгүй аж. Далайн эрэг, аялал жуулч¬ лалаараа алдартай Хайнань бензин хөдөлгүүртэй автомашиныг хориглох санаачилгаа 2019 онд анх дэвшүүлж байв. Энэ оны дөрөвдүгээр сард тус мужид худалдаалсан шинэ тээврийн хэрэгслүүдийн 75 хувь нь цахилгаан байсан нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Хайнаний газар зүйн онцлог үүнд нөлөөлсөн хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж буй. Эл бүс нутаг дулаан уур амьсгалтай учраас хүйтний улиралд батарейн хүчин чадал буурах асуудал огт гардаггүй, орчин үеийн дийлэнх цахилгаан автомашин дүүрэн цэнэгээрээ 600 км-ийг өлхөн туулах боломжтой аж. 1994 оноос хойш Хайнань муж автозамын засвар, үйлчилгээний төлбөр, хурдны замын хураамжийг шатахууны үнэд шингээдэг болж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг багагүй дэмжсэн гэдэг. Уг хэрэглээ нэмэгдсэнээр газрын тосны хэрэглээ буурч, Хятадын агаарын чанар сайжирч байгааг Финландын Хельсинки хотод байрлах Эрчим хүч, агаарын судалгааны төвөөс долоодугаар сарын 14-нд нийтэлсэн тайландаа онцолжээ.