
Европын аялал жуулчлал дэлхийн макро эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан тогтвортой өсөлтөө хадгалж, жуулчдын урсгал улам нэмэгдэж буйг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв. Аяллын болон нислэгийн захиалгын систем ханган нийлүүлэгч “Амадеус” компанитай хамтран тус байгууллагаас гаргасан “Аяллын чиг хандлага ба төлөв байдал-2026” тайланд энэ талаар дурдсан байна.
Европыг чиглэсэн зорчигч тээврийн урсгал өмнөх оны мөн үеийнхээс 2.3, зочид буудлын дүүргэлт хоёр хувиар өсжээ. Жуулчдын өсөлтийг дагаад зочид буудлын өрөөний дундаж үнэ 2025 оныхоос долоон хувиар нэмэгдэж, 215 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сард Франц улсад буудлын өрөөний дундаж үнэ 441 ам.долларт хүрсэн нь Европын зах зээл дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Жуулчдын зан төлөв болон аяллын чиглэлийг тандахад уламжлалт, хэт ачаалалтай газруудаас татгалзах хандлага давамгайлжээ. Төв болон Зүүн Европ, тэр дундаа Узбекистан, Тажикистан улсыг зорих, сонирхон судлах гадаад аялагчдын цахим систем дэх хайлт 64 хувиар нэмэгдсэн бол Швед, Швейцар, Данийнх 34-36 хувиар өссөн аж. Жуулчдын тоо нь хурдацтай нэмэгдэж буй орнуудад Чех, Исландыг багтаажээ. Европын зах зээлд ази жуулчид голлох нөлөөтэй хэвээр байна. Улсаар нь ангилбал Европыг зорих япончууд үлэмж нэмэгдсэн бөгөөд цахим системд хийсэн хайлтын үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 62, бодит захиалга 19 хувиар өсөв.
Тус бүс нутаг дахь аялал жуулчлалын гол бүлэг нь 46-65 насныхан гэнэ. Энэ насныхан нийт жуулчдын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэд өвөрмөц соёл, амьдралын бодит туршлага судлах, эрүүл мэндийн болон байгалийн аялалд илүү их мөнгө зарцуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.