
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй “Залуучуудын Ко:Лаб Монгол: Монголын залуучуудын ур чадвар, оролцоо, нийгмийн энтрепренершипийг дэмжих нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран оюутан, залуу судлаач нарын дунд Талуудын бага хурлын (COP) загвар хуралдааныг ирэх наймдугаар сарын 12-нд зохион байгуулах гэж байна.
Загвар хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон бэлчээрийн доройтол, байгалийн нөхөн сэргээлт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн талаар оюутан, залуучуудын мэдлэгийг бэхжүүлэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD), олон улсын хэлэлцээр хийх, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой нэгдсэн арга хэмжээ юм. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж мод тарих, залуучуудын тунхаглал боловсруулахыг зорилго болгожээ. Загвар хуралдааныг зохион байгуулах албан ёсны хэл нь монгол, англи бөгөөд бүртгэл энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Бүртгүүлсэн залуусаас 100 оролцогчийг шалгаруулах юм байна.