Монгол Улсын төмөр замыг хөгжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах явдал нь өмнөх нийгмийн салшгүй хэсэг байлаа. Тодруулбал, социализмын он жилүүдэд төмөр зам нь улсын эдийн засгийн амин сүнс, цэрэг, стратегийн онцгой бүс, ард түмний амьдралыг тэтгэгч чухал жим байсан юм. Ийм он жилүүдэд төмөр замын цагдаагаар ажиллана гэдэг жирийн нэг алба бус, төрийн нэрийн өмнөөс замын амгалан тайван байдлыг сахиулдаг хүнд бөгөөд хариуцлагатай үүрэг байсан нь дамжиггүй. Энэхүү албанд амьдралынхаа 28 жилийг зориулсан хүний нэг нь Намсрайн Содном юм. Тэрбээр 1961 онд Төв аймгийн Бүрэн сумын Ханан хэмээх газар малчин ардын гэр бүлд төрж өсжээ. Хөдөө талын салхи, монгол ахуй түүнийг эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай болгосон гэж ярьдаг. Багаасаа хөдөлгөөнтэй, сэргэлэн, хэрсүү хүү байсан төдийгүй сургуулийнхаа онц сурлагатан хүүхдүүдийн тоонд орж, “Таван онцын эзэн” хэмээх сонинд хүртэл нийтлэгдсэн нь тухайн цаг үеийнх нь бас нэгэн бахархал нь байжээ. Улмаар бөхийн спортод дурлаж, бага залуудаа барилддаг байсан ч хувь тавилан нь түүнийг өөр зам руу хөтөлсөн гэв. Тэрбээр “Цэргийн алба хаах хугацаандаа барилдаж байгаад гэмтэл авсан нь намайг бөхийн дэвжээнээс холдуулсан ч цагдаагийн албанд хөтөлсөн ачтай” хэмээн дурссан.
ДАЙЧИН ААВ, ДАРУУХАН ЭЭЖИЙН ХҮҮ
Содномын аав Намсрай нь эх орныхоо төлөө хоёр ч түүхэн дайнд тулалдаж явсан эрэлхэг хүн байжээ. 1939 оны Халх голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа үл хайрлан тулалдсан гавьяатан. “Аав минь дайнаас хүнд шархтай ирсэн ч Нэгдэл байгуулах ажилд гар бие оролцон, багийн дарга, малчин суурийн ахлагчаар ажиллан, насаараа хөдөлмөрлөсөн дөө. Харин ээж Т.Дулам зүгээр ч нэг саальчин, малчин эмэгтэй байгаагүй. Ээж минь гурван хүүхэд төрүүлж, өсгөхийн сацуу аймгийн Ардын депутатаар удаа дараа сонгогдон, улсын сайн малчдын зөвлөгөөнд хэдэнтээ оролцож, хүндэт иргэн хүртэл болж байлаа” хэмээн аав, ээжээ дурсав. Учир нь гэр бүлийнх нь эл хүмүүжил төлөвшил, эх оронч үзэл, шударга зан, хөдөлмөрч чанар нь түүнд “сууж”, хожмын цагдаагийн албаны замналд нь тод мөрөө үлдээжээ. Төмөр замын цагдаагаас ахлах ахлагч цолтой тэтгэвэртээ суусан тэрбээр 1979 онд хугацаат цэргийн албанд мордож, Улаанбаатар-Зүүнбаян АА/131 дүгээр ангид гурван жил алба хаасан аж. Улмаар 1982 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар (УЦСЕГ)-ын “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс (НАХХ)-ийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр томилогдон, энэ албанд анх хөл тавьсан түүхтэй. Тухайн үеийн төмөр замын цагдан сэргийлэх газар ердөө 48 хүний бүрэлдэхүүнтэй байсан ч улсын хамгийн урт, чухал шугамын аюулгүй байдлыг хариуцдаг байв. Суудлын галт тэргэнд найман сэргийлэгч үүрэг гүйцэтгэнэ. Тэр үед вокзал болон төмөр замын аж ахуй нэгжүүдэд эргүүл хийх, хатуу тооцоот багажийн үзлэг, галт зэвсгийн бүртгэл, өртөө, зөрлөгт тусгай галт тэрэг хамгаалах, гүүр хоолой шалгах, зорчигчдын болон иргэдийн бичиг баримт шалгах, хэв журам сахиулах, төмөр замын баярын хамгаалалтад зохицуулалт хийх зэргээр тэдний ажил өдөр, шөнөгүй хөвөрнө. Н.Содномыг анх ахлах дэслэгч, улсын начин Солоонийн жижүүрийн туслахаар ажиллаж байх үед НАХХ-ийн дарга нь хурандаа Дорж, Цагдан сэргийлэх ангийн дарга нь дэд хурандаа Бямбажав, боловсон хүчин Батхүү, Урьдчилан сэргийлэх албаны дарга Шархүү, Цэрэн, төлөөлөгч, генерал М.Ганболд, Н.Ганболд, Баярхүү, мөрдөн байцаагч Хандаа, Шарав, жижүүрийн ахлах Нямжав, Бумцэнд, алтан үеийн сэргийлэгч Бямбаасүрэн, Базар, Лхасүрэн, Чулуунбат, Чулуун нар мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байжээ. 1983 оны дөрөвдүгээр сараас буюу ажлын анхны он жилүүддээ шуудан, бичиг баримт хүргэхээс эхлээд вокзалын эргүүлд гарч, вагон дамжин явдаг байсан аж. Тэр үед хамт олон дунд нь түүнийг сайнаар “мөнхөлсөн” хөгтэй нэгэн үйл явдал тохиолджээ. Тэрбээр энэ тухайгаа “Шагдарсүрэн 263 дугаар галт тэргээр явах тухайгаа жижүүрт байсан надад мэдэгдээд, вокзал руу явав. Удалгүй утас дугарахаар нь автал “Хурандаа Дорж байна” гэх нь тэр. Шинэхэн ажилтан Н.Содном би яаж мэдэх вэ, Шагдарсүрэнг л надаар тоглож байна гэж бодоод “Яасан буурьтай хурандаа вэ” гээд цаашлуулчихав. Учир нь хэлтсийн дарга, хурандаа Дорж утсаар холбогдохдоо албан тушаалаа ер хэлэхгүй, “Дорж” л гэдэг байсан юм. Тэгсэн чинь “Ахлахтайгаа яриул” гээд бузгай уурлалаа. Аргагүй шүү дээ, манай Дорж хурандаа ч биш, УЦСЕГ-ын Штабын дарга, хурандаа Дорж байж таарахгүй юу. Ахлах Солоони ч утсаа аваад “Мэдлээ” гэж ёслоод, вокзал руу дуудагдаж зэмлүүлсэн удаатай. Ангидаа эргэж ирээд надад жигтэйхэн уурлаж байгаад унтаад өгөв. Гэтэл ахлах шөнө дунд сэрээд “Буурьтай хурандаа ч байхдаа яах вэ дээ” хэмээн хөхөрч билээ. Энэ явдлаас хойш Н.Содном миний бие “Буурьтай хурандаа” хочтой болсон юм даа” хэмээн ярив.
“Буурьтай хурандаа” УЛААН ГУТЛЫН МӨРӨӨР 1
980-аад оны Монголын төмөр зам бол гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг орчны нэг байв. Суудлын галт тэргэнд архидалт, зодоон, хулгай их гарахаас гадна наймаачдын дунд мөнхийн хэрүүл маргаантай. Замын-Үүд чиглэлд бүр ч хэцүү байсан гэнэ. Хилийн боомтын хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хууль бус наймаа, дээрэм ч тасардаггүй байж. Тэрхүү ээдрээтэй цаг үед Н.Содномын анхны “том” хэрэг нь нэгэн эмэгтэйн хулгайлагдсан гутлыг эзэнд нь олж өгөх байлаа. Сэлэнгэ-УБ чиглэлийн 264 дүгээр галт тэрэг шөнө Зүүнхараагаас хөдлөх үед тэр эмэ㬬тэй тухайн үеийн ханшаар 510 төгрөгийн үнэтэй улаан гутлаа нийтийн вагоны есдүгээр тасалгааны голд тайлаад тавьсныг харсан даруйдаа тэрбээр “Гутал, ачаа тээшээ хямгадаарай” гэж сануулаад явжээ. Гэтэл өглөө нь галт тэрэг Улаанбаатарт зогсоход нөгөө эмэгтэй “Үнэтэй гутлаа хулгайд алдчихлаа” гээд гомдол гаргах нь тэр. Энэ тухай хэв журмын ахлах хошууч Шархүү, Цэрэн нарт танилцуулахад “Буцаж яваад олж ир” гэсэн үүрэг өгчээ. Ингээд Н.Содном тухайн өглөөнийхөө суудлаар буцаад УБ-Сэлэнгэ чиглэлд, улаан гутлын эрэлд гарсан аж. Удалгүй 253 дугаар зөрлөгийн өртөөний араас үүргэвч үүрсэн, сэжигтэй байрын нэгэн залуу галт тэргэнд суухаар нь очоод шалгатал өнөөх алдагдсан гутал нь ч гараад ирж. Бөөн баяр, буцаж очоод хариуцсан байцаагч нарт гутлаа шилжүүлж, зорчигчийн хохирлыг барагдуулжээ. Тухайн үеийн 510 төгрөг гэдэг жирийн иргэний хэдэн сарын цалинтай дүйх хэмжээний мөнгө байсныг тэрбээр онцолсон. 1984 онд түүнийг Замын-Үүдэд томилсноор шандсыг нь жинхэнэ шавхсан гэдэг. Яг тэр үед Батсайхан гэгч этгээд согтуудаа Замын-Үүдээс “Самосвал ЗИЛ-130” маркийн автомашин хулгайлаад Хятадын хил рүү зугтаасан хэрэг гарчээ. Ядаж байхад Замын-Үүдийн вокзал ганцхан сэргийлэгчтэй, хэрэг гарах үед өнөөх нь ажлын байран дээрээ ч байгаагүй юм билээ. Үүнээсээ болж халагдаж, оронд нь Н.Содном ажил сайжруулахаар болж, 1984 оны наймдугаар сарын 24-нд хугацаанаасаа өмнө ахлагч цолоор шагнуулан, Замын-Үүдийн өртөө зангилааны сэргийлэгчээр С.Алтангэрэлийн хамт томилогджээ.
ХИЛИЙН ӨРТӨӨНД ТОГТООСОН ШИНЭ ДЭГ
Тухайн үеийн Замын-Үүд өнөөгийнх шиг хөгжсөн суурин бус, хүнс ховор, архидалт ихтэй хил орчмын зангилаа байжээ. Ганцхан дэлгүүртэй, тэр нь бараг архиар л орлого олно. Төв рүү хэв журмын ахлах Цэрэн, Шархүү хоёрт орон нутгийн энэхүү нөхцөл байдлыг танилцуулахад “Дэлгүүрт тооллого хий” гэсэн үүрэг өгчээ. Үүний дагуу Алтангэрэлийн хамт хийсэн шалгалтаар дэлгүүрт 1500 литр архи нөөцөлсөн байсныг илрүүлж, орон нутгийн удирдлагуудтай хамтран архины нийлүүлэлтийг хязгаарлах шийдвэр гаргуулж дөнгөжээ. Ингэхдээ Ардын депатутын хурлын захиргааны дарга, зангилааны Намын болон Үйлдвэрчний хорооны дарга нараар “Дахин Улаанбаатараас архи, согтууруулах ундаа авахгүй, хүнсний нэр, төрлийг олшруулах” шийдвэр гаргуулсан аж. Түүгээр ч зогсохгүй согтууруулах ундаатай холбоотой хэрэг их гардаг тул зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нэг өрхөд сардаа хоёр шил архи олгох норм тогтоож, талон нэвтрүүлсэн нь тухайн үедээ л тун зоримог, ирээдүйтэй шийдвэр байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэдний санаачлан эхлүүлсэн эдгээр ажилд хүч нэмж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга Цэцэгмаа, гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Мөнхтуяа, холбооны инженер, сэргийлэгч нар хамтран “Бүсгүйчүүдийн зөвлөл” нэртэй холбоо байгуулан, Ардын Их Хурлын тэргүүлэгчийн 120, 126 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цөөнгүй арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар хэрэг, зөрчил гаргасан, архи ууж согтуурсан хүмүүсийг дээрх зөвлөлөөр оруулан, албадан эргүүлд явуулах, мөнгөн торгууль ногдуулах зэргээр арга хэмжээ авдаг болжээ. Үүний үр дүнд гэмт хэрэг ч тодорхой хэмжээнд буурсан байна. Тухайн үед “Бүсгүйчүүдийн зөвлөлөөр орвол үсийг нь хусдаг” гэх яриа гарч, олон нийт ч эмээдэг байсан гэх. Төмөр замын цагдаа нар зөвхөн хулгайч барьдаг биш, өөрсдөө амь насны ирмэг дээр ажиллах үе ч олон. Хамтран ажиллаж байсан Алтангэрэл нь 1985 онд Зүүнбаян руу хуваарилагдаж, Н.Содном Замын-Үүдэд ганцаараа үүрэг гүйцэтгэх болов. Тухайн оны намар “Хилийн 1054 дэх км-т морин эргүүл хийдэг байсан нэгэн өвгөн бусдад хорлогдон нас барсан байна” гэх дуудлага иржээ. Хэргийн газарт бригадын дарга Бат-Очир, жолооч тэр гурвыг очиход эргүүлийн өвгөн цусандаа хутгалдчихсан, амбаарын хажууд хэдийн нас барсан байж. Тэр үед зургийн аппарат сэлт гэж байгаагүй тул хэргийн газрын ул мөрийг алдагдуулахгүйн тулд хаалгыг хааж, гар доорх материал, дээл, бүтээлэг ашиглан цус асгарсан газрыг бүтээн, чулуугаар дарж орхиод цогцсыг Замын-Үүдийн эмнэлэгт хүргэж өгчээ. Ингээд ажлын өрөөндөө орж ирээд УБТЗ дахь Цагдан сэргийлэх ангийн жижүүрт энэ тухайгаа илтгээд, шинжээчийн бүрэлдэхүүн ирэх хүртэл хэргийн газарт замын хэсгийн жолоочтой хамт хоёр хоног ул мөрийг нь хамгаалан ажиллажээ. Төвөөс шинжээчийн бүрэлдэхүүн ирээд гаднын нөлөөгүй, ахуйн хэрэг байна хэмээн дүгнэсэн аж.
ДУХНЫ УРДУУР ЗӨРСӨН СУМ
Н.Содном 1986 онд Багануур өртөө хариуцсан сэргийлэгчээр томилогдлоо. Тус өртөө нь хүн ам ихтэй, өдөр бүр суудлын галт тэрэг очдог, Орос цэргийн нэгтгэл, Монгол цэргийн хоёр ангитай, мөн л хэрэг, зөрчил ихтэй томоохон зангилаа байх нь тэр. Энэ үед монгол цэргүүд орос цэргийнхтэй адил хувцас өмсдөг. Тэдний хувцас илүү чанартай, хийц сайтай учир монгол цэргүүд малгайг нь шүүрэх явдал үе үе гардаг байж. Тэгтэл нэг удаа “Суудлын галт тэргэнд Оросын цэргийн дарга согтуурхаад байна” гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу наймдугаар купенд очоод хаалга нээтэл орос офицер “Монгол цэрэгт малгайгаа шүүрүүлсэн” хэмээн ихэд ууртай буу барьчихсан, хоёр орос цэрэг болиулахаар оролдож байсан гэнэ. Удалгүй өнөөх офицер ч “тэсэрч”, яах ийхийн зуургүй буудах үед нь галт тэрэгний сэргийлэгч Чулуун самбаачлан, бууг дороос нь дээш түлхсэний хүчинд хүний амь хохиролгүй үлджээ. “Бууны сум яг миний духны урдуур зөрж өнгөрсөн. Харин Чулууны гар шархадчихсан, цус нь гоожиж байсныг одоо ч мартагддаггүй” хэмээн хуучлав. Тэрбээр Багануур өртөөнд ажиллаж байхдаа 2.5 тонн бензин хулгайлсан томоохон хэргийг илрүүлсэн нь тухайн үеийн төмөр замын цагдаагийн байгууллагын түүхэнд тодоор бичигдэх үйл явлал болсон юм. Цасан дээр үлдсэн мөр, гараашид хоносон машин, дугуйн хээ зэргийг ажиглаж, хэрэгтнүүдийг олж тогтоожээ. Одоогийнх шиг камер, техник байгаагүй үед цагдаа нарын хамгийн том “зэвсэг” нь хараа, ой санамж, туршлага байсан гэдэг. Хэргийг тодруулбал, нэг өглөө түүнийг ажилдаа ирэхэд нь өртөөний орлогч дарга Доржготов “Цистерн вагон доогуур гарахад шатахуун үнэртэж байна, алдагдсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл өгчээ. Очиж шалгахад цасан дээр хоёр ч ачааны машины мөр харагдсан гэнэ. Өртөөний ард төмөр замын ажилчдын хоёр байр байрлана. Хэрэг гарахын өмнөх шөнө 02.00 цагийн орчимд суудлын галт тэрэг явуулаад гэртээ харихад төмөр замын ажилчдын байрны гадаа жолооч М-ийн “Газ-53” автомашин зогсож байжээ. Төмөр замын машин өдийд байгууллагын гараашид байх ёстой атал яагаад айлын гадаа хоносон нь түүнд сэжигтэй санагдаж л дээ. Өглөө нь төмөр замын хэсгийн гараашид очиж шалгахад тухайн машины банк дүүрэн бензинтэй, ачаан дээрээ 100 литрийн сав дүүрэн шатахуунтай, дугуйнд нь ч цас наалдсан байж. Уг машины эзэн хулгайд оролцсон нь ийнхүү тодорхой болох нь тэр. Нөгөө машин нь давхар дугуйтай, гадна талынх нь хээ арилсан буюу “халзан” байсныг тэрбээр анзаарчээ. Өртөөний эсрэг талд байрлах авто бааз руу очиж лавлахад жолооч Б нь автобусаа шөнийн 02.00-03.00 цагийн хооронд авч гарсан нь тогтоогджээ. Тухайн автобус бааздаа байгаагүй учир чиглэлийнх нь дагуу буудал дээр ажиглалт хийгээд зогсож байтал яг тухайн хээ бүхий дугуйтай ЛИАЗ автобус ирсэн байна. Жолоочтой нь уулзахад “Өглөө Б-гээс ээлж хүлээж авсан” гээд өөр хүн шугамд явж байсан аж. Тухайн жолоочийг авч яваад Б-гийн гэрт очиж, байцаалт авахад Б нь Д болон М нартай хамтран 2.5 тонн орчим бензин хулгайлсан нь тодорхой болов. Иргэн Д-гийн гэрээс 12 ширхэг 200 литрийн поошигтой шатахуун ч илрүүлжээ. Ингээд сэжигтнүүдийг Багануурын цагдаагийн байгууллагад саатуулан, Улаанбаатар хот дахь төмөр замын цагдаад мэдэгдэн, хууль ёсны дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авхуулсан байна.
ГАЛТ ТЭРЭГНИЙ “МАНААЧ”
Төмөр замын зангилааны цагдаагийн хэлтэст төлөөлөгч байхгүй учир сэргийлэгч нар бие даан хэрэг илрүүлдэг байжээ. Суудлын галт тэргэнд нэгэн удаа үйлчлэгчийн биед халдсан этгээдийг Н.Содном барьж, анхны гараандаа явж буй дагалдан цагдаад хариуцуултал өнөөх нь вокзал дээр буух үедээ хэрэгтнийг алдчихаж. Анх түүнийг барихдаа овог, нэрийг нь асууснаа марталгүй санаж байсан тул иргэний бүртгэл, мэдээллээс шүүлгээд хаягийг нь олж тогтоон, хэрэгтнийг барьснаа дурсан ярилаа. 1992 онд Цагдан сэргийлэх байгууллага Цагдаагийн газар болон шинэчлэгдэн, нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж эхлэхэд тэрбээр Улаанбаатар хотод шилжин иржээ. Зах зээлийн шилжилтийн хүнд жилүүдэд вокзал орчмын гэмт хэрэг эрс өсөж, орон гэргүй хүмүүс, хууль бус наймаачид, танхай этгээдүүд ч ид олширсон байна. Тухайн үед Н.Содном салаан захирагчийн орлогчоос гадна эрүүлжүүлэх байр байгуулагдахад анхны цагдаа нарынх нь нэг болж, суудлын галт тэргэнд ч хэв журам сахиулах болжээ. Тэтгэвэрт гарах хүртлээ УБТЗ дахь цагдаагийн хэлтэст ажиллахдаа байгууллага, хамт олноо ажил үйлсээрээ удаа дараа манлайлан, 1986, 1999, 2001 онд гурван ч удаа “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч байсан аж. Ажил, үүргээ сайн гүйцэтгэсэн тул баярын бичиг, диплом, талархлын хуудас, үнэ бүхий зүйлс, цалингийн урамшууллаар ч тасраагүй. Гэхдээ түүний амьдралын хамгийн том бахархал нь шагнал, урамшуулал биш, 28 жилийн турш тангарагтаа үнэнч зүтгэсэн нь юм. Мянга мянган хүний аюулгүй байдлын төлөө галт тэрэгний “манаач” хийж, өртөө бүрд өдөр, шөнөгүй эргүүлд гаран, цасан шуурганд ч хэргийн мөр хамгаалан, хил дээрх эмх замбараагүй байдлыг цэгцэлж явжээ, тэр. Түүний энэхүү намтар зөвхөн нэг цагдаагийнх бус, Монголын төмөр замын цагдаагийн байгууллагын нэгэн үеийн дүр зураг, социализмын төгсгөлөөс ардчиллын эхэн үе хүртэлх нийгмийн амьдралын гэрч, төрийн албанд бүх насаа зориулсан эгэл жирийн иргэний үнэн түүх билээ.