Дэлхийн хамгийн олон орныг дайран урсдаг Дунай мөрөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган гачиг, хэт халалтын нөлөөгөөр зарим газарт урсгал нь эрс татарч, усны түвшин нь урьд байгаагүйгээр багассаныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал,, тус мөрний олон жилийн дундаж урсац секундэд 2400 шоо метр байдаг бол өдгөө 850 шоо метр хүртлээ багассан гэнэ. Усны урсац нь гурав дахин багассан гэсэн үг. Энэ нь сүүлийн 30 жилийн үнэмлэхүй бага үзүүлэлт аж.
Дунай бол Төв болон Зүүн Европын соёл, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа, тээврийн зангилаа бөгөөд дөрвөн улсын нийслэл, 10 орны нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг, хэмжээгээрээ бүс нутагтаа хоёрт эрэмбэлэгддэг манай гаргийн томоохон мөрөн юм. Энэ үүднээсээ усны түвшин багассанаас болж бүс нутгийн тээвэр, аялал жуулчлал, худалдааны салбарт томоохон хүндрэл, шууд хохирол учирч эхэлсэн байна.
Румын, Болгарын хил орчимд үр тариа тээвэрлэдэг хөлөг онгоцнууд болон гатлага онгоцны хөдөлгөөн бүрэн зогсжээ. Унгарын Будапешт, Германы Пассау, Регенсбург орчмын Дунайн урсгал хэт гүехэн болсноос круиз буюу аяллын хөлөг онгоцнууд маршрутаа өөрчлөх, замын дундаас буцахад хүрээд буй гэнэ. Серби, Хорватын нутаг дэвсгэрт тус мөрний ус эрс татарснаар дэлхийн II дайны үед живсэн Германы байлдааны хөлөг болон ачааны онгоцны үлдэгдлүүд ёроолоос ил гарчээ.
“Reuturs” агентлаг “Дунай мөрний дээд урсгал бүхий улсуудад ойрын өдрүүдэд аадар бороо орж эхэлснээр усны түвшин бага багаар эргэн нэмэгдэх төлөвтэй ч уур амьсгалын огцомөөрчлөлтөөс шалтгаалж Европ даяар ийм ган гачиг, үерийн давтамж ихсэх эрсдэлтэйг усны агентлагууд анхааруулж байна” гэв.
Н.МИШЭЭЛ