
Зах зээлийнхээс хэт хямд үнээр аяллын үйлчилгээ санал болгож буй компани, хувь хүмүүст хууртахгүй байхыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд анхаарууллаа. Аяллын нэр бүхий компани, хувь хүмүүс гадаад орнууд руу хямд зардал, төлбөрийн уян хатан нөхцөлөөр аялуулна хэмээн иргэдээс урьдчилгаа мөнгө авч, хохироох явдал сүүлийн үед түгээмэл гарах болжээ. Ялангуяа Өмнөд хөршийн хотууд руу бүлэг жуулчин аялуулахаар урьдчилгаа авсан зарим компани тээврийн болон буудлын төлбөрийг нь дутуу төлөх, хөтөч, тайлбарлагчгүй явуулах, хөтөлбөрт тусгасан аяллын маршрутаа өөрчлөх, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхгүй байх, нэмэлт зардал гаргуулах зэргээр иргэдийг хохироох нь элбэгшжээ. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын Датонг хот руу бүлэг жуулчин аялуулсан “Мандала турс” хэмээх компани ийм хэрэгт холбогдоод буй аж.
Ийм эрсдэлд орохгүйн тулд иргэд аяллын үйлчилгээ авахдаа тухайн компани хуулийн этгээдийн албан ёсны бүртгэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, эсэхийг сайтар нягталж, өмнөх аялагчдын бодит сэтгэгдэл, үнэлгээг судлах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн аяллын гэрээгээ бүрэн уншиж танилцах, даатгал, нислэгийн тийз, зочид буудлын баталгаажуулалтаа урьдчилан шалгах, төлбөрөө хувь хүний бус, байгууллагын дансанд шилжүүлэх зэргээр эрсдэлээс сэргийлэх боломжтойг санууллаа.
Н.МИШЭЭЛ