
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор болгон шинэчилсэн билээ. Тэгвэл тус талбайг жуулчдын сонирхлыг татахын зэрэгцээ залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэн үндэсний онцлог бүхий худалдаа, үйлчилгээний төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж буйг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.
Тодруулбал, шинэ “Урт цагаан”-д 22-33 ам метрийн хэмжээтэй нийт 16 павильон ажиллуулах бөгөөд уламжлалтбэлэг дурсгал, үнэт эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах, үндэсний болон гудамжны хоолны үйлчилгээ эрхлэх боломжтой аж. Нийслэлийн өмчийн журмын дагуу худалдааны зориулалттай талбайн нэг ам метрийн түрээсийг 160 мянган төгрөгөөр тогтоосон байна. Энэ талаар тэрбээр “Жуулчид Монголд ирээд үндэсний болон гудамжны хоол хайхад олдохгүй байх нь түгээмэл. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээний төвлөрлийг бий болгож, үндэсний онцлог шингээсэн гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах цэгүүдийг байгуулна. Ингэснээр гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ нийслэлийн залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ” гэв.
Тус объект нь нийслэлийн өмч боловч газрын татвар, дулаан, цахилгаан, ус, амгаалалт, цэвэрлэгээ зэрэг урсгал зардлыг түрээсийн орлогоор бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Харин хуучин “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчдийг шинэ цогцолборт шууд шилжүүлэхгүй аж. Тэдэнд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай шинэ барилгыг Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог орчимд барьж байгаа юм.