“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани цахилгаан дамжуулах кабель шугамын ачаалал даах чадвар, гэмтлийн магадлалыг тодорхойлох оношлогооны орчин үеийн дэвшилт техник, технологи нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Нийслэл хот болон Төв аймгийн 16 сумын иргэдэд цахилгаан түгээх үйлчилгээ үзүүлдэг тус компанийн ашиглалтад 6-35 кВ-ын 1590.6 км кабель шугам харьяалагддаг бөгөөд олонх нь насжилт өндөр, ачаалал ихтэй. Манай орны эрс тэс уур амьсгалтай цаг агаарын онцлогоос шалтгаалан улирал солигдох үед хөрсний хөдөлгөөн их явагддагаас кабель шугамууд гэмтэх нь олширч, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах тохиолдлын тоо буурахгүй байна.
Кабель шугамын гэмтлээс сэргийлэх, дээрх шалтгааны улмаас үүсч буй тасралт саатлыг бууруулах зорилгоор тус компани иж бүрэн тоноглосон кабелийн оношлогоо хийх орчин үеийн явуулын лабораторийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр инженер техникийн ажилтнуудаа ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийн дэргэдэх Сургалт, судалгааны төвд тусгай хөтөлбөрийн дагуу сургаж, мэргэшүүлээд байгаа аж. Оношилгоог явуулын лаборатори ашиглан кабелийн тусгаарлагын дулааны хуучралын алдагдлын өнцөг стандарт хэмжээнээс их байгааг тодорхойлох зарчмаар хийх ба тухайн кабелийн насжилт, ачаалал даах чадвар, гэмтэх магадлалтай цэгийг тодорхойлох гэнэ. Ингэснээр кабелийн гэмтэх магадлалтай цэгийг урьдчилан мэдэж, ачааллыг нь хөнгөлөх, дулааны улиралд сэргээн засах, сэлбэх арга хэмжээ авч, гэмтлээс улбаатай цахилгаан хангамжийн тасалдлаас сэргийлэх боломж бүрджээ.
Тус компани өмнө нь кабелийн гэмтлийг эрт үед нь оношлох боломжгүйгээс нэгэнт гэмтсэн кабелийн гэмтлийн цэгийг тодорхойлох өндөр хүчдлийн явуулын лаборатори ашиглан тодорхойлж, кабелийг сэргээн засварлах зарчмаар ажиллаж байсан. Шинэ техник, технологийг нэвтрүүлснээр нэг жилийн хугацаанд 30 гаруй кабель шугамыг оношилж, гэмтэхээс урьдчилан сэргийлээд байна. Цаашид компанийн ашиглалтын кабель шугамуудаас оношлох шаардлагатайг нь түүвэрчлэн жагсааж, оношлохоор олон жилийн хуваарийг гарган ажиллаж байна.