БШУЯ, Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан хамтран жил бүр “Хүрэлтогоот” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Хуралд залуу судлаачид нийгэм хүмүүнлэг, геологи, газар зүй, байгалийн ухаан, техник технологи, биологи, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэсэн зургаан чиглэлээр илтгэл тавьж, салбар бүрээс шилдэг хоёр хүнийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хуралд 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бүтээлээрээ оролцсоноос шилдэг 12 залуу судлаачийг шалгаруулан, БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн судалгааны грантыг өчигдөр олголоо. Судлаачид энэ мөнгөө судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, судалгааныхаа чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлахад ашигладаг юм.
Энэ үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөр “Эдгээр залуусыг шалгаруулахад би болон манай яам оролцдоггүй. Монголын залуу эрдэмтдийн холбоо тэднийг шалгаруулдаг. Эд бол залуусын сайн төлөөлөл. Судалгаагаа үр дүнд хүргэхийн төлөө хичээж ажиллаарай” гэв.
“Хүрэлтогоот” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос БШУЯ дэмжин зохион байгуулж, сайдын нэрэмжит залуу судлаачийн грантыг 100 гаруй шилдэг залуу судлаачдад олгосон байна. Эдгээр грантын эздийн 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хамгаалж, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.