Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ жил нийтдээ 174167 га талбайд тариалалт хийж 127.1 мянган га талбайд чанартай уринш бэлтгэн эргэлтийн талбайгаа 98.6 хувьтай ашиглалтанд оруулж сүүлийн 26 жил аваагүй өндөр ургацыг хураан авсан баяраа тэмдэглэх гэж байна.
Үүний үр дүнд энэ намар 142096 га талбайгаас 242929.1 тонн үр тариа буюу га-гаас 17.1 центнер, 28637 га талбайгаас 20795 тонн тосны ургамал буюу га-гаас 7.3 центнер, 3246 га талбайгаас 6744 тонн тэжээлийн ургамал буюу га-гаас 20.8 центнер, 2147.6 га талбайгаас 31474.5 тонн хүнсний ногоо га-гаас 147 центнер, 2935.3 га талбайгаас 46070.9 тонн төмс га-гаас 157центнер, 1014.9 га талбайгаас 85.5 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хураалтаа бүрэн дуусгаад байгаа гэнэ..
Сэлэнгэчүүд анх 1988 онд 323,4 мянган тн үр тариа хураан авч байсан нь түүхэн дэх хамгийн өндөр авсан ургацтай жил байсан юм. Мөн аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 164000 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөгөө 106.4 хувиар давуулан биелүүлээд байна.
Судалгааны дүнгээс харахад аймгийн нутаг дэвсгэр дэх малын тоо байвал зохих хэмжээнээсээ хэтэрснээс шалтгаалан бэлчээрийн даац хүрэхгүй болж, мал тариан талбайд бэлчих болсон нь тариаланчдын ургацыг тодорхой хэмжээгээр бууруулж байжээ.