
“Зодоод байхад үг авдаггүй хачин хүүхэд шүү” гэх үг сонсож байсан л биз дээ. Энэ бол манайд байдаг л нэг явдал, жирийн л үзэгдэл мэт ханддаг болсон зүйлсийн нэг гэхэд хилсдэхгүй. Хэлж ойлгуулахын оронд гар хүрдэг “жишиг” олон гэр бүлд төлөвшсөн нь маргаангүй. “Хүүхдэдээ хайргүй биш хэрнээ бухимдсандаа, гэнэт уурлаад, нэг л мэдэхэд хатуу ширүүн хандчихсан байдаг” гэхийг ч сонсож байлаа.
Ингэж хэлэхийг нь буруутгавал “Би ч гэсэн зодуулж л хүн болсон” гэж тоомжиргүйгээр өөрийгөө зөвтгөх хүн ч цөөнгүй. Насанд хүрсэн хүн зодуулсан бол нөгөө хүн нь гэмт хэрэгтэн болно. Харин хүүхдээ зодвол ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, болох ёстой зүйл жамаараа л болоод өнгөрч буй юм шиг хандлага одоо ч манай оронд хэвийн үзэгдэлд тооцогдсон хэвээр.
Гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач Ц.Түвшинтөгс монголчуудад хүүхдээ зодож хүмүүжүүлэх уламжлал байгаагүйг сануулаад, сүүлийн үед яагаад ийм байдалд хүрсэн учир шалтгааныг тайлбарлалаа. Тэрбээр “Олон соёл, мэдээллийн сөрөг нөлөөгөөр аль ч улс үндэстний унаган ёс заншил, зан төрх маш их өөрчлөгдөж буйн сөрөг нөлөөн дор хамгийн түрүүнд хүүхдүүд хохирч байна.
Гэр бүлд хүнийрхэл газар авч, хүүхэдтэйгээ хатуу ширүүн харилцах нь түгээмэл болжээ. Монголчуудад хүүхдээ зодож хүмүүжүүлдэг ёс, уламжлал байхгүй. Хүнийг битгий хэл, мал адгуусыг ч зодохгүй, зөөлөн аргаар сургаж, уналга, эдэлгээнд ашигладаг. Ботгоо голсон ингийг хүртэл зөөлөн аргаар, уйлуулж, авахуулдаг шүү дээ” гэж онцолсон юм.
Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд нэгдсэн түүхтэй. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль баталжээ. Уг хуулийг шинэчлэн сайжруулж, цаг үетэйгээ зохицуулан өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарсны учир холбогдох албан байгууллага, судлаач, мэргэжилтнүүд хамтран Хүүхдийн эрхийн багц хуулийн төсөл боловсруулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд батлуулсан билээ. Үүнд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль багтаж буй юм.
Багц хуулиудыг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Эдгээр хуульд манай орны нөхцөлд, гэр бүлийн амьдралд өдгөө тулгарч, хүүхэд хохирогч болон үлддэг харилцааг олон улсын жишигт нийцүүлэн зохицуулах зүйл заалтууд багтааж, хүүхдийн эрхийн тухай ойлголтыг шинэ түвшинд гаргаж ирснээрээ онцлог аж.
Зодуур нялх балчир оюун, зүрх сэтгэлд хар толбо суулгаж, насан туршид нь үлддэг гэдэг. Шийтгэж, зодож, дарамтлан, хүчирхийлэх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр тусаж, оюуны хөгжилд муугаар нөлөөлдөг болох нь гадаад, дотоодын олон судалгаагаар батлагдаад буй. Тиймээс өдгөө олон улсад хүүхдийг зөв аргаар хүмүүжүүлэх арга ухаан эрэлттэйд тооцогдож буй юм билээ. Хүүхэд хамгааллын шинэ хуультай болсноор манайхан ч өмнөх шигээ “Зодоод байхад үгэнд ордоггүй хүүхэд” гэж хэлэх эрхгүй болжээ.
Учир нь хүүхдээ зөв, сайн хүн болгон төлөвшүүлэхэд нь түлхэц өгөх зорилгоор багц хуульд хүүхдээ хүчирхийллийн бус аргаар хүмүүжүүлэх шаардлагатайг тусгасан юм байна. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4-т “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж дурдсан юм.
Мөн сургуулийн орчинд ч хүүхдийг эерэг аргаар сургаж хүмүүжүүлэх ёстойг орхигдуулаагүй аж. Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал зэрэгт өртүүлэхийн тулд багш, ажилтнууд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших шаардлагатай гэж тус хуулийн 6.3.1-д заажээ.
Эерэг аргаар хүмүүжүүлнэ гэж юу болох, түүнийг бид амьдралддаа хэрхэн мөрдөх шаардлагатайг Ц.Түвшинтөгс багшаас тодруулахад “Сүүлийн үед дэлхий дахинд хүүхдийг эерэг буюу зөөлөн аргаар хүмүүжүүлэх тухай үзэл маш идэвхтэй түгж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхэдтэй харилцах арга зүй боловсронгуй болж буй. Ээнэгшихүй гэх сэтгэл зүйн салбар шинжлэх ухаан өдгөө эрчимтэй хөгжиж байгаа. Хүмүүсийн хооронд, ялангуяа нэг гэр бүлийнхний хооронд ээнэгшил, дотносол хэрэгтэй. Монголчууд их бүлсэг учраас нэг гэрт олуул амьдардаг.
Энэ чанар нь олон улсад шинжлэх ухааны шинэ онол гэгдэж буй ээнэгшихүй аль хэдийнэ бидний амьдралд биеллээ олчихсон гэж үзэх шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, ээнэгших нь өдгөө дэлхийн олон улсад тулгамдсан асуудал боловч монголчуудын хувьд өлгөж аваад нэн даруй хэрэгжүүлэхэд маш ойрхон зүйл юм. Аль болох ухаалгаар зохицуулж, уламжлал, шинэчлэлийн холбоон дээр монгол хүнд тохирсон, ёс заншилд ойрхон арга зүй хэрэгтэй.
Хүн гэдэг дээд зэргийн оюунт амьтныг залуу гэр бүл бий болгодог. Залуус хүүхдээ яаж бойжуулсан, хэрхэн сурган хүмүүжүүлсэн нь насан туршийнх нь, юугаар ч сольшгүй, баларшгүй үнэт чанар. Давхар биетэй бүсгүй хүнтэй эвгүй харилцвал хүүхдийн унаган зан чанарт толбо сууна. Балчир хүүхэдтэй зохисгүй харилцвал тэр нь хүүхдийн оюун ухаанд таримал шинж болж төлөвшинө.
Тиймээс залуус хүмүүжлийн талаар сайтар боловсорч, оюунлаг байх явдал нь тухайн өрх гэрийн дархлаа, түүгээр ч барахгүй Монгол Улсын үндэсний эрх ашиг” гэсэн юм. Шинэ хуулиудад хүүхдийг эрхээ хамгаалахад чиглэсэн, өмнө нь байгаагүй, дэвшилт гэж үзэж болохоор зүйл заалтууд ч бас багтсан байна лээ. Нэг онцлогийг нь дурдахад л хүүхэд насанд хүрсэн иргэдийн адил, эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад нь гомдол, нэхэмжлэл гаргах эрх зүйн орчин бүрдэж байгаа аж. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19.1-д ийм заалт оруулжээ.
Японы Хүүхдийг ивээх сан санаачилж, ХАХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Гурван жилийн хугацаатай уг төслийн зорилго нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалуулах эрх бүрдүүлэх аж. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хамтарсан баг (Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.5-д зааснаар гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг хэлж буй)-ийн анхан шатны нэгж бэхжүүлэх аж. Баянзүрх дүүргийн 23, 27, Сонгинохайрхан дүүргийн хоёр, 10, Чингэлтэйн ес, 10, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын IV баг төсөлд хамрагдах юм байна.
Эдгээр газарт хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэхээс эхлэн хариу арга хэмжээ авах хүртэлх зураглал болон түүнийг хянах жагсаалт боловсруулж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулан, анхан шатны нэгжид танилцуулж, нэвтрүүлэх аж. Мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургагч багшийн гарын авлага боловсруулах зэрэг олон ажил төлөвлөөд буй юм байна.
Маргааш дэлхийн олон оронд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эрэгцүүлэн бодож, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг хэрэглэхийг хүн бүрт уриалах учиртай. Учир нь Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож буй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд олон улсад хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж, энэ өдрийг тэмдэглэдэг болоод 18 жил өнгөрчээ.
Хүүхдийн бие, сэтгэл санаанд дарамт учруулах явдлыг таслан зогсоохыг олон нийтэд уриалах зорилгоор анх 1998 онд АНУ-д энэ өдрийг санаачилжээ. 2001 оноос бусад орон нэгдэж, Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр болгон, дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар манай улс 2006 онд энэ арга хэмжээнд нэгдсэн юм.
Эцэг, эхчүүд зөвхөн маргааш биш, өдөр бүр хүүхэдтэйгээ элэгсэг дотно харилцаж, аливааг тайлбарлан таниулаарай. “Хүүхэд чинь таныг харж суралцдаг, сонсож хүмүүждэг, ажиглаж дуурайдаг” гэх мэргэжилтнүүдийн үгийг санаарай. Хүүхдийнхээ эрүүл саруул өсөж хөгжих, аливаа хүчирхийллээс хамгаалуулах болон суралцах эрхийг нь хүндэтгээрэй. Маргааш бол хүүхдэдээ цаг гаргаж, ямар хүн болгохыг хүсэж буйгаа эргэцүүлж, дэмжин, урамшуулах ёстойг санаж, түүнийгээ амьдралынхаа алхам бүрт мөрдөхийг санаж сэрэх ёстой өдөр билээ.