“Хэрвээ таны бие тавгүй байвал санаа зоволгүйгээр манай дэлгүүрт амарч, сэрүүцээрэй. Шаардлагагүй л бол ямар нэгэн зүйл худалдаж авах хэрэггүй. Та биеэ хэвийн болгоход л анхаараарай. Эрүүл саруул болсон үедээ манайхаар үйлчлүүлээрэй”.
Япон Улс дахь дэлгүүр, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, хаалга, цонхон дээрээ ийм бичвэр, зөвлөгөө байршуулж байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд хэт халж, агаарын температур тогтмол 35-40 хэм хүрч байгаагаас иргэд наршсан, хордлогод орсон оноштойгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь эрс ихэсжээ. Мөн өндөр настай, зүрх, судасны суурь өвчтэй хэд хэдэн хүн хэт халалтын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдэж. Иймд улсынх нь бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүдээс эхлээд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, иргэд нь хүртэл бие биедээ ийнхүү халуун дулаанаар санаа тавьж, сэтгэл дэвсэх болжээ.
Япончууд нэгэндээ хэрхэн анхаарал халамж тавьж байгааг харсан гадаадын иргэд “хүн хүнээ хайрлах сэтгэл жижигхэн зүйлээс эхэлдэг”-ийг үүгээр жишээ татан хуваалцсаар байна. Хөгжлийн шуурганд “хөл алдаагүй” хүн ёсны хандлага, харилцаа ийм байдаг аж. Сав л хийвэл гадаадын орны жишиг, туршлага судлах, нэвтрүүлэх талаар ярьдаг монголчууд бид ч их наран улсын иргэдээс суралцууштай. Манайд бол дэлгүүр, үйлчилгээний газрынхан гаднаа зогсоо иргэдийг “нааш ир, түр амар” гэж дуудах нь байтугай “үйлчлүүлж дууссан бол хурдан гар” гэж ад үзэх хандлагатай байдаг. Танихгүй хүнд тусламжийн гараа сунгах нь ч ховор. Эрүүл мэндийн байгууллагууд нь ч эрсдэлээс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэддээ хүртээмжтэйгээр түгээж чаддаггүй шүү дээ. Хэт халуун, үер, усны эрсдэл хосолсон энэ өдрүүдэд ядаж хүн хүндээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандах сан даа.
Н.Мишээл