Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн 108 багийн 860 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн харваачид хоёр жил дараалан аваргаар шалгарав. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн улсын мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймгийн “Алтан арвай”-н харваачид мөнгө, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” багийнхан хүрэл медальтай нутгаа зорьсон. Цуваа харвааны төрөлд 361 харваач өрсөлдөхөд “Гуа-орд” ХХК-ийн харваачдаас Монгол Улсын мэргэн М.Доржпүрэв түрүүлж, “Өвөлжөөн булаг” ХХКийн аймгийн гоц мэргэн О.Энхтүвшин удаалж, “Хөх морьт” багийн харваач Ж.Арвижих III байр эзэллээ.
Г.Бат