Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, Эрүүл мэндийн даатгалын сан нь (ЭМДС) хоосорчихсон энэ цагт салбарын шинэ сайд Ж.Чинбүрэнг шийдэл ярьж, системийн гажуудлыг засаж залрууна гэсэн итгэл, хүлээлт иргэдийн дунд өндөр байлаа. Гэтэл сайдын суудлыг ихэд хүсэмжилж, санасандаа хүрсэн Ж.Чинбүрэн ажлаа авсан даруйдаа л эрүүл мэндийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийг нэмэх тухай ам нээв. ЭМДС-гийн хоосон “сав”-ыг иргэдийн халааснаас дүүргэхээр улайрч эхэлсэнд олон нийт бухимдаж эхэлсэн юм.
ИРГЭДИЙГ ЧАНГАЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ШАРХАА” НӨХӨХ ҮҮ
Засгийн газрын энэ сарын 20-нд болсон ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар баталсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гэрээ байгуулаагүй сан хүүжилтийг хэмнэлтэд тооцож, төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6, Боловсролын сайдын багцаас 33.7, Зам, тээврийн сайдын багцаас 33.4, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7, бусад сайдын багцаас 342.7 тэрбум, нийт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцсон юм. Эдгээрээс эрүүл мэндийн сайдынх хамгийн өн - дөр байгаа нь анхаарал татаж буй. Өмнөх сайд Т.Мөнхсайхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээ хийж, шаардлагатай тоног, төхөөрөмжийг худалдан авч чадаагүй тул санхүүжилтийг нь ийнхүү татахад хүрсэн гэнэ. Энэ алдааг нь засаж, хуваарилсан хөрөнгөө салбартаа авч үлдээх гээд хүчрээгүй тухайгаа эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн учирлана лээ.
Улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдож, эмч, ажилтнуудынхаа цалин, урамшууллыг олгож чадахгүйд хүрэхэд тун ойрхон байхад эрүүл мэндийн салбар 69 тэрбум төгрөгөө “алдчихсан” нь хайран. Иймд шинэхэн сайд эл “шарх”-ыг иргэдийн бүсийг чангалж эдгээх бололтой. Тэрбээр уржигдар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон, төсөв хүрэлцээгүйн улмаас зарим техник, тоног төхөөөрөмжөө шинэчилж чадахгүйд хүрсэн тул эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээг инфляцтай уялдуулан 20-25 хувиар зайлшгүй нэмэх шаардлагатай. Эрүүл мэндийн салбар, ялангуяа ЭМДС-гийн төсөв хүрэлцэхгүй байна. “Ковид-19” цар тахал гарснаас хойш олон нийтийг хамарсан халдварт өвчний үед гүйцэтгэлийн санхүүжилтээс авч хэрэглэдэг нь даатгалын санг өрөнд оруулдаг. Үүнтэй холбоотойгоор төсөв нь хүрдэггүй, эмнэлгүүд, эм ханган нийлүүлэх байгууллагууд нь өртэй, тусламж, үйлчилгээгээ үзүүлж дийлэхгүй, цалингаа тавьж хүчрэхгүй элгээрээ хэвтэх вий гэхээс айж байна” гэж ярьсан. Хэдийгээр энэ шийдвэрээ албажуулаагүй ч өөр арга үгүй, нялуунаас шулуун нь дээр гээд хэлчихсэн.
Эрүүл мэндийн салбарт эмчээс нь эхлээд дарга, сайд хүртлээ дэвшсэн ч олигтой ажил хийх нь бүү хэл, тендер ч зохион байгуулж чадалгүй суудлаа өгсөн Т.Мөнхсайханд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Харин одоогийн сайд Ж.Чинбүрэн “Хөрөнгө оруулалтын мөнгийг татуулсан шалтгааныг судлуулж байгаа. Алдаа гаргасан хүнтэй хариуцлага тооцно” гэж хатуухан мэдэгдээд буй. Үүнээс болж эмнэлгүүд яаралтай хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдээ ойрын хугацаанд л лав худалдан авах боломжгүй болчихлоо. Горыг нь өвдөж, зовсон хүүхэд, хөгшдөөс эхлээд бүх л хүн амсах нь. Иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр мөнгө төлдөг ч үүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй. Тухайлбал, ажил олгогч болон ажилтан сард цалингийн дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд төлж буй. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн, эрүүл мэндийн даатгалд сард нийт 80 мянган төгрөг төлж байгаа юм. Үүнээс өндөр цалинтай бол илүү ихийг л төлнө гэсэн үг. Гэтэл ийм байдлаар 20 жил шимтгэл төлчхөөд ганц удаа эрүүл мэндийн тусламж авах гээд очиход нь даатгалын санхүүжилт дууссан, төлбөртэй үзүүл гэдэг нийтлэг үзэгдэл хаа сайгүй. Сүүлийн үед байдал улам хэцүүдэж, өрхийн эмнэлгүүд хүртэл төсөв байхгүй, урвалж дууссан гээд цус, шээсний шинжилгээ хийхгүй, эмч нар нь хийцгүйрч суух болжээ.
ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР УЛААН БУРХНЫГ “ДАРНА”
Монгол Улсад хүний эрүүл мэнд, амь нас улам л үнэгүйдэх боллоо. Улаан бурхан өвчнөөр долоон хүүхэд эндчихээд байхад эрүүл мэндийн салбар, цаашлаад Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суусаар. Аминд аюултай уг халдварт өвчнийг бага дээр нь дарж, хүрээг нь хумихгүй гааруулсан явдал эрүүл мэндийн салбар тартагтаа тулж, хөл толгойгоо алдсаныг бэлхнээ гэрчилж байна. Өчигдрийн байдлаар гэхэд 9833 хүн улаан бурхнаар өвчилж, хавьтлын тоо 75 мянга давчихлаа. Ж.Чинбүрэн сайд хамгийн эхэнд ХӨСҮТ-д ажиллаж, юун түрүүнд уг халдвартай “тэмцэх”-ээ илэрхийлсэн. Асуудлыг Ерөнхий сайдад уламжилж, уг өвчний дэгдэлтийг таслан зогсоох, хүүхэд, залуусыг дархлаажуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар болсон юм. Ингэж шуурхай арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч салбарын үе үеийн сайд нар шиг өвчнөөр түрээ барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх вий гэх хардлага иргэдийн дунд байгаа нь нууц биш.
ЭМДС-Д 230 ТЭРБУМЫН ЭРСДЭЛ ҮҮССЭН
Эрүүл мэндийн салбарынхан “Аминд халгүй л бол өвчнөө тэвч” гэж хэлэх нь холгүй байна. Даат-галаас үнийг нь хөнгөлдөг байсан тусламж, үйлчилгээг цөөрүүлсний уршгаар иргэд өвдсөн ч шүд зуугаад л явахаас өөр сонголтгүй болов. Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ-аас эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлдэг 700 оношийн “аминд халтай”, “амьдрах боломжтой” гээд хуваарилчихсан. Өвдөөд очсон хүнийг “Архаг өвчин байна, төлбөрөө төлөөд үзүүл” гэдэг хэмжээнд хүрсэн гэсэн үг. Тодруулбал, өвчнийг цочмог, төлөвлөгөөт, архаг гэсэн гурван бүлэгт хувааж, ухаан алдаж очоогүй л бол авч хэлэлцэхээ байсан. Үүнээс болж эмч, өвчтөний дунд үл ойлголцол үүсэж, хүнд суртал улам гаарав. Хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүйгээр хаана ч, хэзээ ч тусламж авах боломжоор хангах нь Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-ынхны үүрэг байлтай. Хүн бүрд хүртээмжтэй, тэгш хуваарилах ёстой татвар төлөгчдийн мөнгийг шударга бусаар зарцуулж буйгаа эв санааны зарчим гэж арьсаа хамгаалахыг нь яана. Уг нь эрүүл мэндийн даатгалын сан нь эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлогоос бүрдэж буй. Өвдөж, зовсон нэгний санхүүгийн эрсдэлийг үүрэх зорилготой атал үүнээсээ хазайж, иргэдийн мөнгийг банканд хадгалуулж, өсгөнө гээд алдсан гашуун сургамж бий. Тухайлбал, ЭМДЕГ-ынхан “Капитал”, “Чингис хаан” банканд хадгалуулсан 140 тэрбум төгрөгөө авч чадалгүй долоон жилийн нүүр үзэж байна. Энэ мөнгөө л авчихвал санхүүгийн хямралаас түр ч атугай сална гэж ЭМДЕГ-ын дарга С.Энхболд ярина лээ. Тэрбээр “Даатгалын санхүүжилт хүрэхгүй, эрсдэлтэй нөхцөлд байна. Энэ тухайгаа Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Сар бүр батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилт олгосон ч эмнэлгүүдэд асуудал үүссэн. ЭМДС-гийн энэ онд батлагдсан төсвийн орлого 2.5, зарлага 2.3 их наяд төгрөг. Энэ жилийн хувьд 1.9 их наяд төгрөгийг эрүүл мэндийн 2300 гаруй байгууллагад олгоно. ЭМДС-гаас 43 тэрбум төгрөгийг танах сураг дуулдсан. Ингэвэл эмнэлгүүд улам л хэцүүднэ. Жилийн эцэс гэхэд гүйцэтгэлийн санхүүжилтэд олгох мөнгө батлагдсан төсвөөс 230 тэрбум төгрөг давах урьчдилсан тооцооллыг бид гаргасан. Энэ эрсдэлээс сэргийлэх арга зам хайж байна. Өр, авлагыг цэгцэлж чадвал эмнэлгийн асуудлыг тодорхой хугацаанд шийднэ” гэсэн юм. Энэ байдлаараа бол ирэх аравдугаар сард эрүүл мэндийн даатгалын сангийн орлого тасарч, эмнэлгүүд үүдээ барьж мэдэхээр байгааг салбарынхан нь ярьж байна.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам гэж бий. Үүнд дурдсанаар лабораторийн төрөл бүрийн шинжилгээ, ЭХО, рентген оношилгоо, мэс ажиллавар, компьютер, томограф зэрэг тусламж, үйлчилгээний төлбөрийг Ж.Чинбүрэн сайдын хэлснээр 20- 25 хувиар нэмчихвэл ядарсан иргэд гэртээ л амьсгал хураахаас өөр сонголтгүй болох биз. Эм, тариагаа ч авч хүчрэхгүй хүн бишгүй олон байхад өндөр төлбөр төлөөд эмнэлэгт үзүүлэх нь хэд бол. Өгсөн мөнгөө өөртөө зарцуулахыг л иргэд хүсэж байна. Сав л хийвэл ард түмнийхээ халаасыг тэмтэрдэг, торгоно, шийтгэнэ, хураана гэж дарамталж, татвараар дарангуйлдаг явдал иргэдийг ядуурлын ангал руу түлхсээр. Ханиад, томууны улиралд нэг хүүхэд нь өвдөхөд тухайн өрхийн санхүү ямар хүнд байдалд ордгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийг одоогийнхоос нь хэд дахин нэмэгдүүлэхийг санаархаж байгаа нь хувийн хэвшлийг хөлжүүлэх гэсэн оролдлого уу. Өрнөөс ангижрахын тулд төлбөрт үйлчилгээг 20-25 хувь нэмнэ гэдэг амьдралаас тасарсан хүний л тансаглал байх. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш орлого нь эрс өссөн нь олон баримтаас харагддаг. Гэвч үйлчилгээ нь сайжирч, өр зээлнээсээ гарсангүй. Жишээ нь, ХӨСҮТ гэхэд 23 тэрбум төгрөгийн өртэй гэх. Яст мэлхийн хурдаар урагшилж буй эрүүл мэндийг салбарыг өөд татах, иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй, халаас руу нь орохгүйгээр асуудлыг шийдэх, ажиллах чин хүсэл танд бий юү, Ж.Чинбүрэн сайд аа.