Аагим халуун өдрүүдийн завсарт ашгүй нэг бороо ортол энд, тэндгүй асфальтан зам нь ховхорч хуулраад, гантиг бордюр нь салаад унажээ. Ус зайлуулах шугамгүй зам дээрээ машинууд нь “хөвж”, явган зорчигчид уртын харайлт хийх гээд ч нэмэргүй, нүцгэн хөлөөрөө туучих нь тэр. Ийнхүү манай нийслэлд “уламжлалт” зун айлчиллаа. Даваа гарагт орсон борооны дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхорлоо. Манайх шиг ядруу улсад ингэж их мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ” хэмээн шүүмжлэв. Төд удалгүй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Баримттай ярина уу, эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй. Аадар борооны их хэмжээний усыг үерийн далангаар зайлуулдаг. Замын ус зайлуулах шугамууд их хэмжээтэйг урсгах “үүрэггүй”. Гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна” гэж өөрийгөө тас өмөөрсөн юм.
Монголч эрдэмтэн Др.Обрущанский Борбала Анна 2019 оноос хойш Монгол Улсад суух Унгар Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж буй. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Улаанбаатар борооны дараа” хэмээх тайлбартайгаар авто зам үерлэсэн зураг нийтэлсэн нь чих халууцам зүйл боллоо. Мөн нэгэн иргэн сошиал сүлжээндээ “Рио Тинто Монгол” компанийн тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнд ямар ч тогтоол ус алга. Стандарттай зам гэж шал ондоо юм. Нямбаатар аа, сураад ав” хэмээжээ. Нийслэлийнхний ажилд түр зуур¬ны бороо дүн тавьчхаад байхад л иргэдийнхээ өөдөөс хэдэрлэсээр буй. Шавар шавхайтай холилдож, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсээс уучлал гуйдаггүй юм гэхэд санаа зовох нүүртэй баймаар.
Түүнчлэн борооны усаар дамжин халдварт өвчин тархах эрсдэл дунд нийслэлчүүд амьдрах гэж ядаж буй. Орчны эрүүл мэнд судлаачид хөрсний бохирдол усаар дамжин гудамж талбайд нэлэнхий тархсан тул ариутгал халдваргүйтгэл хийхийг сануулав. Их хэмжээний бороо орж, алхах аргагүй болсон үед ус туулахаас зайлсхийх, ус туулсан бол гар, хөлөө савандаж угаах, гутал, хувцсаа ариутгах, хүүхдүүдийг гадаа тоглуулахгүй байхыг зөвлөж буй юм. Эл халдвар нь сүрьеэ, стрептококк, халдварт гепатитаар өвчлүүлэх эрсдэлтэй байна. Ингээд дуусахгүй, нар халж эхлэхэд бохир хатаж, агаарт дэгдэн нарийн ширхэгт тоосонцор болдог тул амны хаалт хэрэглэхийг санууллаа. Өвлийн утаанаас салж, арай чүү дэлгэр цагтай золгох гэтэл ус, үерийн зовлон шил дараад хүлээж байдаг нийслэлчүүд бид хөөрхий еэ.
Д.Хүслэн