Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Дээд булаг гэх газарт өчигдөр буюу энэ сарын 26-ны 06.06 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гийнхэн мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд бүртгэгдсэн байна. Энэ талаарх мэдээлэл пүрэв гаргийн 06.17 цагт ООГХгийн цахим шууданд ирсний дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газарт түүнийг шуурхай дамжуулан, нутгийн иргэд, малчдаас нөхцөл байдлыг тодруулжээ. Иргэд “газар хөдлөх үед гэрийн тооно дайвалзаж, чичирхийлэл мэдэрсэн” гэсэн байна. Гэхдээ ямар нэгэн хохирол учраагүй гэж орон нутгийн онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Газар хөдлөлт нь дэлхийн гүнд хуримтлагдсан энерги гэнэт суларч хөдөлснөөр үүсдэг байгалийн үзэгдэл. Монгол орны хувьд газар хөдлөлт ихэвчлэн тектоник хавтангийн шахалт, хагарлын шугамын идэвхжилт зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж. Манай улсад сүүлийн жилүүдэд 3-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд төв болон баруун бүсэд бүртгэгдэж байгаа юм. Хэдийгээр 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь аюул багатай, хохирол учруулах хэмжээнийх биш ч байгалийн үзэгдэлд анхаарал болгоомжтой хандан, аюулгүй байдлын заавар, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах, газар хөдлөлтийн үед иргэд юу хийх хэрэгтэй талаарх мэдлэгтэй байх нь чухал юм.
С.Энхжаргал