Дэлхийн цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх уг хуралд АНУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Их Британи зэрэг дэлхийн 30 гаруй орноос 50 орчим эрдэмтэн, судлаач ирж, туршлага, мэдээллээ солилцож байна. Манай улс 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн билээ. Одоогоор цусны хавдартай 37 хүнд үүдэл эсийг амжилттай шилжүүлжээ. Цусны үүдэл эсийг цусны хавдартай өвчтөнүүдэд өөрөөс өөрт (аuto BMT), донороос өвчтөнд (allo BMT) гэсэн хоёр аргаар хийдэг юм байна.
Манай орны хувьд аль алийг нь амжилттай нэвтрүүлсэн гэнэ. Цаашид хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах, цусны хавдраас бусад эмгэгтэй, үүдэл эсийн эмчилгээ шаардлагатай (мэдрэлийн, үений эмгэг гэх мэт) өвчтөнд хийж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг хуралд оролцогчид онцолсон юм. Сүүлийн жилүүдэд олон улс болон Монголд цусны хавдрын тохиолдол нэмэгдэж буй бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгаснаар төгс эмчлэх боломжтой гэж үздэг аж. Ташрамд сонирхуулахад, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо хоёр жил тутам гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах зорилгоор дээрх хурлыг тухайн тив болон ул¬сын мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг юм байна.
Ч.Болор