Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч О.Бат-Ундрахын “Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх сангаар дамжуулан Номхон далайн баруун бүсийн орнуудын сэтгүүлчдийг халдварт бус өвчнийг мэдээлэх чиглэлээр чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан билээ. Тус хөтөлбөрт манай О.Бат-Ундрахын бүтээлийн төсөл шалгарч, нийтлэлээ олны хүртээл болгосноор ийнхүү гэрчилгээгээ гардав.
Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудаас 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү болзолт уралдаанд сэтгүүлчдээ оролцуулсан юм байна. Үүний дотор “Өнөөдөр” сонин багтаж, бүтээлийн төслийнхөө дагуу агаарын бохирдол хүн амын, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндэд онц ноцтой хор хөнөөл учруулж буйг хөндөн, Монгол Улсаа төлөөлөн олон улсад дуу хоолойгоо хүргэсэн нь энэ.
“Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” бүтээлээрээ бид агаарын бохирдол жил бүр мянга мянган хүний амь насанд аюул учруулсаар, үхэлд хүргэсээр байгааг хөндсөн бөгөөд үүний гол золиос нь эх, хүүхдүүд болж ураг зулбах, амьгүй төрөх нь олшрон, цаашлаад энэ нь монгол хүний удмын санд хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрснийг олон улс, үндэсний судалгааны байгууллагуудын статистик, эрдэмтдийн дүгнэлт, баримтуудад түшиглэн нийтэлснээрээ онцлог болсныг зохион байгуулагчид тэмдэглэв.
Ташрамд дурдахад, дээрх хөтөлбөрийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дэмжлэгтэйгээр, Филиппин улсын Манила хот дахь “Пробе медиа” сангаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжүүлсэн аж. О.БатУндрахын хувьд тус хөтөлбөрт эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулагч Б.Ундрахын хамт оролцсон юм. Сэтгүүлч О.Бат-Ундрах нь 2012 оноос хойш “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, тоймчоор ажиллан, 2014 оноос эхлэн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дагнан мэргэшсэн туршлагатай билээ.
М.Гэгээ