Саяхан Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон орохоор нисэх хөдөлгөөнөө эхэлмэгц унаж сүйрсэн “Air India” компанийн онгоцоор зорчиж байсан 232 үйлчлүүлэгч, багийн 10 гишүүнээс Британийн иргэн Вишвакумар Рамеш ганцаараа амьд үлдсэн юм. Түүнд 11-ийн А буюу 11 дүгээр эгнээний эхний суудал таарсан байв. “Хамгаалах бүсээ тайлмагц ослын үед гарах хаалгыг хөлөөрөө тийрч нээгээд гадагш гулсан гарсан” гэж 40 настай Рамеш унасныхаа дараа Энэтхэгийн Төрийн мэдлийн DDNews хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
“Air India” компанийн мэдээлснээр хөлгийн бүхээгт байсан 241 (229 зорчигч, нисэх багийн 12 хүн) бүгд амиа алджээ. Бидий ав¬сан мэдээлэлд зорчигч, багийн гишүүдийн тоо зөрөөтэй байгаа. Тэдний ихэнх (169) нь Энэтхэг, Британийн иргэд (52) байж. Осол болсны дараахан тэндээс 200 гаруй хүний цогцос олдсон ч аль нь зорчигчдынх, аль нь онгоц унасан газар байгаад өртсөн хүмүүсийнх болохыг ялгахын аргагүй байв.
Аварга том хөлөг анагаахын сургуулийн багш, ажилчид, оюутнуудын амьдардаг нийтийн байран дээр унасан. Эмнэлгийн орон дээр суугаад Рамешийн ярьснаар онгоц газраас хөндийрөөд хэдхэн агшин болсны дараа гэрэл нь анивчаад эхэлжээ.
“Тав, арван секундийн хугацаанд онгоц “агаарт гацчих” шиг болсон. Ногоон, цагаан гэрэл гялалзаад л... тэгтэл онгоц байшин руу зүсэн орж, дэлбэрсэн” гэж Рамеш ярьжээ. Тэр байшин нь Анагаах ухааны коллежийн дэргэд нээгдсэн орон нутгийн Иргэний эмнэлгийн ажилчид, оюутнуудын нийтийн байр байжээ.
Гэргий, дөрвөн настай охин нь Лестерт хү¬ лээж байгаа Рамешийн суусан сандал нь онгоцны газар унасан тэр хэсэгт байжээ. “Онгоцны хаалга салаад уначихаар түүний цаана сул зай байхыг би олж хараад тийшээ мөлхөхийг оролдоод, чадсан. Онгоцны их бие дотор миний нөгөө талд ханын дагуу суугаа хүнд гарах боломж огт байхгүй, яагаад гэвэл онгоц яг тэр талаараа доош унасан байв”.
Онгоц унасан шалтгаан одоо хэр нь тодорхой болоогүй. Унасан газраас “хар хайрцаг” олдсон бөгөөд тэр л мөрдөн шалгагч нарт нэмэлт мэдээлэл өгч болох юм. Рамеш өөрөө түргэн тусламжийн машинд дөхөж очиж байгаа, ард нь утаа суунаглаж буй бичлэг сүлжээнд тавигдсан байлаа. Унасан онгоцны сэгэн дотроос амьд гарсандаа Рамеш одоо хэр нь итгэхгүй байна.
“Хүмүүс, саяхан хажууд минь сууж байсан онгоцны үйлчлэгч, бас хоёр зорчигч миний нүдэн дээр амиа алдаж байв. Би өөрөө ч мөн үхэж байх шиг хэсэгхэн зуур санагдсанаа нүдээ нээгээд амьд байгаагаа мэдэрсэн” хэмээн тэрбээр үзэж, туулснаа ярьсан байна.
“Би амьд гарсандаа одоо ч итгэж чадахгүй байгаа. Яалт ч үгүй эвдэрсэн онгоцны сэгэн дотроос босож ирсэн дээ”. Амьд үлдсэн хүн маань ухаан мэдрэл нь жаахан муудсан байдалтай, бүх биеэр нь шарх гэмтэл, гэхдээ бүхэлд нь аваад үзвэл амь насанд нь ер юу ч заналхийлээгүй байсан гэж ярьсан байдаг. Өглөө нь Рамештай дипломат ажилтнууд маань холбогдож, консулын зүгээс тусламж дэмжлэг үзүүлсэн гэж Британийн эрх баригчид мэдээлсэн байна.
Вишвакумар Рамеш Энэтхэгт төрөөд 2003 онд Британид очиж суурьшжээ. Энэ гайт нислэгт ах Ажай нь түүнтэй хамт явж байж. Үеэл ахынх нь ярьснаар ах, дүү хоёр Рамеш амрахаар хэдэн сарын хугацаагаар Энэтхэгт ирсэн байв. Үеэл ах Кантилалын ярьснаар Рамеш баасан гарагийн өглөө тэдний гэр орныхонтой ярилцаж байгаагаас ажихад эрүүл мэнд нь хэвийн, ярих, хөдлөх нь төвөггүй байсан аж. Энэтхэгт очихын тулд Рамешийн төрөл садангийн хүмүүс Британийн Засгийн газраас дэмжлэг авах арга зам хайж байжээ. Рамешийн гэр бүлийнхэнтэй холбогдсон уу гэж Британийн Гадаад хэргийн яамнаас ВВС лавлахад тэндхийн хэвлэлийн нарийн бичгийн дарга нь дипломатууд Рамештай өөртэй нь холбоо барьсан гэж хариулсан байна. Түүнчлэн сүйрсэн онгоцонд байсан Британийн иргэдийн гэр бүлийнхэнд дэмжлэг үзүүлэхэд консулын ажилтнууд бэлэн байгаа гэж Гадаад хэргийн яамны төлөөний хүн бас хэлсэн аж.
Болсон явдалд бие даасан мөрдөн шалгалт хийхээр баасан гарагт Британи, АНУ-аас шинжээчид ирсэн гэж “Air India” компанийг харьяалдаг “Tata group” холдингийн захиргаа мэдээлжээ. Эмнэлгийн нийтийн байрны нурж сүйрсэн хэсгээс нас барсан дор хаяж найман хүний цогцос олдсон нь тодорхой болсон байна. Тэдний дөрөв нь анагаах ухааны коллежид сурч байсан, нөгөө дөрөв нь тэнд аж төрдөг эмнэлгийн ажилтнуудын садангийн хүмүүс байжээ гэж хотын эрүүлийг хамгаалах газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Баасан гарагийн өглөө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди онгоц сүйрсэн газар ирж, дараа нь Рамеш болон нийтийн байранд шархдагсад, амь үрэгдэгсдийн гэр бүлийн хүмүүс байсан эмнэлэгт очжээ. Эмнэлгийнхний өгсөн мэдээллээр бол зарим хүний цогцост шинжлэх ухааны нарийн шинжилгээ хийж байж чухам хэнийх болохыг нь тогтоохоос аргагүй тул садан төрлийн нь хүмүүсийн цусыг авсан байна.
2025 оны зургаадугаар сарын 12-нд Энэтхэгт тохиолдсон нисэх онгоцны энэ аймшигтай ослоор түүн дотор явсан 241 хүн амиа алдаж, ус уух хувь ганц Рамешд тохиосон юм. Хэд хэдэн хүн амьсгалж байсан, эмнэлэгт хүргэгдсэн ч авсан гэмтэл, шархаа даалгүй амьсгал хураасан байна.
Ташрамд, нисэх онгоц осолдоход амьд үлдсэн азтай зарим хүний тухай цухас өгүүлье. Амь үрэгдсэн хүмүүсийн тоогоор хоёрт орох осол 1987 онд Америкт болж, онгоцонд явсан 155 хүнээс дөрвөн настай Сесилия Сичан гэдэг охин амьд үлдсэн байна.
2009 оны зургаадугаар сард цаг агаарын байдлаас болж “Airbus A310-324” онгоц Энэтхэгийн далайд Коморын арлуудын хажууд унав. Энэ аюул гарцаагүй болохыг ухаарсан нисгэгч онгоцоо усан дээр даруй буулгахыг оролдох үед уг хөлөг агаарт хэдэн хэсэг болон хуваагджээ. Ийм юм болж байхад ээжтэйгээ хамт явсан 13 настай Баия Бакари гэдэг охин тайван унтаж байв. Охин ус руу унахдаа живээгүй ямар нэг юмнаас зуураад авчээ. Баия сэлж чадахгүй тул энэ нь жинхэнэ гайхамшигтай тохиолдол болжээ. Есөн цаг гаруй хугацаанд охин эргэн тойронд нь аварга загасны ам ангалзсан орчинд ганцаараа байгаад загасчны нүдэнд өртөж амьд гарсан байна. Бусад 152 зорчигч бүгд амиа алджээ.
1971 оны эцсээр “Lockneed L-188 Electra” хөлөг сүйрэхэд 1954 онд төрсөн Герман-Перугийн эрдэмтэн эмэгтэй Юлиана Маргарет Беата Кёпке ганцаараа амьд үлджээ. Онгоц 3000 метрийн өндрөөс халуун орны ойд унасны дараа 17 настай бүсгүй есөн өдрийн турш Амазоны ой дундуур явсаар хүмүүстэй учирч чадсан байх юм. Тэгэхэд Юлиана дунд сургуулийн сурагч, шинэ жилээр эцэг дээрээ очихоор эхтэйгээр хамт явж байж. Энэ бол Перу улсад болсон явдал. Онгоцонд 92 хүн сууж явжээ.
Юлианагийн дурсан ярьснаар онгоц ширүүн борооны үүлэн дунд орчихсоноос сэгсрэгдэж, тэгтэл цахилгаанд цохиулж эргэлдэж гарав. Газар унахаас өмнө хөдөлгүүр нь зогсож, хү¬ мүүс хашгиралдах, салхи исгэрэх чимээ л сонсогдож байлаа. Онгоц унасны дараа Юлиана сэргэвэл өөрийн нь сууж байсан гурван зэрэгцээ суудалтай сандлынхаа дор өвчүүний бүдэрхий нь хугарч, тархи нь хагарч, өвдөгний нь шөрмөс тасарч, олон газар гүнзгий халцарч шалбарсан амьтан хэвтэж байв. Тэгэх нь осол болсны маргааш нь Юлиана сэргэсэн юм байж. Нүдний шил нь байхгүй, өрөөсөн нүд нь хавдаад юм муу харж байв гэнэ. Аажим ухаан орвол хажууд нь сууж байсан ээж нь алга. Аврагчдыг ирэхийг хүлээлгүй өөрөө хүмүүс байгаа газарт хүрэхийг оролдов. Ингэсээр байтал дөрвөн өдөр өнгөрч. Зорчигчдоос 14 хүн амьд байсан ч хэдэн өдөр өнгөрөхөд бүгд авсан гэмтлээсээ болж тусламж авч чадалгүй үхсэнийг хожим нь мөрдөн шалгалт тогтоосон байна. Юлиана өлсөхийн эрхэнд идэх юм хайж байгаад чихэртэй хүүдий, томоохон шарвин олсон ч тэр нь идэхийн аргагүй болсон байснаас чихрийг нь л авав. Зургаа дахь өдөр нь голын эрэг дээр гарснаа горхины урсгал даган уруудав. Голоо дагавал хүмүүстэй учрах горьдлого бий. Ширэнгэ ойд амьтадтай тааралдаж байсан бол голд загаснаас гадна могой элбэг байлаа. Шөнө болохоор шумуул барьчих гээд бас шарх нь өвдөөд унтуулахгүй. Шархан дээр нь өт шавна. Арав дах өдөр нь газардуулаад орхисон завь тааралдав. Бас мөчрөөр барьж, навчаар хучсан оромжирхуу юм ч хажууд нь байлаа. Шархнаасаа 30 орчим өт авч хаяв. Ихэд ядарч туйлдсан охин газар хэвтээд унтаад өгч. Маргааш нь хүмүүсийн дуунаар сэрэв. Гурван эрэгтэй хүн зогсож байлаа. Тэд охиныг тосгондоо аваачиж хооллож, ундлаад өөрсөддөө байгаа хэрэгслээр шархыг нь цэвэрлэв. Зэргэлдээ сууринд аваа¬ чиж мэргэжлийн хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлээд жижиг онгоцоор Пукальпуд хүргэж аавтай нь уулзуулав. Удалгүй Юлиана Баруун Германд очиж эмчлүүлээд 1980 онд Килийн их сургууль төгсөж, халуун орны ой дахь сарьсан багваахайн амьдрал судалж докторын зэрэг хамгаалан Перуд буцаж ирээд, 1989 онд нөхөрт гарч, 2000 онд аавыгаа өөд болсны дараа түүний ажиллаж байсан Перугийн ширэнгэ дэх судалгааны станцын захирлаар ажиллах болов. 2011 онд “Тэнгэрээс унасан нь” нэртэй намтарчилсан номоо бичиж хэвлүүлжээ.
1950 онд Белградад төрсөн Весна Вулович гэдэг серб бүсгүй нисэх онгоцны үйлчлэгчээр ажиллаж байхдаа шүхэргүйгээр 10 160 метрийн өндрөөс чөлөөт уналт хийж Гиннесийн дээд амжилтын номонд нэрээ бичүүлсэн байна. 1972 оны нэгдүгээр сард дэлбэрсэн “McDonnell Douglas DC-9” онгоцонд тэр үйлчлэгчээр ажиллаж байжээ. Уг онгоц Германы Хинтерхермсдорф тосгоны тэнгэрт дэлбэрч 28 хүнээс Вулович ганцаар амьд үлдсэн аж. Дэлбэрэлт болоход тэр онгоцны сүүл хэсэгт аюулгүйн бүсээ хийчихсэн сууж байж. Ослын шалтгааныг тогтоогоогүй ч Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийн үйлдсэн алан хядах ажиллагаанд өртсөн гэж таамагласан байна. Гавал нь хагарч, хоёр хөл, гурван нуруу нь хугарсан Весна эмнэлэгт олон сар хэвтэв. Бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон байна. Олон удаа мэс засал хийлгэсний эцэст босож, Югославын үндэсний баатар болсон ч сэтгүүлчдээс зугтаж, ярилцлага өгөхөөс цааргалж явдаг байв. Цаашдаа JAT компанидаа захиргааны ажил 18 жил хийж байгаад Слободан Милошевичийн эсрэг тэмцэлд оролцсоны улмаас 1990 онд ажилгүй болж, амьдралын сүү¬ лийн жилүүдийг Белград хотод багахан тэтгэвэртэй, ганцаар байж өнгөрөөв. Хожим нь тодорхой болсноор Милошевичийн төлөө саналаа өгөхгүй байхыг нөхдөдөө уриалсны учир цалингаа хасуулж, ажлаасаа халагдсан байна. Нөхөртэй болсон ч онгоцны осолд орсны улмаас хүүхэдтэй болж чадаагүй аж.
Уг нь Вулович тэр онгоцонд үйлчлэгч хийх ёсгүй байж. Весна Николич гэх ижил нэртэй бүсгүйтэй андууран Стокгольмоос Белград руу нисэх тэр онгоцны багт орчихсон байна. Весна Вулович 10 сар эмчлүүлж байж хөл дээрээ босохтой болоод өдөрт найман цаг спорт оролдож, усанд сэлж, хүчний дасгал хийж байв. Дөрвөн жил хагасын дараа л эрүүл байсан шигээ явдаг болжээ. Охиноо эмчлүүлэхийн тулд эцэг, эх нь машинаа зарж, 1972 оны есдүгээр сард ажилдаа орох хүсэлт гаргаж, конторын ажил хийх болов. Эх оронд нь түүнийг үндэсний баатрын хэмжээнд үзэж “шидтэн” гэх хочтой болжээ.
Р.Жаргалант