МАН-ын Засгийн газрын дангаараа шийдэж чадаагүй том асуудлуудын нэг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал байлаа. Хэрэв эрчим хүчний үнийг шат дараалалтай нэмж чадахгүй бол дөрвөн жилийн дараа яг ингээд л халаглаж суух нь тодорхой. Тиймээс УИХ-ын 80 хувь нь шинэчлэгдчихээд байгаа энэ нөхцөлд гэрээгээр “гэрлэснээ” ашиглаад, “хамтын ажиллагааны зарчим”-даа тулгуурлаад зориглоод хийх нь зүйтэй болов уу. “Хамтын ажиллагааны зарчим” гэдэгт юуны өмнө улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, намуудын мөрийн хөтөлбөрийн уялдааг хангах, талуудын оролцоо тэнцвэртэй байх, харилцан ойлголцолд тулгуурлан асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх, гэнэтийн шийдвэр гаргахгүй, тэргүүлэх чиглэлд нийцээгүй, үр ашиггүй зардал гаргахгүй, мэдээлэл солилцоо шуурхай, ил тод байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй, хамгийн гол нь хамтын хариуцлага хүлээх гэсэн есхөн зарчим батлаад нэгдсэн. Эдгээр зарчмын дагуу эрчим хүчнийхээ бэрхшээлийг даван туулах нь зөв. Ийм том шийдлийг улс төрийн эр зориг гаргаад хийж чадвал Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хэдэн хүн ард иргэдийн дургүйг хүргэх боловч улс орны хэмжээнд хожно. Юуны өмнө 2001 онд баталсан Эрчим хүчний тухай хуульд өнөөдөр шаардлагатай заалтуудыг оруулахгүй бол хэцүүдэж ирлээ. Бодит байдалд Монгол Улсын 2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх жилийнхээс 11.3 хувиар нэмэгдэж, 1636 МВт-д хүрсэн. Нийт хэрэглээний 22.3 хувийг импортолж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны тайлангаар 8.5 тэрбум кВт/ц-ийн гүйцэтгэлтэй гарчээ. Товчхондоо, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон. Өчигдөр, уржигдар ийм байдалд ороогүй, 30 жил үргэлжилсэн, ярьсан зовлон. Эх үүсвэр, хүчин чадлаа нэмээгүй атал хэрэглээ өсөөд байгаа. Нэгэнт эрчим хүч хэрэглэдэггүй салбар үгүй учраас хөгжлийн тухай яриа бүр мөрөөдөл болж байна. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар хангалттай анхаарч ажиллаж эхэлсэн. Одоо хэрэгжүүлэх мега төсөлдөө ч тусгасан. Харин эрчим хүчний салбарын алдагдлыг яах вэ? Эрчим хүчний үнэд нүүрсний уурхайн, тээврийн, үйлдвэрлэлийн, дамжуулах, түгээх зардал гээд бүгд багтдаг. Салбар нь алдагдалтай ажиллаж байгаа учраас тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэлийг хангалттай хийж чаддаггүй. Энэ бүхэн хэчнээн аюултай болохыг цахилгаан тасрахаас нааш анзаардаггүй, дэндүү цалгар байдлаа одоо зориглож засацгаая. Наанадаж эрчим хүчний хэмнэлтэд анхаарцгаая. Эрчим хүч бол “нөөцөлж” болдоггүй онцлогтой бүтээгдэхүүн. Тиймээс хэрэглэгчид хэмнэлтэд суралцах ёстой. Цахилгааны нэгжийн бодит өртөг 2022 онд 224 төгрөг байсан бол 2023 оны тооцоогоор 243 төгрөг болоод нэмэгдчихсэн. Ялангуяа ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй үнэ бодит өртгөөсөө 74 хувиар доогуур байгаа юм. Үнэ тарифыг тогтоохын тулд эрчим хүчний бодит өртөг зардлыг тооцохын зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бусад бараа, бүтээгдэхүүний үнэ, айл өрхийн орлого, нэг өрхийн орлогод эрчим хүчний үнийн эзлэх хувь хэмжээг тооцдог аж. Одоо дахин эцсийн байдлаар ЭХЗХ-ноос үнэ тарифыг тогтоох, хэрэв нэмэхэд хүрвэл инфляцын түвшин, эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарах талаарх тооцооллыг танилцуулах хүлээлттэй байна. Гол нь хэрэглэгчдэд учрах төлбөрийн дарамт, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэрийг хангах бодлого чухал. Үүнд айл өрхийн цахилгааны хэрэглээнээс хамаарсан шатлан нэмэгдэх тарифыг нэвтрүүлэх, өндөр хэрэглээний тарифыг бодит өртөгтэй уялдуулах зэрэг манай улстай ижил төстэй орнуудын жишгийг дагах нь зөв болов уу. Ийнхүү тарифыг индексжүүлэх зарчимд шилжсэнээр эрчим хүчний салбар эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжин ажиллах боломж бүрдэх юм.
У.Оргилмаа