Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр хэл ярианы бэрхшээлтэй 3618 хүн Монголд байдаг аж. Гэсэн ч энэ төрлийн бэрхшээлтэй хүний тоог нарийвчлан гаргах боломжгүйг мэргэжилтнүүд онцолж буй. Хүүхдийн сэтгэл судлаач, хэл засалч, боловсрол судлалын доктор Ж.Мөнхнасан таван насны 2000 хүүхдийг хамруулсан судалгаагаараа таван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы ямар нэг бэрхшээлтэй байгааг тогтоожээ. Энэ нь хэл засалч мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харуулж буй юм. Гэвч Монгол Улсад хэл засалч бэлтгэдэг их, дээд сургууль өдий хүртэл байгаагүй. Тиймээс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хэл засалчийн анги шинээр нээж, ирэх хичээлийн жилээс эхлэн суралцагч нараа хүлээж авахад бэлэн болжээ. Бэлтгэл ажлынхаа хүрээнд багш нараа Япон улсад сургаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан уг мэргэжлийн ач холбогдлыг таниулах зорилгоор нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн хөдөлгөөн, хэл засалч, анагаах ухааны магистр Л.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг харилцааны туслах арга буюу биеийн хэлэмж, зурагт хуудас зэргийг ашиглан өөрийгөө ойлгуулах чадварт сургахад анхаарч ажилладаг юм байна.
-186 дугаар цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авдаг боловсролын цөөн тооны байгууллагын нэг шүү дээ. Одоогийн байдлаар хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Манай цэцэрлэгт 80 орчим хүүхэд хамрагдаж байна. Бид сонсгол, харааны бэрхшээлтэй болон дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хүлээж авдаг. Долоон бүлэгтэйгээс тавд нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд суралцдаг. Нэг анги маань 15 хүүхэдтэй бөгөөд анги даасан болон туслах багш нар хариуцдаг.
-Хэл засалч нар хүүхэд нэг бүрдээ хүрч ажиллаж чадаж байгаа болов уу?
-Цэцэрлэгийн хэмжээнд дөрвөн хэл засалч ажиллаж буйгаас нэг нь надтай адилхан хөдөлгөөн засалч мэргэжилтэй ч хэл засалчаар мэргэшсэн. Хэл засалч бэлтгэдэг их, дээд сургууль манай улсад байхгүй учраас хоёр хэл засалчаа сургаад ажиллуулж байгаа. Манайд сургуулийн өмнөх насны буюу 2-6 насныхныг хүлээж авдаг бөгөөд сэргээн засах эмчилгээтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Сэргээн засах эмчилгээний хуваарийн дагуу нэг хүүхдийг долоо хоногт 2-3 удаа хэл засалд хамруулдаг. Миний хувьд өдөрт 10 хүүхдэд энэ төрлийн тусламж үзүүлдэг. Анхаарал, төвлөрөл, чадамжаас нь хамаараад хүүхэд бүрд 20-30 минут зарцуулдаг.
-Та бүхэн эх хэлээ сайн эзэмшихээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр хэмжээний мэдлэг, дадлага, ур чадвартай байх хэрэгтэй юү?
-Тийм шүү. Хүүхдүүдтэй ажиллахын өмнө эхлээд эцэг, эхчүүдтэй нь сайтар ойлголцох шаардлагатай болдог. Тэдэнд хүүхдийнх нь нөхцөл байдлыг тайлбарлаж, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хэл засалч нар бол чиглүүлэгч. Харин эцэг, эхчүүд бол хүүхдүүдтэйгээ илүү олон цагийг өнгөрүүлдэг учраас тэдний үүрэг, оролцоо нэн чухал. Тиймээс хүүхэдтэйгээ харилцах арга барилын талаар зөвлөгөө өгдөг.
Миний хувьд 2020 оноос цус харвалтын дараах хэл заслыг сонирхож судлах болсон. Цус харвалтын өмнө бусадтай харилцаад амьдрал нь энгийн л өрнөж байсан хүмүүс хөдөлгөөний, хэл ярианы бэрхшээлтэй гэнэт тулахаар хямарч эхэлдэг. Тиймээс “Та хичээвэл үр дүнд хүрнэ” гээд л байнга дэмжиж ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл, бид сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж ч хүргэх хэрэгтэй болдог.
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нөхцөл байдлыг бүрэн ойлгосон байх нь чухал гэлээ. Танай цэцэрлэгийн хүүхдийн ар гэрийнхний хувьд энэ төрлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдээлэл хэр байдаг бол?
-Эцэг, эхчүүдэд хүүхдүүдийнх нь цэцэрлэгийн багш “Танай хүүхэд нэрээр нь дуудахад эргэж харахгүй байна. Нүдээрээ харилцаа үүсгэхгүй, сургалтын үйл ажиллагаанд оролцохгүй ганцаараа л тоглоод байх юм. Тиймээс эмчид үзүүлэх хэрэгтэй” гэж зөвлөхөд зарим нь эрүүл мэндийн байгууллагад ханддаг бол ихэнх нь тоодоггүй. Үүний шалтгаан нь “Эмээ, өвөө нь хэлд оройтож орж байсан болохоор удамшсан байх” гээд тоолгүй орхидогтой холбоотой. Уг нь эрт оношилж, тусламж үйлчилгээ үзүүлж байж л үр дүн сайн гарна шүү дээ.
Дэлхий нийтэд ч аутизмын хүрээний эмгэгийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. АНУ-д л гэхэд найман настай хүүхдүүдийн дунд аутизмын тархалтын судалгаа хоёр жил тутамд хийдэг. Хамгийн сүүлийн тоо баримтаас харахад тус улсад 2025 оны байдлаар 31 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношлогдож байна. ДЭМБ-ын судалгаанаас харахад 100 хүүхэд тутмын нэг нь аутизмаар оношлогдож байгаа гэх мэтчилэн жил ирэх тусам тоо нь нэмэгджээ. Монгол Улсын хувьд энэ талаарх нарийвчилсан тоо баримт байдаггүй. Тиймээс Аутизмын холбоонд бүртгэлтэй хүүхдийн тооноос эх сурвалж татдаг.
-Хэл ярианы хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэм хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ажиглаад байхад олон нийтийн ойлголт нэлээд дутмаг санагддаг л даа. Тархины үйл ажиллагаа нь мэдрэлийн маш олон төвүүдийг хариуцдаг. Өвчин эмгэг, гэмтлийн улмаас хэл ярианы хэсэг гэмтсэнээс үүдэлтэйгээр ярихад бэрхшээлтэй байж болно. Хүмүүс биднийг хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй ажиллаад шууд яриулчих юм шиг ойлгодог. Гэтэл хэл ярианы бэрхшээлийн цаана ямар шалтгаан байгаа, түүнээс болоод хүүхэд ямар суурь чадваруудаа алдаад байгааг илрүүлсний дараа бага багаар эмчлэхээр ажилладаг.
-Хүүхдүүдийг долоо хоногт гурван удаа сэргээн засах эмчилгээнд хамруулж буй нь ажилчдын ачааллаас шалтгаалж байгаа юу?
-Тийм ээ. 80 хүүхдийг дөрвөн хэл засалчдаа хуваагаад ажлын ачаалалд нь тааруулахаар өдөрт дунджаар 10 хүүхдэд л үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Уг нь хүүхдүүд өдөр бүр л хэл заслын эмчилгээндээ хамрагдаж байж илүү үр дүн гарна.
-Хэл засалчаар мэргэшүүлэх богино хугацааны сургалтууд зохион байгуулагддаг юм билээ. Гэтэл энэ мэргэжилд анагаахын нарийн мэдлэг ч чухал юм байна шүү дээ.
-Тусгай сургууль, сэргээн засах төвүүд гээд бүгдэд нь л хэл засалч шаардлагатай байгаа. Гэтэл ОХУ-д согог заслаар бэлтгэгдсэн цөөн тооны багш байдгаас биш, яг хэл засалчаар дагнан суралцсан мэргэжилтэн манай улсад тун цөөн. Ихэнх нь цаг үеийн буюу ажлын шаардлага, ачааллаас болж, богино хугацаанд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, энэ чиглэлээрээ ажиллаж байна. Харин ирэх хичээлийн жилээс Монголд анх удаа АШУҮИС-д хэл засалч бэлтгэж эхлэх гэж буй нь талархууштай. Учир нь хэл яриа бол тархины үйл ажиллагаатай холбоотой учраас хэл засалчид анагаахын нарийн мэдлэгтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад ихэвчлэн практикт дагалдаж ажиллаад суралцсан хэл засалч дийлэнхдээ ажиллаж байна шүү дээ.
-Та хөдөлгөөн засалч мэргэжилтэй ч ажлын ачааллаас үүдэн хэл засалчаар мэргэшиж ажиллах болсон гэсэн шүү дээ. Бусад хөдөлгөөн засалч нар ч тэгдэг үү?
-Яалтч үгүй тухайн байгууллагад нь хэл засалч байхгүй бол орлох шаардлагатай болдог. Миний хувьд ажлын ачааллаас үүдэн хөдөлгөөн засалч мэргэжилтэй ч хэл, хөдөлмөр заслын үйлчилгээг давхар үзүүлэх тохиолдол бий. Эмнэлгүүдэд ч хөдөлгөөн засалч нар маань энэ мэтчилэн ажиллаж байна.
-Олон улсад хөдөлгөөн засалч нарыг хэрхэн бэлтгэдэг бол. Цаашдаа гүнзгийрүүлэн суралцаж, өсөж хөгжих боломж хэр нээлттэй вэ?
-Хөдөлгөөн, хэл, хөдөлмөр засалч нар нь сэргээн засах багийн чухал мэргэжилтнүүд юм. АНУ-д л гэхэд хөдөлгөөн, хэл засал, аутизмын хүрээний эмгэгийн үе дэх зан үйлийг засах АВА сургалтыг үр дүнтэй, нотлогдсон эмчилгээ гэж үздэг. Тиймээс сэргээн засах энэ төрлийн эмчилгээнд хамрагдах боломжоор иргэдээ хангахын тулд АНУ-д даатгалаар хөнгөлөлттэй үйлчилдэг юм билээ. Энэ хэрээр хэл засалчдын эрэлт хэрэгцээ ч нэмэгдэх хандлагатай байна.
-Эмчилгээгээ эхлүүлэхийн өмнө хэл ярианы бэрхшээлийн шалтгааныг тодруулдаг гэж байсан. Хэрхэн илрүүлдэг вэ?
-Ураг байх үеийнхээс нь судлаад, төрсний дараа осол гэмтлээс үүдэлтэй юү, эсвэл эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж байгаагүйгээс хэл ярианы бэрхшээлтэй болов уу гээд судалдаг. Эцэг, эхийн харилцаа хүүхдийн хөгжилд маш чухал нөлөөтэй. Сэргээн засах эмчилгээний багийнхан хүүхдийн тархины зургийг аваад, хаана гэмтэл байгааг илрүүлээд бүгд л хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг.
Хүүхдийн хэл ярианы хөгжил тодорхой зүй тогтолтой. Төрөхдөө маш чангаар уйлах, 5-6 сартайдаа шулганах, нэг настайдаа “ээж ээ”, “аав аа”, “май” гэх зэргээр нэг үетэй, “а”, “б”, “м” авиа орсон үгийг хэлэх чадвартай болдог. Иймд тухайн хүүхдийн эцэг, эх хэл ярианы бэрхшээлийг нь эрт илрүүлэх боломжтой. Хүүхдийн хэл ярианы хөгжилд гурван зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, бие бялдрын хөгжил нөлөөлөх бөгөөд тархиндаа ямарваа нэгэн гэмтэл авсан, хүнд хэлбэрийн өвчлөлд өртөж байсан, эсэхээс хамаардаг. Хоёрдугаарт, хэл яриаг хөгжүүлэх орчин бүрдээгүй нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадвар хөгждөггүй. Гуравдугаарт, монгол хэлний онцлог нөлөөтэй. Монгол хэл нь хатуу хэллэгтэй учраас хүүхдэд эзэмшүүлэхийн тулд бие бялдрын буюу булчингийн хөгжил, төвмэдрэлийн тогтолцооны хөгжлийг нь сайжруулах шаардлагатай болдог. Тиймээс хоёр настай хүүхэд өгүүлбэр хэлж чадахгүй байвал хоцрогдолтой гэж үзэж насанд хүрэгчдийн тусламж хэрэгтэй болдог. Хэл ярианы хөгжлийн хоцрогдолд орох магадлалтай хүүхдүүдэд дээрх гурван шалтгаан нөлөөлөхөөс гадна сэтгэхүйн буюу танин мэдэхүйн хөгжил муу байх нь хамааралтай.
Эмчилгээ эхлэхээс өмнө мэдээж эцэг эх, асран хамгаалагчтай уулзаж эхийн жирэмслэлтийн, төрөлт, төрсний дараах аль үед хэл ярианы бэрхшээл үүссэн байх магадлалтай талаар судалгааг авдаг. Дараа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт тестүүдээр хэл ярианы бэрхшээл, хоцрогдол байгаа, эсэхийг оношилдог.
-Шалтгаан нь дийлэнх тохиолдолд юунаас үүдэлтэй байв?
-Тархины саатай хүүхдүүдээр жишээ аваад ярихад дутуу болон бүтэлттэй төрөлт, нярайн шарлалт гүнзгий явагдсанаас үүдэлтэйгээр хэл ярианы бэрхшээлтэй болсон тохиолдол олон.
Цус харвалт, тархины гэмтэл, тархины хавдрын улмаас хэл, ярианы эмгэг насанд хүрэгчдэд үүсч болно. Тухайлбал, тархины хэсгийн бүтэц, үйл ажиллагаа алдагдахад хэл ярианы хүнд хэлбэрийн бэрхшээл үүсдэг. Хүний хэл яриаг тархины үндсэн хоёр хэсэг хариуцдаг. Брокагийн хэсэг нь хэл ярианы булчингуудын үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд энэ хэсэг гэмтэхэд хүн бусдын яриаг ойлгож чадахгүй, хэлсэн үгээ сонсох боловч ойлгохгүй зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. Верникегийн хэсэг нь бичгийн болон ярианы хэлийг ойлгох үйл ажиллагааг хариуцдаг. Энэ хэсэг гэмтэхэд хүн урт, утгагүй өгүүлбэр хэлэх боловч бусдын яриаг ойлгож чаддаггүй. Дээрх шалтгаануудаас болон дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэнээс хэл ярианы бэрхшээл үүсэх нь ажиглагдах болсон.
-Танай цэцэрлэгт урт хугацаанд суралцаж байгаа хүүхдүүд бий юү?
-Эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжаас шалтгаална л даа. “Энгийн цэцэрлэгт явуулбал хүүхдийн нийгэмшилд чухал нөлөөтэй” гэж үзэх нь бий. Аутизмтай хүүхдүүдийг анги хамт олны үйл ажиллагаанд зориудаар татан оролцуулахгүй бол ганцаараа байхдаа л таатай байдаг. Тиймээс тухайн хүүхдийг ойлгох нь л чухал. Гэтэл тухайн цэцэрлэгийн ажилтнууд энэ байдлыг нь ойлгох, эсэх нь бас эргэлзээтэй шүү дээ.
А.Тэмүүлэн