Монголын гүйлтийн цанын шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин Э.Ариунтунгалаг эл спортоор олон жил хичээллэсэн. Манай улсын цаначдаас “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцох эрх гардсан гурван тамирчны нэг. Тэрбээр Норвег улсын Тронхейм хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 9-нд зохион байгуулсан гүйлтийн цанын ДАШТ-д оролцож, эхний 10 байраас наймд шалгаран Италийг зорих болзлыг биелүүлсэн. Үүнээс өмнө нь БНСУ-ын Пёнчан хотод 2022 онд болсон Зүүн Азийн цомын тэмцээнд таван км-ийн сонгомол техникийн төрөлд V байр эзлэн хамгийн өндөр оноог (86.88) авсан юм. Тэгвэл өмнөд хөршид болсон “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцож, 13 байр эзэлж байв. Түүнчлэн багийнхантайгаа БНСУ-д өнгөрсөн наймдугаар сард хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ дугуйт цанын “Азийн цомын” цуврал тэмцээнд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн билээ.
-Монголд цанын спорт хөгжсөний 70 жилийн ой ирэх жил тохионо. Манай улсаас одоогоор гурван тамирчин өвлийн олимпын эрх гардаж, спорт сонирхогчдыг баярлууллаа. Таны сэтгэл хэр догдолж байна вэ?
-Сониныхоо зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаад баярлалаа. “Скай ресорт” цанын баазынхан энэ жил цасаа эрт буудсанаар бид бэлтгэлээ шаргуу базааж эхэлсэн. Шигшээ багийнхан Италийг удахгүй зорино. Тэнд манай улсаас хоёр тамирчин (эрэгтэй, эмэгтэй) өвлийн олимпод оролцуулах хүлээлгийн эрх бий. Тиймээс энэ боломжоо ашиглаад эрх олгох цуврал тэмцээнд өрсөлдөх юм. 70 жилийн түүхтэй спортынхноос А.Ариунбат уулын цанын төрөлд өвлийн олимпод анх удаа оролцохоор эрхээ авлаа. Тэрбээр ийм амжилт гаргахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хүсэл мөрөөдлөө ч биелүүллээ. Монголын цанын холбоо эрх авсан тамирчдаа өвлийн олимп болох хотуудтай ойрхон байлгаж, цанын баазад нь бэлтгэл хийлгэхээр төлөвлөсөн. Европт энэ сарын сүүлээр болох тэмцээнүүдэд багаараа оролцсоны дараа Б.Ачбадрах бид хоёр “Дэлхийн цом”-д өрсөлдөхөөр Швейцар руу явна. Тэндээс БНСУ-д ирж, дараагийн цувралд дахин хурд сорих юм.
-Тэмцээнд уралдахад цанын тосолгоо их чухал. Тухайн улсын багийн амжилт үүнээс шалтгаалдаг тохиолдол бий.
-Тухайн улсад шигшээ багийнх нь хамгийн чухал хүн нь тосолгооны мэргэжилтэн байдаг. Бэлтгэлээ сайн базаасан ч цанынх нь тосолгоо тааруухан бол амжилт гаргах амаргүй. Бидэнд хамгийн их тулгардаг асуудал бол энэ шүү дээ. Монголд ийм мэргэжилтэн байдаггүй. Гадаадаас урьж ажиллуулахад өндөр өртөгтэй. Манай холбоо “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд өмнөд хөршийн мэргэжилтнээр тамирчдынхаа цаныг тослуулж оролцуулсан. Б.Ачбадрах, О.Золбаяр нар тэмцээний өмнөх өдөр багийнхныхаа цаныг тосолж бэлддэг юм. Тиймээс холбооны удирдлагууд энэ удаа олимпод өрсөлдөх тамирчдаа тосолгооны мэргэжилтэнтэй оролцуулахаар ярилцаж байгаа. Манай улс наанадаж хоёр мэргэжилтэнтэй байх ёстой гэж боддог. Цанын тосолгооны мэргэжилтэн бэлтгэхэд тодорхой цаг хугацаа, туршлага хэрэгтэй. Эрт бэлдэх тусам тамирчид цаг хугацаа алдахгүй амжилт гаргана. Техник, технологи жил бүр өөрчлөгдөж байгаа тул тэр хэрээр сайн сурах шаардлага гарч байна. Тосолгооны мэргэжилтнүүдийн олонх нь цанын спортын талаар өргөн мэдлэгтэй байдаг. Бид бэлтгэлээ дэлхийн шилдгүүдтэй адил хэмжээнд хийдэг. Ур чадвар, хуримтлуулсан туршлагаар ч дутахгүй. Харин тэднээс нэг зүйлээр дутуу байдаг нь цанын тосолгоо.
-Та өвлийн олимпод анх удаа өрсөлдөнө. Олон жил тууштай хөдөлмөрлөсний үр дүнд Италийг зорихоор боллоо шүү дээ.
-Би цанаар 15 жил хичээллэсэн. Бүх зүйл цаг хугацаатай. Хүмүүс надаас өмнө нь “Чи хэзээ өвлийн олимпод оролцох юм бэ. Боломж байсан биз дээ” гэж асуух бүрд нь хэлэх үггүй суудаг байсан. Харин энэ удаа оролцохоор болсноо дуулгахад таатай байна. Тамирчин хүнд амжилт гаргах он жил, тохироо нь бүрдэх цаг хугацаа гэж бий. Тэр цаг нь одоо болжээ гэж ойлгосон. Манайх хоёр хүүхэдтэй. Том охин минь III ангид сурдаг. Бага охиноо 2023 онд төрүүлсэн, одоо нэг нас найман сартай. Өөртөө том зорилго тавьчихаад өдөр хоногийг хойшлуулж болохгүй. Тиймээс хүүхдээ гурван сар хүргээд л бэлтгэлдээ орсон. Цанын тамирчид цаг агаарын хүнд нөхцөлд сургуулилалт хийдэг. Тамирчны амьдралд хөл тавьсан анхны өдрөөс эхлээд би чадна гэсэн сэтгэл зүйгээр хандаж ирлээ. Спорттой нөхөрлөсөн он жилүүдийн хамгийн оргил үеийнхээ амжилтыг өвлийн олимпод харуулахаар зорьж байна.
-Уулын цанын шигшээ багийнхнаас А.Ариунбат гүйлтийн цанынхантай “Милан-Кортина 2026”-д оролцох нь. Тэрбээр АНЭУ-ын Дубайд болсон тэмцээнд “битүү морь” шиг уралдаж, эрх өвөртөлсөн нь олны анхаарлыг их татаж байна.
-Түүнд уулын цанын төрөлд эрх авах боломж байгааг бид мэдэж байсан. Аливаа зүйлийг цаг хугацаанаас нь өмнө ярихад бүтдэггүй гэдэг дээ. Шигшээ багийнхан тэмцээнд оролцохоор явахад нь “Чи чадна аа” гэж урам хайрлаж, олонд хэлэлгүй чимээгүй байхаар шийдсэн юм. Тэр нөхдийнхөө итгэл найдварыг алдаагүй. Нэг тамирчин ч гэсэн зорилгоо хэрэгжүүлсэнд баяртай байна. Миний хувьд Норвегийн Тронхейм хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 9-нд болсон гүйлтийн цанын ДАШТ-д оролцохдоо эхний 10 байраас наймд шалгарч эрхээ авсан бол Б.Ачбадрах А ангилалд өрсөлдөж болзлоо биелүүлсэн. 2024-2025 оны улирал өндөрлөхөд Дэлхийн цанын холбооноос өвлийн олимпын эрхийн квотыг зарлахад Монгол Улсаас хоёр тамирчин оролцох эрхтэй болсон юм. Гүйлтийн цанын тамирчид өвлийн олимпын эрх авахын тулд ДАШТ-ий А ангилалд уралдаж, бага оноо авах ёстой гэсэн заалт бий. Оноо бага байх тусам үзүүлэлтүүд нь гардаг юм. Эмэгтэйчүүд 150-аас доош оноотой байж олимпын бүх гараанд өрсөлдөх эрхтэй болно. Харин үүнээс дээш оноотой бол зөвхөн ойрын зайн болон холын зайн 10 км-ийн уралдаанд оролцдог. Б.Ачбадрах бид хоёрын хувьд олимпын тэмцээний бүх гараанд (10, 15, 30, 50 кмийн зайд) уралдана. Манайхан өмнө нь эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд оролцдог байлаа.
-Монголын цанын холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгогдсон байна билээ. Шинэ удирдлагууд тамирчдаа хэрхэн дэмжин, ажиллаж байна вэ?
-Холбооноос өмнө нь гүйлтийн цанын тамирчдад анхаарал түлхүү хандуулдаг байсан бол шинээр сонгогдсон удирдлагууд бүх тамирчныг адил нөхцөл боломжоор ханган ажиллаж байна. Уулын цанын шигшээ багийг байгуулж, 2022 оноос хойш тэмцээнд цөөнгүй оролцууллаа. Ингэж ажилласны үр дүн ч гарсан. Спортын ямар ч төрлийн тамирчныг нөхцөл боломжоор сайн хангавал амжилт гаргах бүрэн боломжтойг А.Ариунбатын уралдаан харуулсан. Монголын гүйлтийн цанын үе үеийн шигшээ багийнхан өвлийн олимпод тасралтгүй оролцож ирсэн түүхтэй. Одоогоор гурван эрх авсан ч хүлээлгийн хоёр эрх бий болохоор итгэл найдлага тавьж байгаа. Хэрвээ хоёр тамирчин нэмж эрх гардвал авсан онооноосоо хамаарч, ямар төрөл, зайд уралдах нь шийдэгдэнэ. Төр засгийн удирдлагууд өвлийн спортын тамирчдаа дэмжээд өгвөл амжилт гаргах боломж бий.
-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга багш тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтын юунд анхаарал хандуулж байгаа бол?
-Д.Баттулга багшийн удирдлагад бид зуны бэлтгэлээ хийж дуусаад өвөл цасан дээр дасах сургуулилалт хийж байна. Урин дулаанд дугуйт цанаар гулгаж, хуурай бэлтгэл хийсэн бидний хувьд цасан дээр дасах, дараа нь хурдны бэлтгэл хийх чухал байдаг. Монголын цанын холбоо “Скай ресорт” цанын баазтай холбоотой ажиллаж, тамирчдаа өглөө эрт бэлтгэл хийлгэдэг юм.
-Та бол Төв аймгийн Батсүмбэр сумаас төрсөн цанын спортын шилдгүүдийн нэг юм билээ.
-Би тус сумд төрсөн. Аав, ээж минь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат. Орон нутгийн хүүхдүүд гүйлтийн цана, тэшүүрээр голдуу хичээллэдэг бол хот суурин газрын залуус снөүбоард, уулын цанаар сонирхож гулгадаг. Манай сумаас өвлийн олимпод Б.Дамдинжав хэмээх тамирчин Австрийн Инсбрук хотод 1964 онд зохион байгуулсан өвлийн олимпын IX наадамд гүйлтийн цана, биатлоны төрлөөр оролцож байсан юм билээ. Надад энэ спортын эрдмээс анх заасан ачтан бол тус аймгийн Борнуур сумын харьяат, дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Ичинхорлоо. ОХУ-д болсон “Сочи-2014”, БНСУ-д зохион байгуулсан “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон Ч.Отгонцэцэг эгч бид хоёр түүний удирдлагад хичээллэсэн тамирчдын нэг. Багшийг минь 2022 онд Гавьяат багш цолоор шагнасан. Тэрбээр улсдаа цанын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ харамгүй оруулж, олон тамирчин бэлтгэсэн. Бид багштайгаа одоо ч холбоотой байдаг.
-Цанаар олон жил уралдахад гэр бүлийн тань дэмжлэг, үүрэг оролцоо их нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тэгэлгүй яах вэ. Манайхан намайг маш сайн ойлгож, дэмждэг. Нөхөр минь цэргийн байгууллагад ажилладаг. Бид хүүхэд байхаасаа нэгнээ мэднэ. Арван жилийн сургуульд нэг ангид хамт сурсан. Нөхөр ажилдаа, би бэлтгэлээ хийхээр гэрээсээ өглөө эрт гардаг. Биднийг завгүй үед хоёр талын аав, ээж охидыг минь асарч халамжилдаг. Тэднийхээ тус дэмээр ар талдаа санаа зовнихгүй бэлтгэлээ хийж, амжилт гаргаж байна. Гүйлтийн цанын тамирчид зэвсэгт хүчний байгууллагад харьяалагдаж, уралдаанд оролцдог. Би одоо 011 дүгээр ангийн Соёлын төвийн даргын албыг хашдаг. Дотоодын томоохон тэмцээнд “Алдар” спорт хорооны нэр дээр өрсөлддөг.
-Хэзээ нэгэн цагт тамирчны карьераа өндөрлүүлбэл дасгалжуулагчаар ажиллах уу?
-Миний хувьд ҮБТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Цанын спорттой нөхөрлөснөөс хойш гэртээ тухалсан өдөр ховор. Дотоод, гадаадын тэмцээнд байсхийгээд л оролцдог. Тамирчны карьераа өндөрлүүлбэл дасгалжуулагчаар ажиллах бодолгүй байна. Учир нь цанын спортын жаргал, зовлон сайн мэддэг болохоор тэр. Би хүүхдүүддээ цаг, зав гаргадаггүй ээж байхыг дахиж хүсэхгүй. Гэхдээ спортын салбараас бол нэг их холдохгүй байх. Том охин минь өвөө, эмээ дээрээ голдуу өссөн. Улаанбаатарт хааяа ирэхээрээ танайх, манайх гэж ярьдаг. Спортод сонирхолтой. Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ гэж асуухаар цанаар хичээллэнэ гэдэг юм. Намайг тэмцээнээс медаль хүртэхийг хараад тамирчин болох сайхан гэж төсөөлдөг шиг санагдсан. Ээж охинд минь “Манай удамд хөлсөөрөө хоолоо олж иддэг хүн чиний ээж л байна. Чамайг тамирчин болгохгүй. Хичээл, номдоо шамдаж, мэргэжил боловсролтой болохыг хичээ. Чи ямар мэргэжил эзэмшинэ түүгээрээ л амьдарна” гэж хэлдэг юм.
-Спортын төрлүүд хурдацтай хөгжиж байгаа өнөө үед цанын загвар өөрчлөгдөж байна. Манай тамирчид ямар фирмийн цанаар уралддаг вэ?
-Бид голдуу “Фишер” брэндийн цанаар уралддаг. Тус фирмийн үйлдвэрлэсэн шинэ цаныг тамирчдад өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Шинээр үйлдвэрлэгдэж буй цанын гулгах зориулалт, төрөл нь хүртэл өөр. Европын ихэнх оронд цана үндэснийх нь спортоос дутуугүй хөгжсөн. Азиас Япон, БНСУ, Казахстан улсаас техник, технологийн давуу тал харагддаг. Эдгээр улсад цанын тосолгооны мэргэжилтэн цөөнгүй байдаг тул тамирчид нь тив, дэлхийн, өвлийн олимпод хүчтэй өрсөлддөг.
-Сүүлийн үед дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод Европын орнуудад цас бараг орохоо больсон гэдэг. Байгалийн цасан дээр гулгах цанын баазынхаас өөр байдаг биз?
-Цаг агаарын өөрчлөлт, дулаарлын байдлаас болоод олон орны тамирчид байгалийн цас дээр гулгах нь багассан. Тэгээд ч цасны бүтэц нь өөр байдаг. Тиймээс хиймэл цастай цанын баазад гүйлтийн болон уулын цанын тамирчид бэлтгэлээ хийдэг. Саудын Арабад 2029 онд Азийн өвлийн наадам болно. Тэгэхээр гадаа бус дотор зааланд уралдах болов уу. Халуун уур амьсгалтай орнууд хүртэл өвлийн спортыг эх орондоо зохион байгуулдаг болж байна. Монголд цанын спорт хөгжих боломжтой ч эрс тэс цаг агаартай тул хичээллэх хүүхэд, залуус ховорджээ. Цанын тамирчдыг өвөл бэлтгэл хийхэд цаг агаар хүртэл өрсөлдөгч болно шүү дээ. Орон нутгийн хүүхдүүд үүгээр сонирхож хичээллэдэг нь өссөн ахуй, орчинтой нь холбоотой. Тэгэхээр цанын спортод хойшид шигшээ баг бүрдүүлж, тамирчин бэлтгэх асуудал тулгарч байна. Өвлийн спортын төрлүүдээс гүйлтийн цанаар хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Дэлхийн шилдгүүдийг судлахад 30-35 насандаа амжилт гаргасан байдаг. Тухайлбал, Норвегийн эрэгтэй, эмэгтэй тамирчин энэ насандаа Бээжингийн олимпод түрүүлж, аварга болсон. Цана тэсвэр, хатуужлын спорт тул олон жил хичээллэж байж, гулгах техникүүдийг төгс эзэмшдэг юм. Энэ спортод тууштай хөдөлмөрлөж, туршлага хуримтуулсан тамирчид амжилт гаргадаг.