Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой маргааш тохионо. Их Монгол Улсыг байгуулан, Монгол туургатныг нэгтгэсэн Эзэн богд Чингис хааны намтар, түүх болон түүхэн сурвалжуудыг олон талаас нь харьцуулан судлахын ач холбогдлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
-Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтож, уг өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн нэрлэх болсон. Монголын түүх, монголчуудын хувьд энэ өдөр ямар ач холбогдолтой талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Эзэн богд Чингис хаан гэж хэн бэ гэдгээс эхлэх нь зөв байх. Тэрбээр Монгол туургатныг нэгтгэж, биднийг дэлхийн түүхийн тавцанд гаргасан хүн. Чингис хаан бол монгол угсаатны хувьд оюун санааны төвд орших, онцгой хүндэтгэлтэй байр суурь эзэлдэг.
Дэлхийн олон оронд шашны болон зан үйлийн цөөнгүй баяр, наадам бий. Хувь хүний, түүхэн зүтгэлтний мэндэлсэн, эсвэл нас барсан өдрийг өргөнөөр тэмдэглэдэг. Үүний нэгэн адилаар бид ч бас Монгол туургатныг нэгтгэсэн энэ аугаа эрхэм хүмүүний түүхээр бахархаж, үйл хэргийг нь эргэн дурсах үүднээс эл өдрийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Тиймээс энэ өдрийг зөвхөн Монгол Улсад амьдарч буй биднээс гадна, дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчуудын хувьд тэрхүү нэгдмэл төвдөө уулзаж буй утгаар нь тэмдэглэдэг. Энэ нь Эзэн богд Чингис хааны намтар, түүх, үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Тэгэхээр бидний хувьд түүхээ санаж, ухаарах, бахархах зэрэг олон талын ач холбогдолтой өдөр гэсэн үг.
ЧИНГИС ХААНЫ НАМТАР, ТҮҮХИЙН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮРТГЭЛЭЭ
-Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ төлөвлөсөн бэ?
-Бид өнөө жил 2-3 түүхт ойд голчлон анхаарлаа. Нэгдүгээрт, 1235 онд болсон Өгэдэй хааны Их Хуралдайг онцолъё. Европ болон Өрнө зүгийг чиглэсэн аян дайн төдийгүй эдийн засгийн талаасаа татварын бодлогыг илүү боловсронгуй болгосноороо уг хуралдай онцлогтой. Тиймээс эл хуралдайн 790 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Мөн Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойн хүрээнд “Монголын эзэнт гүрний түүхийн товч толь” хэмээх 770 гаруй хуудастай хамтын бүтээлээ уншигчдын хүртээл болгоод байна. Түүнчлэн манай хүрээлэнгийнхэн Үндэсний номын сангийнхантай хамтран Чингис хааны ном зүйн бүртгэлийг хийлээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон оронд хэвлэгдсэн Чингис хааны намтар, түүхийн тухай өгүүлсэн бүтээлүүдийн бүртгэлийг хийж гүйцэтгэв. Одоогоор бүтээлийн жагсаалт гаргаж, программд оруулаад байна. Ингэснээр тэдгээр бүтээлийг нэмж дэлгэрүүлэх боломж бүрдэж буй юм. Мөн цаашид улам баяжуулан дэлгэрүүлж болно гэсэн үг.
-ХIII-XIV зууны монгол аймгуудын дотоод байдал, улс төрийн тогтолцоог та хэрхэн дүгнэдэг вэ. Тэр үеийн Монгол одоогийн бидний төсөөллөөс юугаараа ялгаатай байсан бэ?
-Бид судалгааны ажил, төрөл бүрийн ном, товхимол уншаад, түүхийг төсөөлж болно. Гэхдээ хамгийн гол эх сурвалж нь түүхийн сурвалж байдаг. Мөн сурвалж бичгийн мэдээллийг археологийн олдвороор баталгаажуулж, нотлох нь чухал. Олон талын баримт харж, харьцуулж байж л бодит дүр зураг гаргадаг юм. Тиймээс түүхийг хэрхэн ойлгох нь хэдий чинээ олон сурвалжийг хооронд нь харьцуулсан бэ гэдгээс хамаарах нь бий. Жишээлбэл, хааны тухай түүх бичлээ гэж бодъё. Тэгвэл хамгийн түрүүнд тухайн ордны түүхч бичих нь. Ингэхдээ хааныг маш гоёор магтаж бичнэ. Харин түүний дайсан улсын түүхч бол манай газар нутгийг булаах гэсэн эзлэн түрэмгийлэгч, ёстой л гай зовлон байсан гэх мэтээр бичих жишээтэй. Тиймээс олон талаас нь харьцуулан судлах шаардлага урган гарна.
Бид эзэнт гүрний, Чингис хааныхаа түүхийг эргэж харъя гэвэл хамгийн түрүүнд “Монголын нууц товчоо”-г унших хэрэгтэй. Үүнээс гадна эзэнт гүрний үед бичигдсэн Рашид АдДины “Судрын чуулган”, Жувейнигийн “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх”, “Юань улсын судар” тэргүүтэй олон сурвалж бий. Энэ болгонд өөр өөрийн өнцгөөс авч үзсэн байдаг
-Та бүхэн өнгөрсөн онд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх томоохон бүтээлийн ард гарсан байх аа.
-МУИС, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн болон Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд хамтран “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх бүтээлийг өнгөрсөн онд хэвлүүлсэн.“Монголын нууц товчоо” хэдийгээр монголчуудын түүх боловч бидний үед монгол бичгээр уламжлагдаж ирээгүй. Монгол хэлийг хятад ханзаар галигласан хэлбэрээр ирсэн шүү дээ. Хэдийгээр хятад ханзнаас уйгаржин бичиг рүү сийрүүлсэн ч одоогийн жирийн уншигч байтугай мэргэжлийн бид ч ойлгоход хэцүү. Тиймээс үүнийг дахин тайлбарлах зайлшгүй шаардлагатай. Галигласан үг бүрийг бид зөв ойлгож, оноож, хөрвүүлэх учиртай. “Монголын нууц товчоо”-г бүтээснээс хойш 800 гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд монгол хэл ч бас хувирч өөрчлөгдсөн байж таарна. Тиймээс бид аль болох зөв тайлж уншихыг оролдсон.
Бидний гол зорилго бол эзэнт гүрний түүхийн иж бүрэн дүр зургийг гаргаж ирэх явдал юм. Монголчууд бидэнд 1990 оноос л Чингис хааны талаар дэлхийн түүхийн судалгаатай танилцах өргөн боломж нээгдсэн шүү дээ. Энэ цаг үеэс эхлэн Монгол Улсад эзэнт гүрний судалгааг эрчимжүүлж, маш олон бүтээл туурвил бичиж эхэлсэн. Өдгөө энэхүү түүхэн дүр зураг нэг шатанд хүрсэн. Ялангуяа улс төрийн түүхэнд оруулсан хувь нэмрийн ерөнхий дүр зургийг тодорхой харуулж чадсан юм. Харин өдгөө бид Чингисийн эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэрт голчлон анхаарал хандуулж байна.
Эл бүтээл бол академич Д.Төмөртогоо, Ц.Цэрэндорж тэргүүтэй түүх, хэлний эрдэмтдийн хамтын судалгааны үр дүн юм. Гэхдээ “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ыг бид аль болох олон хүн уншаасай, үзээсэй, мэдээсэй гэж нийтэд зориулж гаргаснаараа онцлогтой.
-Чингис хааны талаарх түүхэн дэх одоогоор бүрэн гүйцэд судлагдаагүй, эсвэл маргаантай хэвээр байгаа хамгийн сонирхолтой асуудал юу вэ?
-Чингис хааны намтар түүхийг судлаад үзвэл мэндэлсэн газар, нас барсан, төрсөн он зэрэг үндсэн асуудлуудад маргаан бий. Энэ нь эх сурвалжуудад харилцан адилгүй тэмдэглэгдсэнтэй холбоотой. Гэтэл зарим судлаач тухайн нэг сурвалжийг дагаж, “Энэ л хамгийн зөв” гэдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Гэхдээ цаанаа бол өөр хувилбар бий гэдгийг түүхчид бүгдээрээ мэддэг. Мөн мэндэлсэн өдрийг нь судлаачид өвлийн тэргүүн сар хэмээн тогтсон. Тэгтэл зарим хүн мэндэлсэн өдрийг нь яагаад аргын тоололд шилжүүлж болдоггүй юм гэдэг. Билгийн тооллоор явахад мэдээж аргын тооллоос зөрөх нь гарцаагүй шүү дээ. Ер нь дэлхийн бусад оронд ч өөрсдийн түүхэн баяраа үндэсний тооллоороо тэмдэглэдэг. Исламын шашинд ч өөрсдийн баярыг өөрсдийн тооллоороо тэмдэглэдэг.
-Их хааныг эзлэн түрэмгийлэгч байсан гэх ойлголт гадаадын орнуудад өдгөө ч байгаа нь анзаарагддаг.
-Энэ нь ихэвчлэн Монголын эзэнт гүрний харьяанд байсан зарим газар орны ард олны дунд хадгалагдан үлдсэн ойлголт юм. Түүх бичлэгийн үзэл, хандлага судалгааны бүтээлүүдээс нь ч харагддаг. Гэхдээ Их хааны түүхийг дэлхий дахинаа өнөө үед харин ч зөв талаас нь харах болсон. Түүний түүхэн үүргийг үнэлдэг болжээ. Харин одоо болтол эзлэн түрэмгийлэгч гэдэг ойлголтоор хандаж бичиж байвал энэ нь хуучны сурвалжид хэтрүүлэн бичсэн, үнэнээс тойрсон асуудлыг шууд үнэн хэмээн хүлээн зөвшөөрсөн дутагдалтай тал байгааг илтгэнэ. Мөн энэ нь хэний талаас түүхийг харах вэ гэдгээс ч хамаарч болох юм.
-Бид “Чингисийн Монгол” гэж цээжээ дэлддэг хэрнээ Их хааныхаа ганц ч үзмэрийг эх орондоо авчраагүй гэх хүн олон. Тэгвэл гадаадын орнуудад Чингис хаан болон Их Монгол Улсын үеийн ямар чухал олдворууд хадгалагдаж байна вэ?
-Монголын эзэнт гүрэн тухайн үедээ асар уудам нутаг дэвсгэр, олон ард түмнийг хамарч байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг эзэнт гүрэн гэсэн үг. Ийм гүрэн 150 гаруй жил оршин тогтноход өв соёл, дурсгалууд түүний засаглалд байсан бүх газарт үлдэнэ. Үүнээс хойш 800 жил өнгөрөхөд дэлхийн улс төрийн үйл явдлаас шалтгаалан зарим олдвор өөр газарт зөөгдөж, сарнисан нь ч бий. Харин Чингис хааны өөрийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн үү гэвэл хэцүү. Гэхдээ хэрэв та “Монголын нууц товчоо”-г уншсан бол өнөөх ариун Ононы ус урссаар л байгаа. Тухайн үеийн газар, усны нэршлүүд хадгалагдсаар л буйг олж харна. Бид уугуул нутагтаа эзэн сууж байгаа ард түмэн. Ингээд бодохоор түүхэн өвийг заавал хүний гараар бүтээсэн зүйлсээс хайх шаардлагагүй.
ХААДЫГ ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРЛАГТ ХӨМСГӨӨ ЗАНГИДСАН, ШИРҮҮН ДОРИУН ХҮН БАЙСАН МЭТЭЭР ДҮРСЭЛДЭГ
-Манай улсын түүхийг булаацалдаж, гуйвуулах хүн цөөнгүй. Энэ нь өнөө цагт инээдтэй санагдах ч алсдаа, бидний үр хүүхэд, ач зээ нарын үед бол эмгэнэлтэй асуудал болж мэдэх юм. Тэгэхээр бид түүхээ үнэн бодитоор нь хамгаалж, хойч үедээ өвлүүлэхэд голчлон юунд анхаарвал зохистой бол?
-Бид зөвхөн монголчууд л аугаа, бусад нь хамаагүй гэсэн өрөөсгөл байдлаар хандаж болохгүй. Учир нь бид хүн төрөлхтний л нэг хэсэг. Бидний бахархал бол бусад ард түмэнтэй хөл нийлүүлэн алхаж, хүн төрөлхтний түүхэнд ийм хувь нэмэр оруулсан шүү гэдгээ нотлон харуулах явдал юм.
Чингис болон бусад хааны түүхийг өөрийн улсад хамааруулах асуудал үргэлж байсаар ирсэн. Зөвхөн хөрш болон хөрш бус улсууд төдийгүй түрэг хэлт ард түмэн хүртэл өөрийн түүхтэй холбож хамаатуулах нь элбэг. Магад манай түүхийг булаацалдах асуудал ирээдүйд ч үргэлжлэх байх. Түүхийг өөрчилж, гуйвуулдаг явдал нь улс төрийн зорилготой холбоотой байж болох юм. Учир нь түүх улс төртэй ойр байж, зарим тохиолдолд “зэвсэг” болох нь бий. Тиймээс бид түүхчдээ сайн бэлтгэхээс гадна, гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, сургах ёстой. Тэгж байж л бид бусад оронд өөрсдийн түүхийг үнэн зөвөөр ойлгуулж чадна. Мөн түүхийн мэдлэгээ хойч үедээ ярьж өгдөг, ойлгуулдаг байх хэрэгтэй.
Сүүлийн үед эзэнт гүрний үеийг кино урлагт олон талаас нь харуулдаг болсон. Мэдээж тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийдэг болсон нь сайшаалтай. Гэсэн ч илүү сайн судлах шаардлагатай байна. Хубилай Сэцэн, Өгэдэй, Ухаант Тогоон Төмөр зэрэг хаадын цолд үргэлж оюун билэг, ухаан бэлгэдсэн үгс ордог. Гэтэл хаадын дүрийг тайз, дэлгэцийн урлагт дүрслэхдээ яагаад дандаа хөмсгөө зангидсан, ширүүн дориун хүн мэтээр харуулдаг юм бэ. Уг нь сурвалж бичгүүдэд тэднийг ямар мэргэн бодлоготой, ухаантай хаан байсан тухай тодорхой харуулсан байдаг шүү дээ. Тиймээс үүнийг бас бодолцох л ёстой болов уу.
-Сүүлийн үед газар, усны түүхэн нэрийг өөрчлөх боллоо. Энэ нь алсдаа ямар хор уршиг, сөрөг үр дагавартай вэ?
-Газар, усны нэршлийг өөрчлөх нь ард түмэн нь тухайн нутаг дэвсгэртээ идэвхтэй амьдарч, буй эсэхээс шууд хамаарах байх. Гэхдээ зарим харамсалтай жишээ байна. Монголчууд өөрсдөө Кувейтын ам, Ирак толгой гэх мэтээр үндсэн нэршлийг нь сольж, хэрэглэх боллоо. Ингэснээр тухайн газар, усны уламжлалт нэрийг дагасан түүх, домог, соёлын холбоос цаг хугацааны явцад мартагдах эрсдэлтэй. Жишээ нь, Баатар толгой гэж нэрлэсэн бол “Яагаад Баатар толгой гэж нэрлэсэн бэ” гэдэг асуулт гарна. Тухайн газарт Баатарын булш байсан юм уу, эсвэл ямар нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой юу гэх мэт тодорхой шалтгаан байх ёстой.
У.Сүрэн