Эрүүл мэндийн үе үеийн сайд нар сайнтай, муутай “саваа” дүүргэн, өнгөрсөн хугацаанд өөрсдийн гэсэн арга барилаар ажиллаж, улс төржсөн ч учиртай байсныг иргэд хэлдэг. Тэгвэл Т.Мөнхсайхан өнгөрсөн жил салбарын сайдаар улиран томилогдож, өдгөө тус салбарыг хоёр дахиа толгойлж буй туршлагатай хүн билээ. Гэвч тэр өмнөх сайд нараасаа дэндүү “поп”, ёс зүйгүйн дээр хүний эрхийн наад захын мэдрэмжгүй, хууль, журам зөрчдөгөөрөө сүүлийн үед “зард гарах” болов. Тэр нийгмийн сүлжээнд зүгээр ч нэг рийлчин байсангүй, сайд болсноос хойших хууль бус томилгоонууд нь Т.Мөнхсайханыг ямар ч ёс суртахуунгүй улс төрч болохыг нь улам тодруулсаар байна.
Бусад салбарыг бодвол эрүүл мэндийнх онцлогтой. Нэг чулууг нь “сөхөхөд” л хүний амь нас, эрүүл мэнд яригддаг учраас авран хамгаалах амин чухал үүрэг хүлээдэг. Гэтэл Т.Мөнхсайхан 2020-2021 онд, өнгөрсөн жилээс өдий хүртэл Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа ёстой л хууль, шүүхгүй оронд төрсөн аятай өөрийн дураар ажиллан, хөлөөрөө толгой хийж, салбараа юу ч биш болгож байгаа нь үнэн. Үүний ганцхан жишээ бол түүний улс төрийн томилгоонууд юм.
ХУУЛЬ БУС ТОМИЛГООНУУД НЬ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Т.Мөнхсайхан таван жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн сайдаар хэдхэн сар ажиллахдаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмааг ажлаас нь чөлөөлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)- ийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдыг томилж байв. Сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл заслын ямар ч мэдлэггүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр, мэргэжлийн шаардлагыг үл тоон, холбогдох хууль, журмыг зөрчин байж томилсон нь ердөө түүний ажлын хамтрагч байсан учраас л тэр. Тухайн үед энэ талаар олон нийт ихэд шүүмжилсэн ч тэр зогсоогүй.
УНТЭ-ийн ерөнхий захирлыг сольж, тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Бямбасүрэнг оронд нь “тавьсан”. Л.Бямбасүрэн нь мөн л түүний ойрын хамтрагчдын нэг байсан гэдэг. Улмаар “Ковид19”-ийн хүнд үед Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүтэй хэдэнтээ ам зөрж, эцэстээ барьцалдаж авахдаа тулан байж түүнийг суудлаас нь буулгасан. Эмгэг судлалын үндэсний төвийн захирлаар Б.Ганзоригийг томилсон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо л том эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагаар ийнхүү “тоглож” эхэлсэн юм.
Уншигчид мартаагүй бол “Ковид-19” ид дэгдсэн үеэр эх, нярайг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа гаргаснаас улбаатайгаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Түүнээс хойш Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын өнгөрсөн сонгуулиар гишүүн болж, Эрүүл мэндийн сайдаар дахин томилогдоод буй нь энэ. Тэр эргэн ирэхдээ ч өмнөх арга барилаа тавилгүй, ЭМЯ, харьяа агентлагуудын удирдлага болон төв эмнэлгүүдийн дарга нарыг халж сэлгээд буй. Энэ удаад өөрийг нь эсэргүүцсэн, өмнүүр нь хөндөлссөн хүн бүрийг зайлуулж байгаа гэхэд болно.
ХАЛАА СЭЛГЭЭНЭЭС БОЛЖ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ДОГОЛДОХОД ХҮРЭВ
Салбарын сайд удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах нэрийдлээр ойрын хүрээллийн хүмүүсээ одоо ч битүү “чигжсээр” байгааг эмч, ажилтнууд нь хүртэл шүүмжилж байна шүү дээ. Тухайлбал, ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар Б.Одгэрэлийг, Эрүүл мэндийн мэдээлэл, цахим хөгжлийн хэлтсийн даргаар Э.Мягмар-Өлзийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар С.Энхболдыг тус тус томилоод байгаа. Тэд бүгд Т.Мөнхсайханы нэг ангийн болон гэр бүлийн найз, хамтран зүтгэгчид нь. Уг мэдээлэл ч олон нийтэд хэдийн ил болсон. Мөн төрөлжсөн эмнэлгүүдээс ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ж.Отгонбаатар (эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, доктор)-ыг оны өмнөхөн томилсон байдаг. Тэрбээр тушаал гаргаж, эл томилгоогоо хийсэн гэх. Түүгээр ч зогсохгүй төрөх эмнэлгүүдийн дарга нарыг хүртэл өөр хооронд нь сольж, Ш.Алтантуяаг “Хүрээ” амаржих газрын дарга болгов. Үүнээс болоод одоо ч удирдлага, эмч, ажилчдынх нь дундах үл ойлголцол, маргаан тасраагүй байна. Ажилтнууд нь Ш.Алтантуяаг албан бус томилгоогоор ирсэн, нэмээд ажлын байрны дарамт ихтэй, цалин, урамшууллыг нь байсхийгээд л хасаж байгааг эсэргүүцэн, албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ яам, тамгын газруудад хүргүүлснээ мэдээлээд буй. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол тэд ажил хаяна гэдгээ ч мэдэгдсэн.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 2-нд сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Адилсайханыг томилсон тухай мэдээлэл олон нийтэд ил болсон. М.Адилсайхан нь хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, Монгол, Японы эмнэлгийг удирдаж байсан туршлагатай гэх ч ачир дээрээ бас л түүний “хамсаатан” аж. Уг үйл явдлыг Т.Мөнхсайхан тайлбарлахдаа “ХСҮТ-ийн бие даасан байдал нь ерөнхий захирлаа сонгох хэмжээнд хараахан хүрээгүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд шууд томилж, чөлөөлөх эрхтэй. Үүний хүрээнд Н.Эрдэнэхүү захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шалтгаан нь тэр Төсвийн тухай хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй. ХСҮТ-ийн өргөтгөлд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаал, шийдвэрийг үндэслэх ёстой. Гэтэл тушаал гараагүй байхад худалдан авах ажиллагааны газар луу бичиг явуулсан. Үүнийг мэдээгүйгээс ЭМЯ тендерийг давхардуулж зарласан” гэж ярьсан. Харин иргэд, эмчлүүлэгчид үүнтэй санал нийлээгүй, шүүмжилсэн хэвээрээ байгаа юм.
Н.ЭРДЭНЭХҮҮ: ТЕНДЕРТ НЬ ОРОЛЦООГҮЙ БОЛОХООР НАМАЙГ АЖЛААС ХАЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Н.Эрдэнэхүү ажлаа хүлээлцсэнийхээ дараа “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хууль бус тендерийн үйл ажиллагаанд нь оролцоогүй, шаардсаныг нь биелүүлээгүй тул намайг ажлаас чөлөөллөө. Тухайлбал, ЭМЯ холбогдох гэрээний дагуу гэх үндэслэлээр ХСҮТ-өөс шинэ эмийн татвар хэмээн 500 сая төгрөг шилжүүлэхийг шаардсан. Энэ мөнгийг төсөвт тусгаагүй учраас би татгалзсан. Энэ мэт өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө намайг ажлаас халсан гэж үзэж байна. Түүний энэ шийдвэр Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул шүүхэд хандана. Үүний гол зорилго нь ХСҮТ-ийн захирлын албан тушаалд эргэн томилогдохдоо биш, харин ч эсрэгээрээ нэр хүндээ сэргээлгэхэд оршино” хэмээсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн сүлжээ, бүлэглэл чинь бүр төрд шургалчихсан шүү дээ. Т.Мөнхсайхан эмийн агентлагийн даргыг огцруулаад, оронд нь өөрийн хүнээ “тавьчихсан”. Эмийн сонсголоор ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж байсан “Монгол фарм”-ыг үндэслэгч Л.Намхайноров гэх залууг эмийн агентлагаас ЭМЯ-нд шилжүүлж, эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн болгочихсон. Мөн яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийг өмнө нь өөрийнхөө шууд удирдлагад ажиллаж байсан, ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч байсан Р.Гантуяад атгуулчихлаа. Эмийн үнийг хөнгөлөх тогтолцоо хаана байгаа билээ. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт С.Энхболдыгоо эзэн суулгачихсан. Эдгээр томилгоонуудыг харахад л ойлгомжтой. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй, эмийн өгентлагийн өмнөх захирал П.Алтанцэцэг тэдний хууль бус худалдан авалтыг эсэргүүцсэнээр ажлаасаа халагдсан юм билээ. Т.Мөнхсайхан өнгөрсөн оны сүүлчээс оруулж ирж буй нэг эх үүсвэрийн гэх 20 гаруй нэр, төрлийн эмүүдээ бүгдийг нь даатгалын хөнгөлөлтөд хамруулчихсан байна. Гэтэл эл шийдвэрийг гурван яамны сайд нарын хамтарсан тушаалаар баталдаг. Нэг ёсондоо үнийн хөнгөлөлт үзүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад Т.Мөнхсайхан, С.Энхболд тэргүүтэй хүмүүс дураар аашилж, хууль, дүрэм зөрчих боллоо. Үүнтэй хатуу тэмцэнэ” гэж мэдэгдсэн нь саяхан.
Гишүүн Ж.Чинбүрэнгийн ярьсныг тодруулбал, олны хэлж заншсанаар эмийн агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын өмнөх захирал Д.Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэбаярыг томилсон юм байна. Уг мэдээлэл одоо ч олон нийтэд ил болоогүй нь хачирхалтай. Мөн Т.Мөнхсайхан өөрийн дотны найз гэгддэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Л.Баттөрийг яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын даргаар томилсон. Түүнчлэн Санхүү, эдийн засгийн газрын дарга болгосон Э.Мөнхсүх нь Эрүүл мэндийн сайдын ахынх нь хамаарал бүхий хүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батбаяр нь Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх, Анагаах ухааны инновац, технологийн хэлтсийн дарга С.Энхцолмон нь ангийн найз нь байсан гэхчлэн ЭМЯ, харьяа газар, эмнэлгүүд тэр чигтээ Т.Мөнхсайханы хань хамсаатнаар дүүрч.
Эрүүл мэндийн салбар тоглоом биш гэдгийг илтгэх өөр нэг жишээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 31 эмч, ажилтан ажлаас гарах өргөдлөө өчигдөр өглөө. Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нь Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Шинэ-Одыг тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм байна. Гэвч холбогдох хуульд газрын дарга нэгдсэн эмнэлгийн удирдлагыг томилох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Хууль зөрчсөн иймэрхүү томилгоонууд дунд, доод шатанд ч ийн бугшиж. Албан тушаалын наймаа, талцал, маргааны цаана иргэд, өвчтөнүүд л хохирч байгаа нь дэндүү харамсалтай.
ЭМНЭЛГИЙН ДАРГЫГ ТУЗ НЬ СОНГОН ШАЛГАРУУЛДАГ ХУУЛЬТАЙ
Ер нь Эрүүл мэндийн сайд эмнэлгүүдийн дарга, удирдлагыг томилох эрхтэй юм уу. Хууль, шүүхтэй, ардчилсан тогтолцоотой улсад ганцхан Эрүүл мэндийн сайдад бүх эмнэлэг, төвийн захирал, удирдлагыг томилох, халж, сэлгэх эрх өгсөн гэж үү, үгүй л болов уу. Тэгвэл өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуульд эмнэлгүүдийн удирдлагын бие даасан, ил тод байдал, менежментийн засаглал, төлөөлөн удирдах зөвлөлийнх нь оролцоог хүртэл чухалчилж, заасан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.1, 2, 3-т “Улсын болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллага төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)- тэй байна. Эмнэлгийн удирдлагыг томилохдоо төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайдад санал хүргүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын гэрээний гүйцэтгэлд ТУЗ нь хяналт тавина” гээд заачихсан.
Тэгвэл сайд Т.Мөнхсайханы дээрх томилгоонууд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон Төрийн албаны тухай хуультай харшилж, засаглалын сайн туршлагын зарчимтай мөн зөрчилдөж байгаа юм. Тэрбээр ойрын хүрээллийнхнээ төв эмнэлгүүдийн захирлаар, ЭМЯ, газар, хэлтсүүдийн даргаар томилж буй нь төрийн байгууллагуудыг шууд хяналтдаа байлгах, шийдвэр гаргалтад нь нөлөөлөх, цаашлаад эрүүл мэндийн салбарын төсөв, тендерийн үйл явц, эмийн худалдан авалт зэрэгт голлох нөлөөтэй оролцож байхыг үгүйсгэхгүй хэмээн олон нийт хардаж байгаа юм. Тухайлбал, ганц удаагийн тендер бус, тогтмол худалдан авалт, төсөвт хуваарилалтад түүний итгэмжит төлөөллүүд орсноор төсвийн урсгалыг чиглүүлэх, эмийн үнэд нөлөөлөх, харилцагч талдаа давуу байдал бий болгох, мөн нам, фракцийнхаа ашиг сонирхлыг хамгаалах, дараагийн сонгуульд санал цуглуулахаар өөрийн хүмүүсээ ийн “чигжиж” байна гэх хүн ч цөөнгүй. Эдгээр үйлдэл нь түүний улс төрийн имижээс хэтэрсэн, ил тод, институцийн бие даасан байдалд халдсан үйлдэл гэж шүүмжлэх бүлэг ч байна.