Нийслэлийн харьяа эрүүл мэндийн анхан шатны байгууллагын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч шалгаруулах тэмцээний анхны ялагчаар ХанУул дүүргийн X хорооны “Амин тус” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Ганчимэг шалгарсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын сүүлчээр болж өндөрлөсөн. Шилдэг сувилагчаар шалгарсанд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Сүүлийн шатанд дүүргүүдээс шалгарсан шилдэг 15 сувилагч өрсөлдсөн. Тэдний дөрөв нь манай эмнэлгээс тунаж үлдсэн шүү. Нийслэлийн хэмжээнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Анхных гэдэг утгаараа бид нэлээд сандарсан, мөн тэмцээний үр дүнг догдлол дүүрэн хүлээж байлаа. Эхний таван байр шалгаруулсны нэг, гурав, дөрөвдүгээрт нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагчид шалгарсан. Тэр дундаа эмнэлгээ төлөөлөн тэргүүлж, манай өөр нэг сувилагч дөрөвдүгээр байрт шалгарсанд үнэхээр сэтгэл өндөр байна.
-Таныг “Амин тус” өрхийн эмнэлэгт 10 гаруй жил ажиллаж байгаа гэж сонссон. Ажлын гараагаа эндээсээ эхлэв үү?
-Би 2013 онд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. 2020 онд “Глобал удирдагч” их сургуулийн Сувилахуйн сургуульд сувилагч мэргэжил эзэмшсэн юм. Сувилахуйн ахлах зэрэгтэй. Сургуулиа төгсөөд Сүхбаатар дүүргийн Хүүхдийн хоёрдугаар эм¬нэлгийн Хүүхдийн сэхээн амьдруулах тасгаас ажлын гараагаа эхэлсэн дээ. Хан-Уул дүүргийн X хорооны “Амин тус” Өрхийн эрүүл мэндийн төвдөө сувилагчаар 11 дэх жилдээ ажиллаж байна.
-Сувилагчийн мэргэжлийг яагаад сонгов. Мэргэжлээрээ ажиллахад шантрах үе гарна биз.
-Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань нөлөөлсөн л дөө. Эргэн тойрныхон дунд эрүүл мэндийн салбарын хүн байгаагүй. Тиймээс хайртай хүмүүсээ өвдөхөд нь ганц тариа ч болов хийгээд өгчих юм сан гэдэг сэтгэлээр энэ мэргэжлийг сонгосон. Сувилагчаар ажиллах тусам бие, сэтгэлийн зовуурьтай хүмүүсийг асран халамжлах, туслах нь миний хийх ёстой ажил юм гэдгийг улам ихээр мэдрэх боллоо. Сувилагч хүн иргэдтэйгээ илүү ойр дотно байдаг. Сүүлдээ гэр бүлийн гишүүд шиг болчихсон, тэр минь яаж байгаа бол гээд санаа сэтгэлээ чилээх нь ч бий. Шантрах гэхээс илүү урам зорих мохох үе гарч байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхад янз бүрийн ааш авиртай, хэцүү үйлчлүүлэгчидтэй таарна шүү дээ. Гэхдээ сайн нь илүү олон. Сувилагчаа гээд хүндэлж, талархдаг, тусалдаг, сайшаадаг, хамтран ажилладаг, дэмждэг хүн бишгүй. Мөн сайхан хамт олонтой болохоор асуудал бэрхшээлийг даваад л гардаг даа.
-Шилдэг сувилагч шалгаруулах тэмцээнд 150 гаруй өрхийн эмнэлгийн 726 сувилагч өрсөлдсөн юм билээ. Тэднээс ердөө 15 нь гуравдугаар шатандаа тунасан. Өрсөлдөөн ширүүн болов уу гэж харлаа. Даалгавар ямар байв?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, Монголын Үндэсний их сургуулийн Сувилахуйн тэнхимтэй хамтран нийслэлийн харьяа эрүүл мэндийн анхан шатны байгууллагын сувилагч нарын дунд энэ тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээний эхний хоёр үе шат тавдугаар сарын 24, 25-нд болсон. Эхний хоёр даваа нь мэдлэг шалгах сорил бөгөөд цахимаар явууллаа. Хоёрдугаар шатанд 53 сувилагч шалгарсан. Харин сүүлийн шатанд үйлчлүүлэгчид гардан тусламж үзүүлэх даалгавар байлаа. Шилдэг 15 сувилагч сугалааны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлсэн юм. Тэмцээний сүүлийн шалгаруулалтыг гурван шүүгч шүүсэн бөгөөд сувилагч бүрийн сугалсан тохиолдол давхардахгүй, мөн нэмэлт асуулттай байсан. Өөрөөр хэлбэл, эдгэрэх боломжгүй, хүнд өвчтэй хүний өвдөлт, зовуурийг намдаах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой даалгавар гүйцэтгэсэн. Бидний ажилд тохиолддог, тохиолдох боломжтой кэйсүүд байв.
-Сүүлийн шатанд цахимаар мэдлэгээ сорих бус, тусламж, үйлчилгээг гардан үзүүлсэн гэлээ. Чухам ямар даалгавар гүйцэтгэв?
-Хавдрын төгсгөлийн шатанд очсон, элэгний цирроз үүссэн, хэвтрийн, хүнд өвчтэй үйлчлүүлэгчид тусламж үзүүлэх байв. Үс унаж, толгой их өвддөг зовуурьтай. Амьдралын боломжгүй учир толгой угаах савгүй. Орны толгой нь хананд тулсан байдалтай. Тухайн өвчтөнд өвдөлт, зовуурь үүсгэхгүйгээр гэрээр хэсэг газрын угаалга хийх даалгавар таарсан юм. Өөрөөр хэлбэл, өвчтөний толгой, нүүр, цээж угаах зэргийг гэрт байгаа материал ашиглан үйлчлүүлэгчийг их хөдөлгөж доргиохгүй, ямар нэгэн зовуурь үүсгэхгүйгээр стандартын дагуу дэс дарааллаар хийж гүйцэтгэсэн. Даалгаврыг гүйцэтгэхдээ муляж (сургалтын зориулалтаар хэрэглэдэг дуураймал эд) дээр үйлдлээ гардан хийгээд хүнтэй нь харилцан ярилцаж, зовиур хэлэхээр нь зөвлөгөө өгсөн. Тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл явцыг шүүгчид харж, асууж тодруулж байсан.
-Эдгэрэх боломжгүй, хүнд өвчтэй хүний өвдөлт, зовуурийг намдаах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь хөнгөвчлөх эмчилгээний зорилго шүү дээ. Энэ тусламжийг өрхийн эмнэлгүүд ямар байдлаар үзүүлдэг юм бол?
-Өрхийн эрүүл мэндийн төв нь хөнгөвчлөх тусламж, үйлчилгээтэй холбоотой MNS 5292, MNS 4621, MNS 5455-1 стандарт, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/329, 2019 оны А/182 дүгээр тоот тушаал зэрэг Эрүүл мэндийн яам, дээд байгууллагаас ирсэн тушаал, журмуудыг мөрдөж ажилладаг. Эдгэрэх, эмчлэгдэх боломжгүй, тавилан нь тодорхой болсон үйлчлүүлэгч мөн хагалгааны дараах гэрийн асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдэд өрхийн эмнэлгийнхэн гэрээр хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм. Мөн ар гэр, асран халамжлагч нарт нь холгох цоорохоос сэргийлэх, хооллох, хувцаслах гээд хэвтрийн хүний асаргаа, сувилгаа зааж сурган, зөвлөгөө, зөвлөмж өгч, сургалт зохион байгуулан хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, сувилахуйн таван шатлалын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
-Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь хорт хавдар. Эл өвчний хожуу шатанд хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай болдог. Танай өрхийн эмнэлэг хэчнээн иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг вэ. Үүн дотор хөнгөвчлөх эмчилгээ хэрэгтэй хэчнээн хүн байна?
-Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн оны статистик мэдээнээс харахад хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4755 хүн нас баржээ. Улсын хэмжээнд 30 мянга гаруй хүн хавдрын хяналтад байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна шүү дээ. Хүн амын дундах архи, тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалан сүүлийн жилүүдэд хорт хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатайг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж, сануулах боллоо. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас аймаг, дүүрэг, цаашлаад лавлагаа шатлалын буюу ХСҮТ хүртэлх бүх тусламж, үйлчилгээний уялдаа холбоог сайжруулахад анхаарч байгаа юм билээ.
Манай Өрхийн эрүүл мэндийн төв 10 500 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт хүн амыг эрүүл мэндийн таван бүлэгт хувааж үздэг. Дөрөв, тавдугаар бүлгийн буюу хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэний биеийн байдал, ар гэрийн асаргаа, анхаарал халамжаас хамаарч тодорхой хугацаанд эргэж, үзлэгт хамруулдаг юм. Тодруулбал, сувилгаанаас шалтгаалан эр¬гэлтийн графикаар 7-21 хоног, нэг сарын давтамжтай үздэг. Хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай 96 иргэн бий. Тэдний ес нь байнгын хэвтэрт байдаг. Олонх нь 60-аас дээш настай. Шаардлагатай тохиолдолд бид хамтран ажилладаг хоспис эмнэлэгтээ хандаж, тусламж авдаг юм.
-Амьдралынхаа төгсөлд ирсэн хүмүүст тусламж үзүүлэхэд сэтгэл эмзэглэдэг болов уу. Тэдэнтэй ярилцах амаргүй байх.
-Ийм асаргаа шаардлагатай хүнээ маш сайн асарч халамжилж, анхаардаг гэр бүл олон. Гэхдээ үл тоож, хайхардаггүй хүмүүс ч байдаг. Бид гэрийн эргэлтээр очихдоо шаардлагатай тусламж үзүүлээд, асаргаа, сувилгааг ар гэр, асран халамжлагч нарт нь зааж өгөөд л буцдаг. Гурав хоноод эргээд очиход ганцааранг нь орхичихсон, юун асаргаа, сувилгаа манатай хоол ундгүй, хүйтэн гэр угтах тохиолдол цөөнгүй. Дүн өвлийн хүйтэнд үүднийхээ жижигхэн амбаарт гаргачихсан байхтай ч таарч байв. Хөөрхий биднийг хараад доголон нулимстай, ярьж ч чадахгүй үнэхээр өр өвдөм. Төрсөн аав, ээждээ ийм хатуу ханддаг хүмүүс байдаг л юм билээ. Хэдэн хүүхэд өсгөх нь чухал биш, хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдэг нь өтлөхийн цагт танигддаг юм шиг санагддсан. Олон хүүхэдтэй байлаа гээд зөв хүмүүжүүлж, хайрлаж өсгөөгүй л бол насны эцэст хөлийг нь хучаад, аяга цай дөхүүлээд өгөх хүн олддоггүй юм байна гэдгийг ойлгосон доо. Дээд боловсролоос илүү гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал.
-Та бүхэн өвчтөн болон ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлдэг үү?
-Нэг гишүүн нь өвдөхөд л гэр бүлийн бүх хүн сэтгэл санааны хямрал, санхүүгийн дарамтад ордог. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байдаг тул дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч эмчтэй холбож өгдөг. Сэтгэл зүйн туслалжийг олон хүнд хүргэх зорилгоор манай эмнэлгээс 2020 онд хоёр хүнийг сэтгэл зүйч-сувилагчаар сургасан юм. Түүний нэг нь би. Цаашид дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхний ээлжид 10 сувилагчийг сэтгэл зүйчээр давхар сургах юм билээ.
-Өрхийн эрүүл мэндийн төв бол анхан шатны нэгж, иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг газар. Та ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахгүй юу?
-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн, өндөр настан, хүүхэд, өсвөр үе гээд л бүх насны хүмүүст хүрч ажилладаг. Гэрээр, дуудлагаар, амбулаториор, яаралтайгаар, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээ үзүүлэн, оношилгоо, шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг. Мөн өвдөхөөс нь өмнө, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг тогтмол хийж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээдэг. Өрхийн эмнэлгийн албан хаагчид хөрвөн ажиллах чадвартай байдаг.
-Чадвар муутай эмч, сувилагчид өрхийн эмнэлэгт ажилладаг гэх шүүмжлэл бий. Тиймээс иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахгүйгээр шууд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхийг хүсдэг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Ийм яриа сонсож байсан. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлс бий. Тухайлбал, энэ нь ажлын байрны тогтвор суурьшилгүй байдалтай холбоотой. Нэг хэсэг нарийн мэргэжлээр сурахад заавал хоёр жил өрхийн эмнэлэгт ажилласан байх шаардлагатай гэсэн шалгуур тавьдаг байв. Сургуулиа төгсөөд өрхийн эмнэлэгт ажиллаад яг зүгширч байхад өнөөх хоёр жил нь болчихдог. Энэ нь өрхийн эмнэлгийн хүний нөөц тогтворгүй байхад нөлөөлсөн. Мөн эмч, сувилагч бэлтгэдэг анагаах ухааны сургуулиудын тоо олширсон нь “чанаргүй” төгсөгчийг “үйлдвэрлэж” байна. Бодит байдалд ийм явдал ажиглагддаг.