Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээл олгоход тавих өр, орлогын харьцаатай холбоотой зохицуулалтыг цуцлах шийдвэр гаргалаа.
Тус хороо өндөр настнуудын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, өрийн дарамтаас сэргийлэх зорилгоор тэтгэврийн зээл олгоход харгалзах өр, орлогын харьцааг 50:50 болгох шийдвэрийг өнгөрсөнсарын эхээр гаргасан юм. Ингэснээр зээлийн шалгуур нарийсаж, ахмадууд өмнөх шигээ сард авдаг тэтгэврийнхээ 70 хүртэлх хувийг эргэн төлөлтөд зарцуулах хэмжээгээр зээл авах боломжгүйд хүрсэн. Тэгвэл Төвбанк Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороод болон гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан эл зохицуулалтыг хүчингүй болголоо.
Тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, үүнээс үүдэлтэй эдийн засгийн эрсдэл, дарамтыг хяналтдаа авах, бууруулахад салбарын яамд анхаарч ажиллах шаардлагатайг Мөнгөний бодлогын хорооноос зөвлөв.