Монголын төмөр замын салбарт зорчигч тээврийн хэдхэн вагоноо засаж, шинэчлэх, арчилж тордох, ядахдаа агааржуулагч суурилуулчих мөнгө олдохгүй өдий хүрсэн гэвэл итгэх хүн олдохгүй. “Хурган” дарга нарынх нь гэрт л гэхэд өчнөөн тэрбум төгрөг хураалттай “хэвтэж” байдгийг эрүүгийн цагдаагийнхны ачаар иргэд хэдийн мэддэг болсон шүү дээ. “Улаанбаатар төмөр зам”-ынхны энэ олон жилийн туршид арьсаа хамгаалж ярьдаг байсан “Төмөр замыг өдий болтол ашиггүй, буяны байгууллага шиг ажиллуулсан” хэмээх улиглалд нь ч зорчигчид итгэхээ больсон. Иргэд зөвхөн зорчигч тээврийн вагонуудыг шинэчлэхийг, үйлчилгээг нь сайжруулахыг, 60, 70 жилийн өмнөх гандаж элэгдсэн ор, дэвсгэр, эд, хэрэглэлүүдийг солихыг л шаардсаар ирсэн юм.
Төмөр замын тээвэр үүсэж, хөгжсөний 87, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) байгуулагдсаны 76 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиож, төмөр замчид уламжлал ёсоор Хөлийн голын тохой, Хонхорын өртөөнд баяр наадмаа нүсэр тэмдэглэж, хүчит бөхөө ч барилдуулсныг уншигчид мартаагүй байх. Улс дотор дахин нэг вант улс байгуулж, тусдаа наадамладаг болоод ийн удаж буй билээ. Жил бүр улс, аймгийн зэрэг, цолтой “том” бөхчүүдийг барилдуулж, их хэмжээний бай, шагнал тараан, Хонхорын өртөөг ёстой л хотойтол наадаж сурсан улс. Өнөө жилийн наадамд нь гэхэд л улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэж байх жишээтэй. Нэмээд урлаг соёлын эрхэм хүмүүс, олны танил дуучид, бүжигчид, хамтлагууд, үнэтэй гэгддэг хөтлөгчдийг хүртэл урьж залан, баярлаж шоудацгаана. Ингэж олон зуун сая, тэрбум төгрөгөөр наадамладаг хэрнээ зорчигч тээврийн хэдэн вагондоо сэнс суурилуулах нь байтугай сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг ч хялайлгалгүй өдий хүрснийг ойн баяр нь тохиосон эдгээр өдрүүдэд иргэд хурцаар шүүмжлэв.
УБТЗ нийгэмлэг нь 1520 мм өргөн цариг бүхий 1815 км урт төмөр замтай. 2024 оны байдлаар улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувийг эзэмшиж байна. 17 000 орчим ажилтантай, зорчигч тээврийн 330 гаруй галт тэргээр өнгөрсөн жил 2625 удаагийн эргэлт хийсэн бол энэ онд 3125 болгож нэмэхээр төлөвлөжээ. 2025 оны эхний улиралд гэхэд 37.5 сая зорчигч вагоноор зорчсон гэж Зам, тээврийн яамны статистик тайланд дурдсан байв. Гэвч иргэд сүүлийн үед төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээнд сэтгэл маш дундуур, үгээ хэлж, үсээ зулгааж байж хүрэх газраа хүрч буйгаа хэлэх болов. Заримынх нь яриаг хүргэе.
Иргэн А: “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд зорчигч тээврийн галт тэрэгнүүдээ нэн даруй агааржуулалтын системтэй болгох хэрэгтэй байна. Монголын төмөр замаар хэдэн мянган гадаад, дотоодын иргэн, жуулчид өдөр, шөнөгүй зорчдог. Би саяхан УБ-Эрээн-УБ олон улсын вагонд хоёр талдаа 600 орчим мянган төгрөгөөр зорчлоо. Эрээн, Хөх хот, Бээжин нисэхээс ч үнэтэй зардлаар тийм муухай үйл¬ чилгээ авсандаа туйлын харамссан. Тийзийн үнэнд аяга цай, кофе ч багтаагүй. Бэлэн гоймон 6000 төгрөг, найруулдаг хурууны хэмжээтэй кофе хүртэл үнэтэй. Хамгийн хэцүү нь иргэд хөлс, баастайгаа холилдохын наагуур зорчиж байна шүү дээ. Салж унах шахсан эдгээр эртний техникээр байнга зорчдог иргэд, худалдаа наймаа эрхлэгчид, дотор нь ажилладаг төмөр зам¬ чид, ажилчид, проводникууд маш хүнд нөхцөлд байна. Өвөл нүүрсэнд нь угаартаж, зун халуунд нь шатаж үхчих гээд аймшигтай юм. Купенд ингэж зорчиж байхад суудлын, нийтийн вагонд олуулаа яваа хүмүүсийг төсөөлөхөд ч бэрх.
Иргэн Б: Өнгөрсөн 80 жилийн хугацаанд төмөр замын салбарын дарга нарынх нь л толгой “томорч”, хэтэвч нь түнтийсэн байх. Цагаан өнгөтэй, олон улсын гэгддэг цөөн тооны вагонд агааржуулалтын систем бий. Харин иргэд, олон нийтийн ногоон галт тэрэгнүүдэд сэнс ч алга. 1990 хэдэн онд л “ганзага”-ын наймаанд явдаг байхад эдгээр вагоноор үйлчлүүлж байсан. Ариун цэврийн өрөөний нэвширсэн үнэр, шивтэр ханхалсан хэвээрээ. Орны бүтээлэг, гудас нь ч аль дээр үеийнхээрээ, заваан. Үнэхээр гамшиг, бид хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ. Удирдлагуудад нь жаахан ч гэсэн ичих булчирхай байдаг бол одоо түүнийгээ “ажиллуулах” хэрэгтэй болжээ.
Иргэн В: ОХУ-ын орон нутгийн вагон нь дотроо агааржуулагчтай, шүршүүртэй. Ариун цэврийн өрөөнүүд хангалттай, хаалга үүд нь автоматаар онгойдог, ёстой тухтай болсон байна. Олон улсын, вип үйлчилгээтэй галт тэрэг биш, энгийн нь шүү дээ. Гэтэл манайх аймшигтай халуун, төд удалгүй л хүүхэд, томчуулгүй нүүр нь минчийтлээ улайчихдаг. Өндөр даралттай, зүрх, судасны өвчтэй хүн бол явалтгүй, маш аюултай. Аргаа бараад өртөөн дээр зогсохоор хаалгаар нь толгойгоо хальт цухуйлгаж амьсгал авах жишээтэй. Аминдаа л купенд явдаг юм. Ёстой шийтгэл шиг л болж. Тэгсэн хэрнээ тасалбарын үнээ огт нэмээгүй гэж хэлдэг. 2019 онд УБМосква чиглэлийн галт тэрэгний Эрхүү хүртэлх тийз нь 125 мянган төгрөг байсан. 2022 онд 203, одоо 435 мянган төгрөг болж нэмэгджээ. Тус чиглэлийн галт тэрэгний үйлчилгээ, орчныг Оросынхтой харьцуулаад хараарай.
Иргэн Г: Хугацаа нь дуусаж, ашиглалтаас гарсан, авралгүй болсон вагонуудаа актлаад, зөрүүлээд шинэчлээд явах ёстой. Гэтэл энэ олон жил элэгдсэн вагонуудаа салж унатал нь явууллаа. Шунал нь барагддаггүй дарга нартай байх ч хэцүү юм даа. Хүүхдүүд агааргүй уйлалдаад, цай, кофе нь хүртэл хамгийн чанаргүй, завааныг шахна. Дэлхий дээрх хамгийн хоцрогдсон галт тэрэгтэй, өтгөн, шингэнээ төмөр зам руугаа асгадаг улс Монголоос өөр үлдээгүй дээ. Орон нутгийн зорчигч тээврийн автобуснууд хүртэл “Старлинк”-ийн интернэттэй болчихсон байхад галт тэргэнд утас цэнэглэх, wifi ашиглах, телевиз үзэх мөрөөдөл ч байх шиг. Ямар сайндаа л “Амиа хорлоё гэвэл зун вагоноор яв” гэдэг хэллэг гарсан байх вэ дээ хэмээн ярьцгаасан.

Зорчигчид ийм хэцүү орчинд, ажилчид нь тийм хүнд нөхцөлд төмөр замын бүхий л ачааг нуруундаа үүрч явна. Саяхан нийгмийн сүлжээнд “Галт тэрэг явах замдаа шатаж байна” гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэндээ вагон шатаагүй. Явж байгаа царай нь л тэр гэдгийг албаны хүмүүс тайлбарласан. Монгол, Оросын тал тэнцүү хувь эзэмшдэг, УБТЗ улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй хэрнээ шинэчлэл хийлгүй өдий болсон гэсэн үг. Зүтгүүрүүд нь бараг музей болчихсон. Өмнөд солонгосчууд хүртэл Хойд Солонгосын тухай кино хийхдээ Монголд ирж, манай хэдэн вагоны зургийг авсан гэх.
Далайд гарцгүй орны хувьд төмөр зам маш чухал салбар. Социализм нуран унаж, ЗХУ бутрахад бүх орон төмөр замын салбараа өмчилсөн, харин манайх одоо болтол хараат. Тиймээс хамтарсан нийгэмлэгийн гэрээнд өөрчлөлт оруулж, улсад татвар төлдөг болгох хэрэгтэй гэдгийг ч учир мэдэх хүмүүс зөвлөдөг. Гэтэл манай төр засагт бодож буй ч юм алга. Өнгөрсөн жил буюу 75 жилийн ойгоор нь УБТЗыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан шүү дээ. Шагнал, урамшуулал авах, найрлаж наадамлах болохоор дарга нар нь уурганы морь шиг хурдан, засвар, шинэчлэл хий гэхээр ургаа хад шиг арагшаа суусаар л.
Дэлхийн улс орнууд хэн нь хурдан галт тэрэг үйлдвэрлэх вэ хэмээн км/ц-аар өрсөлдөж байна. Харин бид 700 км газрыг 15 цагт туулдаг үйлчилгээндээ ханачихсан, дарга нар нь цадчихсан. Тухайлбал, Хятадад өндөр хурдны төмөр зам үсрэнгүй хөгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар тус улс дэлхийн нийт төмөр замын гуравны хоёртой тэнцэхүйц хамгийн урт буюу 48 мянган километр үргэлжлэх сүлжээг байгуулж, технологийн хувьд хамгийн өндөр хурдтай тээврийн системийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Эл замаар өдөрт 16 сая зорчигч тээвэрлэж, дунджаар 26 сая тасалбар борлуулдаг аж. Өнгөрсөн оны эцсээр Хятадын төмөр замын нийт сүлжээний урт нь 162 000 км-т хүрчээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ, ОХУ-тай хамтраад хүн тээврийн вагонуудаа шинэчилнэ гэж өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байлаа. Гэвч салбарынхан нь одоогоор ямар ч боломжгүй гэх. Тодруулбал, УБТЗынхнаас сүүлийн жилүүдэд зорчигч тээврийн вагонуудад хийсэн шинэчлэл, засвар, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийх нь талаар лавлахад “Зорчигч тээврийн парк шинэчлэлд зарцуулах мөнгө байхгүй. УБТЗ нийгэмлэг олон арван жилийн турш нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдалтай хүн, ачаа тээвэр зөөж ирсэн. Тээврийн тарифыг ч улсаас олон жил тогтоон барьсан. Энэ нь салбар хоцрогдох үндсэн шалтгаан болсон. Харин зорчигч тээврийн тарифыг 2023 оноос 50 хувиар нэмснээр алдагдлаа бууруулах боломж олдсон. Жилд дунджаар 60 тэрбумын алдагдал хүлээдэг байсныг өдгөө 50 хувиар бууруулаад байна” гэсэн юм.
