Жилийн жилд хичээл, сургалт эхлэхтэй зэрэгцээд манай дарга нар нойрноосоо гэнэт сэрсэн аятай багшийн сул орон тоог зарлаж, “Энэ салбарт ажиллах хүн олдохгүй нь” хэмээн хошуугаа унжуулцгаадаг. Өнөө жил ч энэ дүр зураг давтагдав. Сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн дутагдалд ороод өчнөөн олон жил болчхоод байхад одоо ийм улиглал хэнд ч хэрэггүй шүү дээ. Хамгийн гол нь хичээлийн шинэ жил өнөө, маргаашгүй эхлэх нь, хүүхдүүдэд мэргэжлийн ур чадвартай сайн боловсон хүчин “олж өгч” чадах юм уу, Боловсролын сайд аа.
Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын багшийн сул орон тоог нөхөх нэрийдлээр мэргэжлийн зэрэггүй өчнөөн “хүүхэд” ажиллуулсан байдаг. Төрийн өмчийн нэгэн сургуулийн 262 багшийнх нь 112 нь лав төгсөх ангийн оюу¬тан байсан гэхчлэн хэл ам тасраагүй. Дутагдалтай багш нарын орон тоог өнөө жил ч гэсэн ингэж “гурилдаж” нөхөх бол ямар ч хэрэггүй гэдгийг сургуулиудын удирдлагууд ч шулуухан хэлж байгаа юм.
Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороо бүрд өдгөө сургууль, цэцэрлэгийн багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт явуулж буй. Эндээс ерөнхий болон бага боловсролын салбар хүний нөөцийн ямар их хомсдолд орсныг элбэг харах боломжтой. Зар “наагаад”, сонгон шалгаруулалт явуулаад ч багшийн орон тоог өнгөрсөн хугацаанд нөхөж чадсангүй.
УЛИГ БОЛСОН ТАЙЛБАР, УРИА ЛООЗОНГИЙН ШИНЖТЭЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 895 сургуульд 63 мянга орчим багш, ажилтан ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Үүний 30 гаруй мянга нь үндсэн багш аж. Өөрөөр хэлбэл, ийм тооны багш 800 гаруй мянган сурагчид хичээл заана гэхээр хэр хэмжээний ачаалал үүрэх нь ойлгомжтой. Нэмээд 2025-2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 78 200 хүүхэд элсэх төлөвтэй. Мөн III, IV ангийнханд энэ оноос англи хэлний хичээл зааж эхэлнэ. Гэтэл бага ангийн болон англи хэл, байгалийн ухааны багш хамгийн их дутагдалтай байна. Англи хэлний багш л гэхэд 900-г “олох” хэрэгтэй гэв. Үүнийг тодруулбал, улсын сургуулиудын хэмжээнд 3324 багшийн орон тоо гараад буйг Боловсролын ерөнхий газраас саяхан мэдээлсэн. Энэ нь нэн хэрэгцээт буюу ирэх сарын 1 гэхэд нөхөгдсөн байх орон тоо. Цаана нь бусад мэргэжлийн багш ч өчнөөн дутагдалтай байгааг хэлнэ лээ.
Түрүү жилийн өдийд Боловсролын сайд П.Наранбаяр багшийн сул орон тоог богино хугацаанд нөхөх мэргэн түргэн арга олсон нь багшлах эрхийн 45 хоногийн сургалт байсан юм. Гэтэл энэ нь бөөн хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж, эхэлсэн ч юмгүй, олигтой ч үр дүнд хүрэлгүй өнөөдөртэй золгожээ. Боловсролын яамныхнаас багшийн орон тоог нөхөх чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй талаар нь тодруулахад “Багшийн хүртээмжийн судалгааг үндэсний хэмжээнд хийж, сул орон тоог нь хангахын тулд цөөнгүй арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, төгсөгчдийн аж-лын байранд шилжиж буй байдал болон ажлаас чөлөөлөгдсөн багш нарын судалгааг гаргаж, шалтгаан нөхцөлийг нь тодруулсан. Олонх нь нийгмийн баталгаа, цалин хөлстэй холбоотойгоор мэргэжлээ орхиж буй тул үүнд үнэлгээ дүгнэлт хийж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн тэтгэвэртээ гарсан багш нараас боломжтойг нь аймаг, орон нутагт зарим мэргэжлээр ажиллуулахаар төлөвлөсөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа багшийн судалгааг мөн гаргаж, тэднийг салбартаа эргэн ажиллуулах арга зам эрэлхийлж байна” гэхчлэн өнөөх л улиг болсон тайлбар, уриа лоозонгийн шинж чанартай зүйлсээ ярьсан хэвээрээ.
2877 ОЮУТНЫ 163 НЬ Л БАГШЛАХ СОНГОЛТ ХИЙЖЭЭ
2024-2025 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгсжээ. Үүнээс 163 нь л багшлах эрхийн сургалтад хамрагдаж, мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн талаарх судалгаа гарсан байна . Энэ нь юуг хэлээд байна вэ гэдэг нь ч ойлгомжтой, төгсөгчдөд боловсролын салбарт орж ажиллах хүсэл сонирхол, зориг, зорилго байхгүй болсны илрэл. Үүний зэрэгцээ одоо ажиллаж буй олон багш цалин хөлс багатай, нийгмийн баталгаа муутай гэсэн шалтгаанаар улсын сургуулиудаас дайжсаар буй. Төрийн өмчийн сургуулиуд багшгүй болж байгаа шалтгаан нөхцөлийг тодруулахын тулд албаныхан шиг ажлын хэсэг байгуулж, өчнөөн төсөв мөнгө үрээд, сүр бараа үзүүлж, үндэсний хэмжээнд судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлт хийх ч хэрэг алга. Учир зангилаа нь нүдний өмнө энэ мэт ил цагаан байхад салбарын сайд нь ч, яамныхан нь ч тэр судалгаа, дүгнэлт гаргах нэрээр ажил хийсэн болж харагдахаасаа ичих хэрэгтэй.
Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилд хими, физик, математик, англи хэл, мэдээллийн технологийн чиглэлийн багш асар дутагдалтай байсан. Улсын сургуулиудад нарийн мэргэжлийн багш олдохгүйгээс хүүхдүүдэд энэ төрлийн хичээл заримд нь огт ороогүй, өөр судлагдахууны багш цагийг нь нөхсөн болоод төгсгөсөн тохиолдол ч нийтлэг гарсныг сургалтын менежерүүд нь дуу нэгтэй хэлж буй. Тиймээс ирэх сарын 1 гэхэд төрийн өмчийн нийт сургуульд нэн хэрэгцээт буюу бага ангийн 477, англи хэлний 465, математикийн 356, монгол хэл, уран зохиолын 191, технологийн 189, химийн 187, дуу хөгжмийн 178, физикийн 167, мэдээлэл зүйн 108, түүх, нийгэм судлалын 90, биологи, байгалийн шинжлэлийн 84, зураг, технологийн 83, тусгай хэрэгцээт 10 гэхчлэн дор хаяж 3324 багшийн орон тоог нөхсөн байх шаардлага тулгараад буй юм.
Улсын хэмжээнд жил бүр багш мэргэжлээр 2500 орчим оюутан төгсдөг юм байна. Харин улсын сургуульд жилд 4000-5000 багш ирэн, яван дутагдсаар байгааг боловсролын салбарын статистикийн эмхэтгэлээс харж болно. Цаашид бакалавр зэрэгтэй, мэргэжлийн багш нарыг салбартаа шилжин ажиллахыг хүлээсээр байвал эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам л нэмэгдэх тө-лөвтэй. Иймд салбарын яамнаас хэрэгжүүлж буй, хүний нөөцийн дутагдлыг нөхөх дээрх “гал унтраасан” аргууд нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг багш нар ийн тайлбарлав. “Багшийн сул орон тоог бодлогоор зохицуулах, ингэхдээ салбарын хүний нөөцийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг урт хугацааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Багш мэргэжилтэй хэрнээ өөр салбарт ажиллаж буй 20 мянга орчим хүн бий. Тэднийг салбартаа эргэн ажиллах боломж нөхцөлөөр нь хангачихвал жилийн жилд ингэж хүний нөөцийн эрэлд “хатах” шаардлагагүй болно. Мөн долоо хоногт 19 цаг ажиллах хуваарьтай нарийн мэргэжлийн багш нарыг хөрвөх сургалтуудад хамруулж, мэргэшүүлэх байдлаар хүний нөөцийн дутагдлыг нөхөх боломжтой. Улсын сургуулийн багш нараа ингэж тордож, авч үлдэхгүй бол хувийнханд алдаад дуусах нь. Төрийн өмчийн сургуульд суралцаж буй хүүхэд бүр ур чадвартай, мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, чанартай сургалт авах эрхтэй” хэмээн санал дэвшүүлсэн.
ТЭД ЗӨВХӨН ЦАЛИН БАГА ГЭСЭН ШАЛТГААНААР АЖЛАА ОРХИДОГГҮЙ
Тэгвэл Боловсролын яамныхан “Багш нарын сарын үндсэн цалин 1.4, үүн дээр зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээ, анги удирдсаны, ажилласан жилийн болон бусад урамшуулал нэмэгдээд дунджаар 2.4 сая төгрөг авдаг. Мөн орон нутагт ажиллахаар очсон багшийн үндсэн цалин дээр 40 хувийн нэмэгдэл олгодог болсон гэхчлэн жил ирэх тусам үнэлэмжийг нь хэрэндээ л өсгөж ирсэн. Гэвч төгсөөд тав хүртэлх жил ажилласан багш нарын тэн хагас нь өдгөө ажлаасаа гарчихсан, цалин хангамжаа голсон хэвээрээ байгаа” гэсэн юм. Тиймээс багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь сайжруулахын тулд цалинг нь үе шаттай нэмэгдүүлнэ гэж өнгөрсөн хичээлийн жилд ч амлаж байв. Үүний дагуу багш нарт олгодог арваад нэр, төрлийн нэмэгдэл урамшууллын заримыг нь үндсэн цалинд оруулан тооцох замаар хөдөлмөрийн хөлсийг нь өсгөх боломжтой, үүнийг ирэх оны төсөвт тусгахаар холбогдох байнгын хороонд уламжилсан талаараа сайд П.Наранбаяр саяхан мэдэгдсэн. Гэхдээ цалин нэмлээ гээд багшийн дутагдал өргөс авсан мэт нөхөгдчихгүй, үр дүн нь аажимдаа гарна гэдгийг ч тэрбээр хэлж буй.
Багшийн хомсдол юунаас шалтгаалж үүсдэг талаарх цахимсанал асуулгыг багш нар өөрсдөө явуулж үзэхэд олонх нь цалин хангамж бага, нийгмийн баталгаа сул, мэргэжлийн үнэлэмж муу гэж хариулсан байна. Мөн цөөнгүй багш цалингаас илүүтэй анги танхимын хүртээмж хангалтгүй, орчны аюулгүй байдал алдагдсан, хүүхдийн тоо стандартаас давсан (50-70), ачаалал хэт ихтэй, бичиг цаасны ажил тоймгүй, гүйцэтгэлийн үнэлгээний дарамтаас болж халширч, мэргэжлээ орхисон тухайгаа хэлжээ. Түүнчлэн багш нарт эцэг, эх, асран хамгаалагч нарын дарамт их, сурагчдын эрх нэмэгдсэн, үүрэг хумигдсан байдал зэрэг нь сэтгэл зүйд нь их нөлөөлдөг гэсэн байв. Багш нар зөвхөн цалин бага гэсэн шалтгаанаар ажлаа орхидоггүйг эдгээрээс харж болно.