Өнөө, маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад манай боловсролын байгууллагуудын бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай. Сайд дарга нар ч энэ намар анх удаа л сургууль, цэцэрлэгт хүүхдүүд элсүүлэх гэж байгаа аятай түмэн зовлон, мянган шалтгаан тоочсоор. Ийм ч тооны багш боловсролын байгууллагуудад дутагдалтай, тийм ч сэтгэл зүйч, тогооч, эмч олдсонгүй, энэ ч цэцэрлэгт ор дэвсгэр алга, тэр ч сургууль тоног төхөөрөмжгүй хэцүүдэж байна гэх. Сургууль, цэцэрлэгүүдийн барилга, байшинг өргөтгө, шинээр барь, анги танхимын хүрээлцээг нэм, багшийн сул орон тоог нөх, мэргэжлийн сэтгэл зүйч, тогооч, эмч нартай болго гэж зуны гурван сарыг тэдэнд “өгдөггүй” бил үү. Эл хугацаанд Боловсролын яам, харьяа агентлагууд, нийслэл, дүүргийн Боловсролын газрынхан яг юу хийсэн юм бэ. Жил бүрийн наймдугаар сарын дундуур ажил нь эхлэхчээ аяддаг учраас л өдийд бүгдээрээ ингэж үйлээ үзэж, үсээ халцлах дээрээ тулж байгаа шүү дээ.
Сурагчдыг, эцэг, эхчүүдийг хамгийн их туйлдуулдаг, залхаан цээрлүүлдэг зүйл нь сургуулиуд гур¬ван ээлжээр хичээллэх явдал юм. Тэр дундаа өвлийн хүйтэнд ийм хуваа¬риар хичээллэдэг сур-гуулиудын хүүхдүүд шөнө оройн цагаар тарж, харанхуй гудамжинд халтирч ойчихоос эхлээд нохойд уруулах, хүнд дээрэлхүүлэх, хулгайчид дээрэмдүүлэх, хүчирхийлэлд өртөх гээд олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Тэгвэл энэ жил ч гэсэн олон мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж, эдгээр эрсдэлтэй нүүр тулах нь.
27 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ ТҮРЭЭСЭЛЖЭЭ
Нийслэлд хот төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй, чанаргүй байдал нь “жишиг” болоод удаж буй. Сургууль нэмж бариад, өргөтгөөд ч нэмэр болохгүй, жил бүр 10-20 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ. Өнөө жил ч гэсэн мөн тооны хүүхэд ийм маягаар хичээллэж болзошгүй байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын За¬хиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэгээс тодруулахад “Улаанбаатар хотод энэ хичээлийн жилд 36 сургуулийн 19 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авч, одоогоор 27 барилга, байгууламжийг түрээсэлж, хүүхдүүдийг суралцуулахаар төлөвлөсөн. Гэсэн 4-5 сур-гууль яалт ч үгүй “гадна” нь үлдчихээд, гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэг дэх 14, “Нарны хороолол”-ын дэргэдэх 141, Хан-Уулын 15, Сон-гинохайрханы 62 дугаар сургуулийг хэрхэх, эсэх талаар тодорхой шийдэл хараахан алга. 15 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх аравдугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тул тэр болтол хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх нь тодорхой болсон. Мөн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээж авах, үгүй нь ч тодорхойгүй байгаа. Мөн 14 дүгээр сургуулийн тухайд энэ жилийн элсэлтээс нь хамаараад 14-15 бүлэг нэмэгдэх төлөвтэй. Гэх мэтчилэн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор гурван ээлжийг бүрмөсөн халж чадахгүй байгаа юм. Улсын хэмжээнд энэ онд сурагчийн тоо 30 мянгаар нэмэгдсэний 13 мянга гаруй нь нийслэлд суралцахаар байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 20 мянган сурагч төгсдөг ч элсэгчийн тоо 30 мянгыг давдаг. Ингэхээр суудлын зөрүү нь 10 гаруй мянгаар нэмэгддэг гэсэн үг шүү дээ. Суралцагчийн тоог хөрөнгө оруулалт нь гүйцэхгүй байна л гэж ойлгож болно” хэмээн ярилаа.
ЭЛСЭЛТЭЭС ДАВСАН СУУДАЛ НИЙЛҮҮЛСЭН ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭВ
Сургуулиуд гурван ээлжид аль бүлгийнхнээ хамруулах, эсэхийг дотооддоо шийддэг аж. Ах¬лах ангийнхан ихэвчлэн өглөөний ээлжид хичээллэх хуваарьтай тул үүнд хамаарахгүй. Харин хоморгод нь бага, дунд ангийнхан л өртдөг аж. Тэр дундаа I, II ангийнхны хичээл цөөн, 35 минутаар ордог тул энэ нь сургуулиудад “олз” болдог. Тиймдээ ч бага ангиудаа гурван ээлжид “чигжиж”, цөөн цагаар хичээллүүлсэн болоод сурсан, сураагүйн хооронд төгсгөж буйг эцэг, эхчүүд шүүмжилдэг байх. Үүнийг харин албаныхан эвтэйхэн тайлбарлаад зугтчихдаг юм билээ. Тэд дунд, ахлахынхан хоёр ээлжээр хичээллээд зургаан цагт тардаг бол бага ангиудыг гурван “рейс” хийлгэсэн ч бараг ялгаагүй, хичээл нь ингэж дуусдаг ухааны юм ярьдаг гээд бод.
Г.Мөнхбилэг даргын дээр хэлсэн шиг сургуулиудын анги танхим, суудал нь сурагчийн тоогоо үнэхээр гүйцэхгүй байгаа юу гэвэл түүн шиг худал зүйл үгүйг дараах статистикаас харж болно. Шинээр ашиглалтад оруулах сур¬гууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тэрбээр өнөө жил нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 139 барилга барьж буйг, тэдгээрээс 15-ыг нь бүр ашиглалтад оруулчихсан гэсэн шүү. 2025 онд багтаад уг тоог дахиад 20-иор нэмэхээр төлөвлөснөө ч дуулгана лээ. Ингэснээр энэ намар сургууль, цэцэрлэгийн орон тооны багтаамж буюу суудлын тоо 21 500-гаар нэмэгдэнэ гэж тэрбээр мэдэгдсэн. Үүний 14 мянга гаруй нь сурагч, үлдсэн нь цэцэрлэгийн хүүхдүүд аж. Өөрөөр хэлбэл, 10 мянгаар сандал суудлын зөрүү үүсээд байна гэсэн нь ингээд шийдэгдчихэж байгаа биз. Яг хэн нь худал яриад байна вэ. Дарга на¬рын албан мэдэгдэл, тайлбарууд нь бүгд энэ мэт алд дэлэм зөрж, бодит байдалд шийдэгдсэн зүйлгүй хичээл эхлэхээр болжээ. Сайд, дарга нар төчнөөн сургууль, цэцэрлэг ашиглалтад орууллаа хэмээн мэдээлж, ажил хийсэн болж харагдаж л чаддагаас өөр шидгүйг батлах өөр нэг тоо баримтыг доор өгүүлье.
САЙД П.НАРАНБАЯРЫН “ЖОНХУУ”
Уржигдар нийслэлийн ЗДТГ-ын удирдлагууд 148 дугаар сургуульд ажилласан. Сургуулийн ба-рилгыг таван жилийн өмнө ашиглалтад оруулсан ч одоо болтол анги танхим дахь ширээ, сандал нь хүрэлцэхгүй хэвээр байгаа аж. Салбарын яамныхан, сайд нь сургууль, цэцэрлэгүүдээр биечлэн явж, бодит байдлыг үнэлдэггүй, тордож арчилдаггүйгээс өнөөдөр боловсролын байгууллагууд яг л эцэг, эхдээ гологдсон хүүхдүүд шиг халтайж, нооройжээ. Уг нь цэцэрлэг, сургуулийн ширээ, сандал, ор дэр, зөөлөн, хатуу эдлэлийн засвар, шинэчлэлд зориулж энэ оны улсын тө¬сөвт 32 тэрбум төгрөг тусгасан гэх. Хачирхалтай нь, өнгөрсөн найман са¬рын хугацаанд Боловсролын яамныхан тендер зарлаж, ажлаа хийгээгүй гэнэ. Үүний уршгаар 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг өдгөө ашиглалтад оруулсан ч одоо болтол сургалтын хэрэглэгдэхүүн, самбар, сандал, ширээ, тоног төхөөрөмж байхгүй, хүүхдүүд шинэ байранд суралцаж чадахгүйд хүрчээ. Нийт 15 500 хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нь тодорхой болоод байна.
Нөхцөлд байдал өнөөдөр иймдээ тулчхаад байхад Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд бараг бүх зүйл нь болж байгаа мэтээр ярьж, попорсоор. Энэ онд ерөнхий боловсролын сургуульд нийт 830 орчим мянган хүүхэд суралцах урьдчилсан тооцоо гарсан. Дээр дурдсанчлан өчнөөн сургууль, цэцэр¬лэг ашиглалтад орлоо. Нийслэлд л гэхэд сурагчийн суудал 14 мянгаар нэмэгдлээ, даанч гурван ээлжээ халж чадсангүй. Нэмээд сайд П.Наранбаярын улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн ан¬ги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөг хэрэгтэй гэснийг нь иргэд, эцэг, эхчүүд бүр ч ойлгох¬гүй байгаа юм. Ирэх 9-12 дугаар сард гэхэд л сургууль, цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэхэд 14.3 тэрбум төгрөг зарцуулна гэв үү дээ
Хувийн хэвшлийн барилга, байгууламжуудыг түрээслээд л хүүхдүүдээ “шингээчих” байсан юм бол улсын хэмжээнд хэрэгжүүлж буй энэ олон төсөл, арга хэмжээ яг юу болж таарах вэ. “Боловсролын салбарт энэ онд 1.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээг батлан, хэрэгжүүлж байна” хэмээн Боловсролын ерөнхий газраас саяхан мэдээлсэн нь ямар ч үр ашиггүй зүйл юм гэж үү.
Ард иргэд нь хэмнэж болох бүхнээ хямгадаад “бүсээ чангалаад” ч болов боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байхад сайд, дарга нарынх нь байж байгаа царай, ажлаа хийж буй нь хүртэл нэг иймэрхүү “жонхуу” аж.