Э.Одмаа таван настайдаа ааваараа шатар тоглохыг заалгаж, оюуны спортод хөл тавьжээ. Амжилтын гараагаа 2014 онд эхлүүлсэн тэрбээр “Цодгор хүү” УАШТ-ээс иж бүрэн медальтай. Тэр жилээ тус тэмцээнд түрүүлэн Тайванийг зорьж, сурагчдын тивийн АШТ-ээс эх орондоо мөнгөн медальтай ирсэн гэдэг. Анги дэвшин суралцах жилүүдэд хичээлдээ анхаарал хандуулах болж шатраас нэг хэсэг холдсон ч 2022 онд эргэн ирж, тамирчны карьераа үргэлжлүүлэв. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнарын удирдлагад бэлтгэл шаргуу хийсний үр дүнд үеийнхнээсээ ур чадвараар дутахааргүй болсон. Өнгөрсөн жил болсон сурагчдын УАШТ-д хүрэл медаль гардаж амжилтаа баталсан бол энэ онд өсвөр үеийнхний УАШТ-ий 16 насныхны ангилалд тэргүүлж, өсвөр үеийнхний шатрын анхдугаар бодлого бодолтын тэмцээнд аваргаар тодорсон юм. 2025 он түүнд аз, амжилт дагуулсан жил болж байна. Дотоодынтомоохон тэмцээнүүдэд чансаа өндөр тамирчидтай өрсөлдөж, амархан бууж өгөхөөргүй тоглогч болсноо хичээл зүтгэлээрээ харуулсан. Түүнийг багш нь Хонконгод энэ сарын эхээр зохион байгуулсан шатар сонирхогчдын өсвөр үеийнхний Азийн АШТ-д өрсөлдүүлэхээр сойход итгэлийг нь алдалгүй түрүүлэн тивийн шилдгүүдийн эгнээнд багтаж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн билээ. Спортын талбарт унаж, босож, өгөө аваатай урагшлан, богино хугацаанд амжилтаа ахиулж, шатрын хүрээллийнхний танил болсон түүнтэй ярилцлаа.
-Хонконгоос ирснийхээ дараа бэлтгэлдээ шууд орсон гэл үү. Шаргуу хичээллэхийг бодвол дэлхийн тэмцээнд өрсөлдөхөөр шийдсэн бололтой.
-Тийм ээ. Энэ жил гадаадын тэмцээнүүдэд амжилттай оролцох зорилго тавьсан. Албани улсын Дуррес хотод өсвөр үеийнхний ДАШТ арав, Сербид шатар сонирхогчдын ДАШТ арваннэгдүгээр сард болно. Хоёр ч том тэмцээний товлосон хугацаа ойртож байгаа болохоор долоо хоног амраад бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Хөлөг дээр нүүдэл хийхгүй удвал төсөөрчих гээд байдаг юм. Бүтэн жил завгүй хичээллэсэн надад ингэж амарсан удаа ховор. Намайг гэрт хааяа нэг өнжвөл манайхан их баярладаг. Ээж “Миний охин сайн амарч ав” гэдэг бол найзууд минь уулзах гэж яарна шүү дээ.
-Үеийнхнийгээ аялж явахад тамирчид завгүй хөдөлмөрлөдөг. Өнгөрсөн зун та тивийн хоёр том тэмцээнд оролцож, нэгд нь түрүүллээ. Дуртай спортдоо амжилт гаргаж, “ургац” хураана гэдэг таны хувьд зорьж буй зүйлийн тань нэг байх.
-БНХАУ-ын Гуандун мужийн Жухай хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнд оролцсоныхоо дараа шатар сонирхогчдын Азийн АШТ-д өрсөлдөхөөр Хонконгийг зорьсон. Тэнд хөл тавьсан анхны өдрөөс халуун, бүгчим агаарт нь зохицох амаргүй санагдаж байлаа. Орчинд нь дасаагүй болоод ч тэр үү, сэтгэл зүй тогтворгүй, нэг л сонин байв. Тэмцээний эхний өрөгт Хятадын өөрөөсөө дүү тамирчинтай таарсан. Бид өмнө нь нэгнээ хараагүй тул ямар арга барил, тактикаар тоглодгийг хэн хэн нь мэдэхгүй. Ширээний ард өрсөлдөөн ширүүхэн өрнөхөд тэрбээр намайг анзаарсан уу, ямар ч боломж өгөлгүй шууд л довтолсон. Түүний нүүдлийг зогсоох гэж сандарсандаа алдаа гаргаж хожигдсон юм. Тоглолтын гараагаа тааруухан эхлүүлсэн надад тэр үед “Дараагийн өргүүдэд хичээхгүй бол амжилт гаргахгүй буцах нь” гэсэн бодол юу юунаас илүү төрж байлаа.
-Та эхний гурван өрөгт өмнөд хөршийн тамирчидтай таарсан. Нэлээд амаргүй өрөг харагдсан даа.
-Хоёр дахь өрөгт мөн өмнөд хөршийн тамирчинтай өрсөлдсөн. Түүнтэй тоглохоосоо өмнө Зүүн Азийн АШТ-ий 12 хүртэлхнасныхны ангилалд блиц төрөлд түрүүлсэн болохыг нь мэдэж, өргийг нь судалсан юм. Надтай өрсөлдсөн учраануудаас хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн нь Филиппиний тамирчин. Бид ана мана тоглож, аль аль нь алдаа гаргасан. Тоглолтын явцад тэнцсэн ч би илүүрхэж хожсон юм. Түүний өрөг үнэхээр хүнд. Одоо ч нүдэнд харагдаж байна. Нэг л буруу нүүвэл ялагдах тул хожихоос өөр сонголт надад үлдээгүй. Маш их хичээсний хүчинд бүх нөөц, боломжоо гаргаж, арай гэж буулгаж авсан. Тэрбээр надаас эгч болохоор туршлага чамгүй хуримтлуулснаа хөлөг дээр ч харуулсан даа.
-Шатарчид тэмцээн эхлэх бүрийн өмнө багштайгаа зөвлөлдөж ярилцдаг юм билээ. Э.Энхнар дасгалжуулагч шавьдаа ямар тактикаар тоглохыг хэлсэн биз?
-Багштай өрөг бүрийн өмнө холбогдож, хэрхэн тоглох талаар сайтар ярилцсаны үр дүнд III, IV өрөгт тэнцсэн. Эхний гурван тавилд таарсан Хятадын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэдний нүүдэл надаас ямар авьяас, ур чадвар гарахыг тал бүрээс сорьсон томоохон шалгуур байв. Намайг сандарган, сэтгэл зүйн дайралт хийж, санамсаргүй алдаа гаргуулж, хожих гэж жигд сэн санаархал нь тэдний гол тактик шиг санагдсан. VII өрөгт тоглосон тамирчныг ялж, хожлыг өөрийн талд эргүүлснээ мэдсэн ч сэтгэл ханаж, тайвшраагүй. Ялалт хаашаа ч эргэж мэдэхээр байсан тултэмцээн дуустал алдаа гаргахгүйг хичээсэн. Тоглолттойөдрүүдэд багш “Олон зүйл бодох хэрэггүй. Хожиж, хожигдох нь хамаагүй. Зөвхөн чанартай өрөг гаргахаа бод” гэж зөвлөсөн.
-Тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох тохиолдол цөөнгүй гардаг. Тийм үед сэтгэл зүйгээ хэрхэн залж, удирддаг вэ?
-Тоглолт өндөрлөсний дараа л би хожжээ гэж бодох ёстой. Сүүлийн хоёр өрөгт Энэтхэг, Хятадынтамирчинтай тоглох хэцүү санагдсан. Шатрын спортыг өндөр хөгжүүлсэн улс шилдэг тамирчидтай. Тэдэнд оноо алдвал түрүүлж чадахгүй тул юу ч бодохгүй нүүсэн. Намайг ямар олон хүн дэмжиж, энэ тэмцээнд оролцуулсан билээ. Надад найдсан багш, гэр бүл, найз нөхдийнхөө итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэж өөртөө хэлж байв. Тийм үед улсынхаа нэр хүндийг унагахгүй, өндөртөргөх ёстой гэх үүрэг, хариуцлага хамгийн их бодогддог юм билээ. Тамирчин хүн хилийн дээс алхаад л өөрийгөө бус эх орноо боддог болохыг энэ удаагийн тэмцээн их ухааруулсан шүү.
-Азийн аварга болсон баярт мэдээг хэнд түрүүлж дуулгав?
-Гэрийнхэндээ дуулгахаар аавтайгаа түрүүлж холбогдсон. Дараа нь ээжтэй ярихад манайхан баярлаж буй нь утасны цаанаас сонсогдож байлаа. Тэд минь тэмцээн эхлэхээс дуустал намайг тууштай дэмжсэн. Ялахад урам өгч, хожигдоход тайвшруулж, “Зүгээр дээ, үлдсэн өргүүддээ сайн тоглоорой” гэж зөвлөдөг байлаа. Өрөгт бүрт таарсан өрсөлдөгч минь олон зүйлийг ойлгуулсан. Миний хувьд тэдэнтэй эн тэнцүү тоглосон ч төгсгөл хэсэгт дутуу байгаагаа мэдэрсэн юм. Тиймээс сургуулилалт хийх бүрдээ анхаарал хандуулж байгаа.
-“Босоо ноён” клубийн босгоор алхсан түүхээсээ сонирхуулаач. Хэн нэгэн тэнд бэлтгэлээ үргэлжлүүлэх санал танд тавьсан уу?
-2022 оны арванхоёрдугаар сард Э.Энхнар багштай танилцаж, “Босоо ноён” клубийн тамирчин болсон. Надаас өмнө дүү минь тус клубт бэлтгэл хийдэг байв. Миний хувьд таван настайдаа ааваараа шатар заалгаж, спортынгараагаа эхлүүлсэн. Гурван жил хичээллээд нэг хэсэг завсарласан юм. Цар тахлын хөл хорионы үед тэмцээн зохион байгуулахгүй удсан тул шатар хэрхэн тоглодгийг ч бараг мартах дөхсөн байлаа. 14 насандаа шатрын спортод эргэж ирэхэд аав минь тусалж, бүх талаар дэмжсэн. Манайхан тэр үеэс дотоод, гадаадын тэмцээнд намайг алгасахгүй оролцуулахыг хичээдэг болсон.
-Та тивийн дэдаваргаар таван настайдаа тодорсон гэдэг. Тэр үеийн дурсамж сэтгэлд тань тод үлдсэн байх.
-Би одоо Баянгол дүүргийн улсын тэргүүний 13 дугаар сургуульд сурдаг. 12а ангийн сурагч. Таван настайдаа Тайваньд болсон сурагчдын Азийн АШТ-д оролцож, мөнгөн медальтай ирснээ мартдаггүй. Хилийн дээс анх удаа алхаж, амжилт гаргасан болохоор сэтгэлд тод үлджээ. Шатраар хичээллэхэд аав суурийг минь зөв тавьснаар дасгалжуулагч Н.Төвсанаа багшийн удирдлагад үргэлжлүүлсэн. Тэрбээр тамирчдаа бодлого их бодуулдаг бол Э.Энхнар багш ур чадвар, арга барил, тактик гээд бүх талаас нь гэж жигд хөгжүүлэхийг зорьдог. Шатрын ямар ч тэмцээнд оролцсон багш нарын минь заасан бүхэн хэрэг болдог юм. Тамирчин хүн зорьж оролцсон тэмцээндээ түрүүлэх сайхан. Би өсвөр үеийнхний шатар сонирхогчдын Азийн АШТ-д тэргүүлснээр Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртэж, гадаад чансааны оноогоо ахиуллаа. Өмнө нь 1771 оноотой байсан бол одоо 1910 болсон байна.
-Дотоодын тэмцээнд үеийнхээ шилдгүүдээс хэнтэй нь их таардаг вэ?
-“Хан Алтай” клубийн тамирчин Э.Хүслэн, “Стейниц Монголын шатрын академи”-ийнхнаас Э.Эмүжинтэй цөөнгүй таарч тоглосон. Э.Хүслэнгийн өргийг багагүй судалж, Хонконгод зохион байгуулсан тивийн тэмцээний өмнө болсон тоглолтод хожиж байв. Миний хувьд өсвөр үеийнхний шатар сонирхогчдын ДАШТ-д анх удаа оролцох болохоор бэлтгэлээ сайтар базаахыгхичээжбайгаа. Шатрын спортод өндөр амжилт гаргасан Монголынхоо эмэгтэй тамирчдын ур чадвар, мэдрэмж, авьяасаар бахархдаг. Тэднээс энэ жилийн УАШТ-ий хагас шигшээд Б.Мөнгөнзул эгчтэй таарч, хожигдсон юм. Тэрбээр надаас чансаа өндөр, хуримтлуулсан туршлагаар хавьгүй илүү. Түүнтэй тоглохдоо эхэндээ сандарсан шүү.
-Олон цаг бэлтгэл хийхээр ядардаг биз. Тамирчны амьдралаар замнах заримдаа амаргүй санагддаг болов уу гэсэн бодол төрлөө.
-Хааяа хэцүү санагддаг үе бий. Гэхдээ дуртай зүйлдээ цаг, заваа зориулж, амжилт гаргахаар тэмүүлж буй болохоор зорилгоо хамгийн түрүүнд боддог. Өнгөрсөн жил УАШТ-д тааруухан тоглосон. Тэр үед өмнөхөөсөө төдийлөн ахихгүй байсан тул өөртөө эргэлзэж, больдог ч юм бил үү гэж бодсон удаа бий. Клубт бэлтгэл хийхгүй гурван сар хөндийрөхөд цаг хугацаа өнгөрч өгөхгүй, нэг л хоосон болчихсон мэт санагдаж билээ.
-Гэрийнхнийг тань шатраар хичээллэдэг гэж сонссон. Тэгэхээрчөлөөт цагаараа хөлөг дээр “тулалдаж”, спортын тухай яриа өрнүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байна.
-Манайхан чөлөөт цагаараа шатар тоглох дуртай. Ууган эгч Э.Удвал МУИС-ийн IV курсийн оюутан. Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Их мастер, Гавьяат тамирчин Б.Хатанбаатар багшийн удирдлагад хичээллэж, 2021 онд зохион байгуулсан УАШТ-ий 18 насныхны ангилалд улсын аварга болж байв. Түүнийг шатар тоглох үеэс бусад нь сонирхож, энэ спорттой нөхөрлөсөн. Эгч одоогоор шатрын спортоос түр холдож, хичээлдээ анхаарал хандуулж байгаа. Хүүхэд байхаасаа шатар тоглосон түүнийг ийм шийдвэр гаргахад нь тухайн үед харамссан. Бид амралтын өдөр гэртээ шатрын талаар сонирхолтой яриа өрнүүлдэг. Би дунд эгч Э.Цолмонтой шатар нүүхдээ хааяа бооцоо тавьж тоглодог юм. Аавыг минь Д.Энхсайхан гэдэг. Төв аймгийн “Зуунмод 88” клубийн дасгалжуулагч. Миний хувьд ирэх жил ерөнхий боловсролын сургуулиатөгсөх тул өмнөхөөсөө илүү хариуцлагатай, завгүй байх болов уу. Ямар ч мэргэжлээр суралцсан дуртай спортоосоо холдохгүй, амжилтаа ахиулж хичээллэсээр байх болно. Ирээдүйд шатрын дасгалжуулагчаар ажиллаж, мэргэжлийн тамирчид бэлтгэнэ гэж боддог.
-Шатар таныг хэр өөрчилж, ямар байр суурьт аваачсан бол?
-Би тайван тоглож, өрсөлдөгчөө хождог. Оюуны спортоор хичээллэх давуу талтай. Шатар намайголон талаар хөгжүүлж, өөрчилсөнд баярладаг. Хөвгүүд шиг хөдөлгөөнтэй, сахилгагүй охин шатартай нөхөрлөснөөс хойш анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилалт, тэмцээний ачаалал даах чадварт суралцсан. Аливаа зүйлийг тал бүрээс нь эргэцүүлэн бодож зөв шийдвэр гаргадаг боллоо.