Охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бүх цаг үед л олны сэтгэлийг эмзэглүүлдэг сэдэв байсаар ирсэн. Одоо ч тийм гээд хэлчихвэл гүтгэсэн болох гээд байна л даа. Учир нь сүүлийн жилүүдэд албаныхан ч, ард иргэд ч тэр, охидын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварын талаар анхаарч, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах гэхээсээ нийгэмд тохиолдол гарах бүрд “дэвж, буухаас” хэтрэхээ байсан нь үнэн. Хамгаалаад, эсвэл хардаад байгаа нь ч мэдэгдэхгүй харааж, ерөөх нь энүүхэнд болсон.
Охидыг нийгмийн сүлжээнд “дүүжилж”, хохирсон дээр нь амиа хорлотол нь адалж байсан удаа ч олонтоо гарч байлаа. Ийм харгис нийгэмд эцэг, эхдээ, элгэн садандаа, итгээд очсон албаны хүмүүст, аврал нэхсэн эмч¬ дээ хүртэл гологдож хаягдахыг хүмүүс тэр бүр ойлгохгүй. Охидтой холбоотой янз бүрийн хэргийн талаар сонсохыг ч хүсдэггүй, муу юм холуур хэмээн сүсэглэдэг нь нууц биш. Бидний монголчуудын энэ муухай зан өсвөр насны охидыг хааш нь “түлхдэг”-ийг та мэдэх үү. Наанадаж “буруу зам” руу халтирахад, цаашлаад ангал руу илгээх ч аюултай. Үнэхээр ийм байдгийг олон ч сэтгэл судлаач батлан ярьж байна. Өөрөөр хэлбэл, үр хөндүүлсэн, хүсээгүй хүүхдээ төрүүлсэн, хүчирхийлэлд өртсөн, халдварт өвчин туссан гээд тэдгээр охиныг ялгаварлан гадуурхахгүйгээр, сэтгэлийн шарх нь эдгэртэл, зовуурь шаналал нь арилтал байгаагаар нь хүлээн авч чадахгүйд л учир буй юм.
ҮЕИЙН ХӨВГҮҮНЭЭ ШОХООРХДОГ НАСАН ДЭЭРЭЭ ҮР ХӨНДҮҮЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ
Та, бид нийгмээрээ охидын зовлонг энэ мэт тоохоо больж, бүр байдаг л зүйл, тохиолдох л ёстой мэт хүлээн авдаг болсноос хойш тэдний эрүүл мэндийн асуудал хөсөр хаягдсан. Сайд, дарга нар, эмч, мэргэжилтнүүд хүртэл тэдний тухай “тэдэн тохиолдол” л гэж ярьдаг болчихсон нь хэчнээн эмзэглэм бэ. Дээс, резин эргүүлж, дэгж дэрвэх үедээ зарим нь хүчирхийлэлд өртөж байна. Нэг хэсэг нь өсвөр насандаа ээж болж байхад нөгөө хэсэг нь үеийн хөвгүүнээ сонирхон шохоорхох насан дээрээ үр хөндүүлж байх ч гэж дээ. Үүнийг бүгдээрээ зүгээр л “тохиолдол” хэмээгээд тоолоод суух гэж үү. Энэ улсын ирээдүй, хүн ам зүйн нэгэн бүлэг, цаашлаад үндэстний, монгол хүний удмын сантай хүртэл хамааралтай, охидын эрүүл мэндийн асуудал зүгээр л нэг статистик болчхож болохгүй. Шалтгаан нөхцөлийг нь тодруулах хэрэгтэй болов уу.
Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлтийн түвшин 2000 оныхтой харьцуулахад 1000-д 64.5-аас 41.3 болж буурчээ. Бөмбөрцгийн хүн ам хэд, түүний хэчнээн нь өсвөр насны охид билээ. Тэгэхэд л ийм дүнтэй байна шүү дээ. Тив газраасаа хамаараад харилцан адилгүй ч Европын бүсэд гэхэд хамгийн бага үзүүлэлттэй буюу 1000 төрөлт тутмын 13.1 нь охидынх байна. Манай улсын хувьд хоёр жилийн өмнө өсвөр насны охидын төрөлтийн түвшин амаржсан 1000 эх тутамд 21.1 байсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд онцолжээ. Энэ нь Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 4.2оор өндөр үзүүлэлт юм. Харин өнгөрсөн онд 1000 төрөлт тутмын 15.5-ыг охидынх эзэлжээ. Энэ нь 2023 оныхоос 2.6-гаар буурсан дүн аж.
Гэхдээ энэ нь сэтгэл тайвшрах хэмжээний буурсан үзүүлэлт биш. Бодит тоогоор нь авч үзвэл, улсын хэмжээн дэх тухайн жилийн нийт төрөлтийн 3.3-4 хувийг өсвөр насны охидынх эзэлсээр л байгаа юм. Жишээ нь, өнгөрсөн жил 57 319 эх амаржжээ. Үүний 3.3 хувийг охидын төрөлт эзэлсэн гэвэл багаар бодоход 2000 орчим өсвөр насны хүүхэд ээж болсон гэсэн үг. Төрөлт өндөртэй буюу 80-100 мянган эх амаржсан жилүүдэд охидын төрөлтийн эзлэх тоо 5000-д хүрч байсныг батлах үзүүлэлтүүд жил жилээрээ бий.
ШАЛТАГ ТООЧДОГГҮЙ, ШАЛТГААН ГАРАХААС НЬ СЭРГИЙЛДЭГ БОЛЪЁ
Эмч нарын тайлбарласнаар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судлаачдын хэлснээр охид өсвөр насандаа ээж болж буй нь олон шалтгаантай аж. Зарим нь эцэг, эх, асран хамгаалагч нарын хараа хяналт сулаас “хазгай гишгэж”, жирэмсэн болсноо ч мэдэлгүй явсаар төрдөг гэх. Харин өөр нэг хэсэг нь бэлгийн харьцаанд эрт ордог, жирэмснээс хамгаалах арга, хэрэгслийн талаарх мэддэггүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн наад захын мэдлэг, боловсролгүйгээс хүүхэдтэй болдог гэв. Эдгээр шалтгаан бүгд л албаныхны соён гэгээрүүлэх, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг, ойлголт өгөх ёстой ажил нь баймаар. Ингэж шалтаг тоочдоггүй, харин ч шалтгаан гарахаас нь урьтаж сэргийлдэг болох сон.
Төсвөөс санхүүждэг, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоно, алив өвчин, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэх уриатай өнөөх данхар бүтэцтэй, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хаана, юу хийж явна вэ. Охид, эмэгтэйчүүдийн нэр барьж, тэдний эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ, эрхийг нь хангаж ажиллана хэмээдэг гишүүд, сайд, дарга нар, төрийн байгууллагынхан нь ч бүгд усанд хаясан чулуу шиг алга болцгоожээ.
12, 13-хан настай охид хөл хүнд болж гэнэ, гол усаар нэг сенсац, нийгмийн сүлжээгээр дүүрэн заналхийлэл, дарамт шахалт. “14, 15-тай өсвөр насныхан үр хөндүүлжээ, охидын жирэмслэлт утгаа алдлаа” гэх эмчийн үгийг нийтээрээ “сэвдэг” мөртлөө яагаад гэж асуудаг нь цөөхөн. Хүүхдийн төлөө дуугардаг цөөн хэдэн хүн, төрийн бус байгууллагынхан л учир шалтгааныг нь нуулгүй ярьдаг. Тэд “Өсвөр насны охидын жирэмслэлтийн дийлэнх нь үр хөндөлтөөр төгсдөг. Хүүхдээ төрүүллээ ч ганцаараа хэцүү амьдрал туулдаг. Өсвөр үедээ насны ханьтайгаа таарсан нь маш цөөн. Олонх нь л хүчирхийллийн золиос болсон байдаг. Тэд юун ээж болох, хүүхэд “олсноо” ч мэдэхгүй явсаар үр хөндүүлэх хугацаа нь өнгөрчихсөн байх нь бий. Ингээд аргагүйн эрхэд хүчирхийлэгчийнхээ хүүхдийг төрүүлдэг. Үүнээс болоод сэтгэлийн шархаа даалгүй хүүхдээ хаяж голсон, эмнэлэгт орхиод зугтсан жишээ ч цөөнгүй гарч байсан” хэмээх.
11 878 ОХИН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨНИЙ УЛМААС АМАРЖЖЭЭ
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин” төвийг үүсгэн байгуулагч, үндэсний сургагч Д.Ундраа “Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил бүр өссөөр байгаа. 2020-2024 онд гэхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон шалтгаанаар эрэгтэй 263, эмэгтэй 3898, нийт 4161 хүүхэд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдаг. Зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, насанд хүрээгүй үедээ хүүхэд төрүүлсэн 10-14 насны 98, 15-19 насны 11 878 хүүхэд бүртгэлтэй байна шүү дээ. Үр хөндүүлсэн 10-14 насны 215, 15-19 насны 2950 охин бие, сэтгэлээрээ хохирчхоод байгаа. Энэ бол зөвхөн илрүүлсэн хэрэг, үзлэг, шинжилгээнд хамрагдсан тоо баримт. Цаана нь илчлэгдээгүй, гэр бүлийн хүчирхийлэл дор хэчнээн хүүхэд тарчилж буйг таашгүй. Уг нь манай улс Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй. Даанч ялангуяа орон нутагт хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг таван аймгийн 54 сумын хүүхэд хамгааллын хамтарсан 140 гаруй багт ажиллахдаа мэдлээ. Анхан шатны нэгж дэх Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн үйл ажиллагаанууд одоо болтол жигдрээгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад мэргэжилтнүүдийг сургах, тухайлсан арга аргачлалыг нь зааж чиглүүлэх зэрэг ажил орхигдсон. Салбарын зардал жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч үр дүн, чанарын ялгаа ер гарахгүй байна. Асуудал хариуцсан аймаг, дүүргийн дарга нар нь байнга солигддог, хүүхдийн байгууллагуудын албан тушаалууд намын шахааны хүмүүсийн дамжаа болчихсон нь энэ салбар уналтад орох бас нэг шалтгаан. Хүүхдийн байгууллагууд өнгөрсөн 100 жилийн хугацаанд үүргээ төдийлөн гүйцэтгэж чадаагүй, өдгөө хүний нөөц, ёс суртахууны асар доройтолд орчихсон нь үнэн” гэж ярилаа.
Эхийн эндэгдлийн нэг шалтгаан охидын жирэмслэлт, үр хөндөлт аж. Өнгөрсөн онд 100 000 амьд төрөлтөд өсвөр насны эхийн эндэгдэл 15-тай гарч. Тэрчлэн үр хөндөлтийн 12 676 тохиолдол бүртгэгдсэн байв. Насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насныхан 4.7 хувийг эзэлжээ. Үүнийг өмнөх оныхтой нь харьцуулахад 0.3 хувиар буурсан дүн юм.
Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь төрөөгүй, анх удаа ийм мэс ажиллавар хийлгэжээ. Ингэх явцдаа хүндрэл үүссэн, шалтгааныг нь ажиглавал 96 хувьд нь умайн агшилт суларч цус алдсан байна. Бусдын дарамт шахалт, хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлж, үр хөндүүлж буй өсвөр насныханд хүндрэл элбэг тохиолддог гэнэ. Тухайлбал, охидын заримынх нь умайн хана цоорох, үргүй болох, цаашлаад умайгаа бүрмөсөн авхуулах гэхчлэн төсөөлшгүй зовлон бэрхшээл туулдаг аж. Бие, сэтгэлээрээ асар их хохироод хоцордог тэднийг нийтээрээ жигшиж адалсаар, үхэл рүү нь бас “түлхэх” гэж үү.
