Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хонолоо, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа жигдэрсэнгүй. Боловсролын сайд П.Наранбаярын “зуурсан жонхуу”-г хусаж цэвэрлэх гэж багш, хичээлийн эрхлэгч нар тамаа цайж байна. Сайд П.Наранбаяр “Энэ хичээлийн жилд таван сургуулийн хэдхэн хүүхдийг л гурван ээлжээр хичээллүүлнэ. 36 сургууль ийм байдлаар хичээлээ эхлүүлэх гэж байхад нь бид 27 барилга, байгууламж түрээсэлж, тав болтол нь цөөрүүлсэн” гэж “попорсон” ч бодит байдалд биеллээ олсонгүй. Улсын сургуулиудын анги дүүргэлт 70 гарчихлаа. 40, 50 хүүхэд нэг ангид суралцдаг байсан үеийг эргэн санагалзтал багш нарыг зовоох аж. Үүн дээр нь нэмээд хүний нөөцийн дутагдлаас үүдэлтэйгээр зарим сургуулийн багш нар хоёр анги дааж аван, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол толгой өөд татах завгүй зүтгэх болов. Харин сайд, дарга нар ард нь “тэнгэрийн” зүйл ярьсан шигээ шилээ маажаад зогсож байх ч гэж дээ.
Үе үеийн Боловсролын сайд, төр засгийн түшээд олон нийтээс оноо авах хэрэгсэл нь гурван ээлжийг халах явдал байсан. Боловсролын салбарт үүнээс өөр шийдэх ажил, шинэчлэх хөтөлбөргүй мэт л ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй хэмээн зүтгэдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэх хэлц үг бий. Харин манай дарга нарт энэ нь ямар ч хамааралгүй. Тиймдээ ч сургуулиудыг хоёр ээлжтэй болгохын тулд нэг ангид 50, 60 хүүхэд “чигждэг”, өөр сургууль руу “цөлдөг” байсан. Өнөө жил бүр цагаандаа гарч.
МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ
Нийслэлд нэг ангидаа 45-55 хүүхэдтэй сургууль нийтлэг байсан бол энэ нь мөрөөдөл болон ард хоцорчээ. Багш нар хүүхдүүдийнхээ нэрсийг дурайтал жагсаахад 70, 71... гэхчлэн цааш хөврөх нь даанч гунигтай. Аргаа барсан багш нар “Бага ангийнхан ч яах вэ, бие нь жижигхэн болохоор 60-уулаа байсан ч ангидаа тохой нийлүүлээд, багтаад “шингэчихдэг” юм. Харин дунд ахлах, ангийнхан л үнэхээр хүнд нөхцөлд байна. Багтаая гээд ч дэнхийсэн том хүүхдүүдийг яах билээ. Хөлс, чийг үнэртсэн ангид нэг ширээнд гурвуулаа суугаад эрдэм ном сурна, бид заана ч гэж худлаа юм” хэмээн халаглаж сууна.
Нэг танхимд 60-70 сурагч сууна гэдэг нь анги дүүргэлтийн зохих дүрэм, стандартаас 50-60 хувь хэтэрсэн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос судалж, тогтоожээ. Дүрэм журмаа мөрдвөл нийслэлийн сургуулиуд гурав байтугай 4-6 ээлжээр хичээллэхээр байгаа аж. Тиймээс зарим сургуулийн удирдлага “Ингэж сурсан, сураагүйн хооронд, хэн хэнийгээ зовоож байхаар нялуунаас шулуун дээр, муу нуухаар сайн илчил ч гэдэг. Үнэнээ хэлээд гурван ээлжид шилжүүлсэн дээр юм байна” гэв.
Улаанбаатар хотод 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд элсэгчийн тоо 2008 оныхтой харьцуулахад 70 хувиар өснө гэсэн тооцоо бий. Тэр хэрээр сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Өнөө жил л гэхэд нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 139 барилга барьж буй, тэдгээрээс 15ыг нь ашиглалтад оруулчихсан. Энэ онд багтаад уг тоог дахиад 20-иор нэмэхээр төлөвлөснөө албаныхан мэдээлсэн. Нийтдээ улсын хэмжээнд боловсролын салбарт 1.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээ батлан, хэрэгжүүлж байгааг сайд П.Наранбаяр хэдхэн хоногийн өмнө хэлнэ лээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцаж байна. Дээр дурдсанчлан өчнөөн сургууль, цэцэрлэг жил бүр ашиглалтад орууллаа. Хотод л гэхэд сурагчийн суудал 14 мянгаар нэмэгдлээ, даанч гурван ээлжээ ч халж чадсангүй. Өнгөрсөн онд 56 бүлэг гуравдугаар ээлжид хичээллэсэн талаарх тоо баримт байна. Ачаалал улам л ихсэж, нэг ангид суралцах хүүхдийн тоо хэрээс хэтэрчхээд байна шүү дээ. Энэ юуг хэлээд байна вэ гэдэг нь ч ойлгомжтой. Улаанбаатар хүн, машинаа даахгүй “цөмрөх”-дөө тулж буйн наад захын илрэл.
4-10 СУРАГЧТАЙ АНГИ Ч ЦӨӨНГҮЙ
Тэгвэл нөгөө талд орон нутаг эзгүйрч, хоосон анги танхим, бүлэгтээ хорь хүрэхгүй сурагчтай сургууль улам олширсоор байна. Хи¬ чээл сургууль эхэлсэн нь ч мэдэгдэхгүй ажин түжин байх аж. 4-10 сурагчтай анги, ахлах бү¬ лэггүй сургууль ч цөөнгүй бий гэнэ. Үүнийг боловсролын салбарын тэгш бус хуваарилалт хэмээж буй.
Боловсролын салбарын 2023-2024 оны статистикийн эмхэтгэлд дурдсанаар 100 ба түүнээс доош суралцагчтай сургуулийн тоо аймгийн төвд 11, сумуудад найм, багт 33 байж. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд ийм тооны суралцагчтай сургуулийн тоо аймгийн төвд 16, сумуудад 29 болж нэмэгджээ. Багийн төвүүдэд суралцагчдын тоо ч цөөрч, улсын хэмжээнд эл сууринд ердөө 4281 хүүхэд л хичээллэж байгаа аж. Улсын хэмжээн дэх сургуулиудад 22 815 бүлэг хичээллэсэн байна. Бүлэг дүүргэлтийн хувьд төрийн өмчийн сургуулиудынх хувийнхаас 9-10 хүүхдээр олон, харин орон нутагт хамгийн олон нь нэг ангид 28 хүүхэд хичээллэжээ. Хамгийн сонин нь, “Боловсролын салбарын ста тистик” эмхэтгэлд өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотын сургуулиудын бүлэг дүүргэлт 33.2 байсан хэмээжээ. Хотод анги дүүргэлт хөдөөгийнхөөс 5.1-ээр олон гэх. Эдгээр нь дунджилсан үзүүлэлт бөгөөд бодит байдалд сургуулиуд нэг ангидаа хэдэн хүүхэдтэй хичээллэж буйг нийтээр мэдэх буй за.
Улсын хэмжээнд жилийн жилд төрийн өм¬ чийн ерөнхий боловсролын сургуулиудад 750830 мянган хүүхэд суралцдаг. Тэдний талаас илүү хувь нь нийслэлийнх. Харин орон нутагт хүүхдээсээ давсан олон сургуультай, тэр хэрээр анги дүүргэлт цөөн байгааг олон судалгаа харуулж буй. Сүүлийн 10, 20 жилийн турш хуваарилалт нь ийн тэгш бус байсаар иржээ. Тодруулбал, 2024-2025 оны дүн мэдээгээр, улсын хэмжээний төрийн өмчийн нийт сургуулийг байршлаар нь харвал 52 нь багт, 337 нь сумд, 150 нь аймагт, 163 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үзвэл баг, сум дахь сургуулиудын тоо хэт олон, эсрэгээрээ хоёр сая орчим хүн амтай хотод цөөн. Сургууль нэмж бариад ч улсын хэмжэээний нийт суралцагчийн талаас илүү хувийг стандартаар сургах нэг хэсэгтээ л боломжгүй нь харагдана.
Эдгээр тоо баримт, статистик нь сургуулиудын хүртээмж, сурагчийн тооны харьцааг бодолцон, бодлогоор зохицуулж, хуваарилалтыг зөв зохион байгуулах боломж байсныг гэрчилнэ. Гэвч сайд, дарга нар, УИХ-ын гишүүдийн олонх нь үүнийг бодолцдоггүй, харсан ч сохор мэт өнгөрөөдөг нь учиртай. Тэд сонгогдсон тойрог, сум, аймгийнхандаа юм хийсэн болж харагдахын тулд, амласандаа хүрэх гэж ямар ч судалгаа, тооцоололгүйгээр сургууль, цэцэрлэг барьдаг юм байна. Тиймдээ ч анги дүүргэлт нь стандарт хангадаггүй. Тэр дундаа ахлах анги руу дэвших сурагчийн тоо сум, багт маш цөөн, олонх нь төв суурин бараадаад шилжчихдэг. Энэ бүхэн дарга нарт хамаагүй учир хөдөөд хоосон барилга босгож “тоглосоор” буй биз.
2030 ОН ГЭХЭД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭ “АГУУЛАХ САВ”-ГҮЙ БОЛОХ НЬ
Орон нутгийн аудитын байгууллагууд сургуулиудынхаа анги дүүргэлт, багшийн ур чад вар, төсөв санхүүжилт зэрэгт гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Тухайлбал, Дархан-Уулд хийсэн гүйцэтгэлийн аудитаар аймгийн хэмжээн дэх зарим сургуулийн хүчин чадлыг бүрэн ашиглахгүй байгааг тогтоожээ. 4-10 сурагчтай анги, бүлэг ч цөөнгүй байж. Мөн ахлах ангид элсэгчгүй сургууль байсан нь Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийн 2.10-т заасан “... хэм хэмжээг баримтлан анги, бүлэг дүүргэлтийг зохион байгуулна” гэснийг зөрчжээ. Тухайлбал, нэг, зургаа, 11, 12 дугаар сургуулийн зарим нь ахлах ангийн сурагчгүй, байгаа ганц нэгийнх нь анги дүүргэлт хангалтгүй байсныг ийнхүү илрүүлсэн. Орон нутгийн ялангуяа багийн сургуулиудын анги дүүргэлт, сурагчийн тоо дийлэнхдээ ийм гээд бод.
2007 онд баталсан, Боловсрол, шинжлэх ухааны болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Сангийн сайд нарын хамтарсан 307/91/237 тоот тушаал байдаг. Үүнд “Анги дүүргэлтийг бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, ... байхаар зохион байгуулна” гэж заажээ. Гэтэл өнгөрсөн хичээлийн жилд бүлэг дүүргэлт нь стандарт хэмжээнээс давсан 231 сургууль байж. Үүнээс нийслэлийн 23 дугаар сургуулийн анги дүүргэлт гэхэд л дунджаар 52.4, 18 дугаар сургуулийнх 49.1, нэгдүгээр сургуулийнх 48.4 гэсэн байв. Харин өдгөө эдгээр сургуулийн нэг ангид 70-80 хүүхэд суралцаж буйг олны нүднээс нуух ямар ч боломжгүй болсон зүйл.
Салбарын яамныханд орон нутгийн сургууль нэг ангидаа дөрвөн хүүхэдтэй юү, 40 сурагч хичээллэж байна уу гэдэг нь сонин биш байх л даа. Хөдөөд дэд бүтэцгүй гэх өнөөх л улиглалаа дээд, дунд, доод шатанд ярих биз. Гэхдээ одоо ингэхээ болиод түүнийхээ оронд төвлөрлийг нэн яаралтай сааруулах, хөдөөг чиглэсэн “их нүүдэл”-ийг бодлогоор дэмжиж, зохион байгуулбал зүгээр сэн. Үгүй бол бид 2030 он гэхэд сургуулийн хүүхдүүдээ “агуулах сав”гүй болох нь. Хотод тэртээ тэргүй сургууль, цэцэрлэг барих газар ч хомсодсон. Харин хөдөөд сургуулийн “эзэнгүй” барилга, байшин өч төчнөөн бийг дээр дурдлаа. Бид боловсролын байгууллагуудаа тэгш хуваарилж, нэг ангид суралцах хүүхдийн тоог 100 болохоос нь өмнө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй болжээ.