Чөлөөт бөхийн 68 кг-ын жин өрсөлдөгч ихтэй. Тус жинд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдгүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь “Хилчин” спорт хороо, Ус сувгийн удирдах газар, “Агро нэгтгэл трейд”, “Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ”-ний тамирчин Э.Одзаяа. Эл спортод хөл тавьсан цагаасаа тууштай хичээллэж, үеийнхнээсээ тодрон гарч ирсэн тэрбээр удам дамжсан тамирчин. Түүний аав Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, улсын начин М.Эрдэнэбат, ээж нь чөлөөт бөхийн Азийн наадам, тивийн хошой хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, ОУХМ О.Мягмарсүрэн, нагац эгч нь ДАШТ-ий гурван хүрэл, нэг мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа. Тэд түүнийг багаас нь бөхөөр хичээллүүлэхдээ зөв зааж зөвлөн, спортын талбар дахь өрсөлдөөнөөс амжилтад хэрхэн хүрдэг, халширч шантармаар саадтай тулгарсан ч өөрийгөө яаж хурцалж урагшлах, зорилго тавиад хичээвэл хэцүү санагдсан бүхнийг даваад гардгийг ойлгуулсан нь хожим хэрэг болсон гэдэг.
Ээж, эгчийнхээ амжилтад хүрэхийг мөрөөддөг байсан тэрбээр Японыг 2018 онд зорьж, өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, их спортод цахиур хагалах гараагаа эхлүүлжээ. Түүнээс хойш өсвөр үеийнхний УАШТ-д гурав түрүүлж (2021-2023 он) залуучуудынхад (2022-2025 он) дөрвөн удаа аваргаар шалгарсан юм. Тэгвэл Киргизийн Бишкек хотод 2022 онд болсон 17 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс алт, энэ жил Болгарын Самоков хотод зохион байгуулсан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, ОУХМ цолны болзол хангасан түүнийг зочноор урилаа.
-Тамирчин хүн зорилгодоо хүрнэ гэдэг том амжилт. Та Самоков хотод шагналын тав¬цанд зогсож, дэлхийн медальтнуудын эгнээнд багтлаа. Үүнээс хойш олон орны үзэгч барилдааныг тань сонирхож үздэг болох нь.
-Эх орондоо медальтай ирж, дэмжиж тусалсан хүмүүс, догдолж үзсэн үзэгчдээ баярлахыг нь харах үнэхээр сайхан юм билээ. Би Болгарын дэвжээнд түрүүлж, бүс авах зорилготой очсон. Тэнд түрүүлээгүй ч медаль хүртэнэ гэсэн зорилгоо биелүүлээд ирсэндээ баяртай байна. Онгоцноос буухад олон хүн баяр хүргэж угтахад өөрийн эрхгүй огшсон. Шагналын тавцанд медиа зүүж зогсохдоо “Энэ амжилт бол миний олон жилийн тууштай хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийн минь үр дүн” гээд бодож байлаа. Би чөлөөт бөхөөр 11 жил хичээллэлээ. Есөн настай охиныг энэ спортод хөл тавьж, амжилт гаргахад бүхнийг эхнээс нь зөв зааж, зөвлөсөн аав, ээж, нагац эгч, багш нартаа их баярладаг. Биднийг Самоков хотыг зориход чөлөөт бөхийн холбооныхон “Болгар Монголын тамирч¬ дад ээлтэй орон” гэж хэлсэн юм. Тус хотод байх хугацаандаа тэр бүхнийг мэдэрсэн.
-Таны хувьд залуучуудын ДАШТ-д анх удаа зодоглосон. Хэсгийн аваргын төлөө өмнөх өдөр хожигдож, маргааш нь хүрэл медалийн төлөө барилдана гэхээс жаахан эмээв үү?
-Болгарт хөл тавихад цаг агаар, уур амьсгал нь манайхтай төстэй байсан нь бидэнд таатай санагдсан. Би 68 кг-ын жинд зодоглодог. Олимпын жин болохоор дотоод, гадаадын тэмцээнд өрсөлдөгч ихтэй. ДАШТ-д анх удаа оролцохдоо нэг их сандарсангүй. Жингийнхээ шилдгүүдтэй дэвжээнд хүч үзэхдээ сурсан бүхнээ гаргая. Цолтой нь бус өөртэй нь өрсөлдөнө гэж бодсон. Таван тойрог барилдсанаас дөрөвт нь ялж, хү¬ рэл медаль хүртлээ. Тэмцээний өмнө надтай нэг хэсэгт өрсөлдөх бөхчүүдийн олонх нь тив, дэлхийн болон Европын АШТ-ээс медаль хүртсэн нь анзаарагдав. Гэсэн ч “Би тэднээс дутахгүй, аваргыг давж аварга болно” гэж бодоод бэлтгэл хамт хийсэн. Хилийн дээс алхахаас эхлээд тэмцээн өндөрлөтөл аав, ээж, нагац эгч, дасгалжуулагч багш нар минь зааж, зөвлөсөн дөө.

-Эхний хоёр тойрогт тивээсээ БНСУ, БНХАУ-ын тамирчинтай таарсан. Тэднийг төвөггүйхэн хожиж байгаа харагдсан даа.
-БНСУ-ын бөх Сонг Ёон Вүг Азийн хүрэл медальтай. Японы бөхчүүдийн адил техниктэй, хөл, шагайгаар авдаг арга барилтай юм билээ. Миний хөлийг авахад нь жийж, тойроод оноо авсан. Түүнийг ялахын тулд урагш довтолж барилдсан. II тойрогт БНХАУ-ын Азийн мөнгөн медальт, өсвөр үеийнхний дэлхийн аварга Кью Вэнжинэй барилдахад хүч бяраар дутуу санагдлаа. Спортын төв сургуулийн дасгалжуулагч Ц.Оюунболд багш “Түүнийг хөлд чинь оронгуут жийж, тойроод оноо болгоод байгаарай. Гарыг нь таллаж бариад зулгааж барилдана шүү” гэв. Би ч зөвлөснөөр нь барилдаж, бодож байсан мэхнүүдээ хийж хожсон. Болгарыг зорихоос өмнө жиндээ барилдах бөхчүүдийг багагүй судалж, хэрхэн барилдах талаар багштайгаа ярилцсан минь хэрэг болсон.
-Гавьяат тамирчин О.Насанбурмаа дүүдээ хэрхэн зөвлөсөн нь сонирхол татаад байна. Нагац эгч тань дэлхийн дэвжээнд олон жил зодоглосон тул шийдвэрлэх барилдаанд ялж болох хамгийн зөв хувир¬барыг танд хэлсэн байж таарна.
-Нагац эгч минь 2023 онд дэлхийн аварга болсон Украйны тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдахын өмнө “Тэрбээр мэх хийгээд байдаггүй ч хүч, бяраар бол чамаас илүү. Тааз томтой болохоор чамайг хөлд явбал сайн хамгаалахаар харагдана. Чи эхний гурван минутад явж барилдахгүйгээр гараа ажиллуулж, мэдрэх барилдаан хийгээрэй” гэж зөвлөсөн. Сугалаанд таарсан бөхчүүдээс IV тойрогт барилдсан Японы тамирчин миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байв. Бусдаасаа хамгийн амаргүй барилдаантай нь. Түүнийг эхний үед 5:0-ээр хожиж, дараагийнхад баруун хөлийг нь авсан ч тактикийн алдаа гаргасан. Тэр үед би урагш довтолж барилдах ёсгүй байсан юм. Тэмцээнээ хурдан дуусгах гэж яарснаас болж оноо алдаж ялагдсан. Надтай өрсөлдсөн бөхчүүдээс сонирхолтой барилдаан өрнүүлсэн нь Ангол улсынх. Тэрбээр Болгарын тамирчныг хожиж, надтай III тойрогт барилдсан юм. Өмнө нь олон улсын тэмцээнд оролцохдоо өнгөт арьстай тамир¬ чинтай огт таарч байгаагүй. Өөдөөс нүд, шүд нь гялалзаад байхаар их сонин харагддаг юм билээ. Нойтон тамиртай, бяртай, эвгүй мэхтэй тэрбээр барилдах явцдаа тохой хөшиж, үе үе гэнэ алдуулж сандаргасан шүү.
-Хүрэл медалийн төлөөх барилдаан эхлэхийн өмнө олон зүйл бодогдов уу?
-Тэгэлгүй яах вэ. “Эх орондоо хоосон очихгүй юм сан. Энд ирсэн зорилгоо заавал биелүүлээд буцна” гэж өөртөө хэлсэн. Тэр үед аав ээж, багш, хамт олон, найз нөхөд гээд надад итгэж найддаг, дэмжиж тусалдаг олон хүн нүдэнд харагдаж байлаа. Дагах барилдаанд гарсан Украйн, Туркийн тамирчны аль ялсантай нь би барилдах байв. Тэр өдрийн өглөө нагац эгчийн зөвлөснөөр Украйны тамирчинтай бэлтгэл хийхдээ хэрхэн барилддаг онцлогийг нь ажиглаж мэдсэн. Түүний хийсэн мэхэнд оноо алдалгүй 9:0-ээр илүүрхэж явтал сүүлийн 26 секундэд шүгэл дуугарав. Намайг шилдэхэд тэрбээр сугадаж аваад хойшоо шидчихэв.
Дөрвөн оноо алдсандаа өөртөө итгэхгүй шокод орж, гайхахдаа дахин хоёр удаа хоёр оноо алдсан. Оноо 9:8-ын харьцаатай болоход цаг дуусаж, би шагналын тавцанд зогсох болзлоо хангасан юм. ДАШТ-ий 68 кг-ын жинд өрнөсөн барилдаануудаас хамгийн хэцүү нь биднийх. Өрсөлдөгч маань тактикаа тэмцээний төгсгөлд гаргаж, тооцоолж төсөөлөөгүй барилдаан өрнүүлсэн нь үзэгчдийн их анхаарлыг татсан болов уу. Медалийн тавцанд төрийн далбаагаа хараад баярын нулимс унагасан. Дэлхийн дэвжээнээс хүртсэн хүрэл медаль надад үнэ цэнтэй ирсэн. Энэ бүхэн зөвхөн миний амжилт бус. Олон хүний итгэл, сэтгэл, тус дэм шингэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Өнгөрсөн он жилүүдэд дэвжээнд өдөр бүр бэлтгэл хийж, хөлс дуслуулсан зорилго, тэмүүлэл минь байсан.

-Японы тамирчинд хожигдсон ялагдал таныг медалийн төлөөх барилдаанд зориг¬жуулж хурцалсан байх.
-Ялагдал минь туршлага хуримтлуулахад нөлөөлж, хойшид тактикийн алдаа гаргахгүй байхыг сануулсан том сургамж болсон. Медальтай буцах эсэхийг шийдвэрлэх барилдаанд Ц.Оюунболд багш надаас илүү сандарч байгаа нь харагдсан. ДАШТ-д манай багаас есөн тамирчин оролцсоноос би ганцаараа медальтай ирлээ.
-Одоо таны хүүхэд насны дурсамжаар аялъя. Аав, ээж нь охиноо тамирчин болгохоор зорьж, их спортын төрлүүдээс чөлөөт бөхөөр хичээллүүлсэн биз?
-Намайг сургуульд ороход аав, ээж спортын гимнастикаар анх хичээллүүлж, уян хатан байх суурийг минь тавьсан. Үүнээс хоёр жилийн дараа аав “Их шавь” клубийн дасгалжуулагч, ОУХМ Ш.Баянмөнх багштай танилцуулж, удирдлагад нь бэлтгэл хийлгэсэн юм. Тус клубт гурван сар бэлтгэл хийж, дэвжээний АШТ-д оролцож түрүүллээ. Тухайн үед би хамт бэлтгэл хийдэг үеийнхээ охид, хөвгүүдийг авч шиддэг байв. Өдрөөс өдөр сайжирч байгааг минь хараад урам хайрлах аавынхаа үгэнд баярлаж, бөхийн спортод сэтгэл татагдах болсон. Жил бүрийн тэмцээнд жиндээ хүчтэй өрсөлдөгчтэй таарах болсон тул ур чадвараа ахиулахаар зорьж, ээж, нагац эгчийг дасгалжуулсан Т.Сүхбаатар багшийн удирдлагад хичээллэдэг болсон. Миний ээж чөлөөт бөхөөр хичээллэсэн анхны эмэгтэй тамирчдын нэг. Намайг энэ спортод дурлуулсан аав, ээж, нагац эгчдээ их баярладаг. О.Насанбурмаа эгч дагуулж яваад Үндэсний шигшээ багийнхантай бэлтгэл хамт хийлгэдэг байсан нь амжилт гаргахад их нөлөөлсөн шүү. Эгч хүнд бэлтгэл хийлгүүлэхгүйгээр тоглуулж, чөлөөт бөхөд дуртай болгож билээ. Хүнтэй зөв мэндлэхээс авхуулаад тамирчин хүн хэрхэн хүмүүжиж, зөв төлөвшдөг талаар одоо ч зөвлөдөг хэвээрээ.
-Таныг гэрийнхэн тань бүх талаар дэмждэг гэж сонссон. Амжилт гаргахад нөлөөлдөг зүйл бол ойр дотнын хүмүүсийн хандлага, дэмждэг шүү дээ.
-Манайхан хүүхэд байхаас минь Япон руу жил бүр явуулж, тэмцээнд оролцуулсан. Би айлын ууган охин. Гурван дүүтэй. Намайг тамирчин болсноос хойш аав, ээж дүү нараас минь илүү анхаарал хандуулж ирлээ. Дүү нар багийн спорт сонирхдог. Том нь волейбол, дундах нь хөл бөмбөг, бага нь уран нугаралтаар хичээллэдэг. Аавыг минь М.Эрдэнэбат гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул. Монгол Улсын начин цолтой. Тус сумаас төрсөн улсын цолтой анхны бөх нь. Үндэсний бөхөөр олон жил барилдсан. Сумынх нь 90 жилийн ой 2015 онд болоход аав түрүүлж байлаа. Энэ жил 100 жилийнх нь ой тохиоход мөн барилдаж, түрүү бөхөөр тодорлоо. Ээж Баянхонгор аймгийнх. Бүх ард түмний спартакиад наадам энэ сарын дундуур тус аймагт болно. Эл наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг болохоор дотоодын нэр хүндтэй томоохон тэмцээнд зүй ёсоор багтдаг. Чөлөөт бөхийн олимпын жинд өрсөлддөг бөхчүүд тус наадамд оролцдог тул үзэгч ихтэй байдаг. Би саяхнаас насанд хү¬ рэгчдийн ангилалд оролцож эхэлсэн. Аймаг бүрээс ирсэн шилдгүүд хүч сорих болохоор тэмцээн сонирхолтой болох байх.
-Т.Сүхбаатар дасгалжуулагчийн улирдлагад бэлтгэл хийхээр ирсэн анхны өдөр ямар бодол төрсөн бэ?
-Намайг бэлтгэл хийхээр очиход Т.Сүхбаатар багш “Чам шиг сайн барилддаг нэг бөх бий. Түүнтэй барилдуулъя” гээд 50 кг-ын жинд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал эгчийг заав. Түүнтэй ана мана үзэлцэнэ гэж бодсон би дэвжээнд хэд шидүүлээд л халширсан. Тэр өдрөөс багшийнхаа удирдлагад 10 гаруй жил бэлтгэл хийлээ. Одоо бол уурлаж, баярлаж буйг нь харц, хөдөлгөөнөөс нь гадарлана. Багш уурлахаараа ёжилж, хэг ёг харилцана. Баярлахаараа инээнэ, дуулна, бүжиглэнэ.
-Нэг жинд барилддаг бөхчүүдээс “Төв арж” клубийн тамирчин Э.Одгэрэл таны хүч¬тэй өрсөлдөгч. Дотоод тэмцээнд та хоёр өгөө, аваатай л урагшилдаг шиг санагдсан.
-Энэ жил залуучуудын УАШТ-д аваргын төлөө түүнтэй барилдаж түрүүлсэн. 65 кг-ын жинд хүч сорьдог тэрбээр жин өгсөж 68 кг-д өрсөлдсөн юм. Бид найзууд. Дотоодын тэмцээнд нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч болж, медалийн төлөө өрсөлдсөн үе олон бий. Киргизийн Бишкек хотод 2022 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний Азийн АШТ-д найзтайгаа хамт оролцсон. Тэр тэмцээнд би алтан медалийн төлөө Японы бөхийг хожиж, аваргаар шалгарсан юм. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчид насанд хүрэгчдийн ДАШТээс жил бүр медальтай ирдэг. Би ч гэсэн тэдэн шиг амжилт гаргахыг хүсэж, бэлтгэлээ чамбай хийхийг хичээж байгаа.
-Бөхийн спорт хүнд. Амжилт гаргах ч амаргүй. Дэвжээнд хичээсэн нь үлдэж, шантарсан нь замын дундаас буцдаг. Танд ч гэсэн шантарсан үе бий л байх.
-Ид хичээллэдэг байхад манайхан “Хичээлдээ анхаарал хандуулж, шалгалтдаа бэлд” гэж их хэлнэ. Тухайн үед би Төмөр замын “Ганзам” 20 дугаар сургуульд сурдаг байв. Өсвөр үеийнхний УАШТ Сэлэнгэ, Дорноговь аймагт их болно. Хичээлдээ явлаа гэж цүнхээ үүрч гараад гэрийнхэндээ хэлэлгүй тэмцээнд нууцаар оролцоно. Түрүүлээд ирэхээр манайхан юун зэмлэх вэ, баярлаад урам хайрладаг сан. Ангийн багш, хамт олон, найзууд минь сүүлдээ ойлгодог болсон доо. Бэлтгэл, тэмцээн гэж явсаар ядраад хичээл дээр хааяа унтчихна. Багш мэддэг болохоор зэмлэхгүй. Сургуулийн маань удирдлага намайг таньдаггүй байхад биеийн тамирын багш нар дэмжээд чөлөөт бөх, жүдо бөхийн тэмцээнд оролцуулдаг байв. УАШТ-ээс алтан медаль хүртэхэд ангийнхан баяр хүргэж, сайхан хүлээж авсан. Хамт олон минь надад зориулан бэлэг өгч, сэтгэлийнхээ үгээ бичээд шилэн хоргонд хийсэн байхыг нь уншаад сэтгэл их догдолсон. Би тус сургуулийг 2023 онд төгсөхдөө “Оны шилдэг тамирчин сурагч” болсон.

-Спортын талбарт хөл тавьсан тамирчид завтай явах нь ховор. Тамирчны амьдрал танд хэр таалагддаг бол?
-Хааяа хэцүү, хааяа сайхан санагддаг. Өдөржин бэлтгэл хийж ядардаг болохоор амралтын өдрөөр найзуудтайгаа уулзахаас илүү гэртээ байх дуртай. Ээж, аав “Чи буудалд амарч буй мэт байх юм” гэж цаашлуулдаг. Тамирчид ихэнх цаг хугацаагаа бэлтгэлийн зааланд өнгөрүүлдэг тул амралтын өдөр ховорхон олддог боломж. Баяр ёслолын үеэр хэд хоног амарвал дэвжээгээ үгүйлж, зааланд бэлтгэлээ хийхээр яардаг. Тэмцээнд оролцохоор ийш тийш байсхийгээд явдаг болохоор дүү нартайгаа цагийг тэр бүр өнгөрүүлж амждаггүй.
-Аав тань үндэсний бөхийн барилдаанаас тэмцээний үед хэрэг болох олон зүйл заадаг биз?
-Тэмцээн дөхөхөөр “Чи өрсөлдөгчөө хариу мэх хийхээр нь ингэж барилд” гэж зөвлөнө. Аав залуудаа чөлөөт бөхийн УАШТ-д оролцдог байсан. Зааж, зөвлөснөөр нь барилдаад өрсөлдөгчдөө ялсан удаа цөөнгүй. Спортоор хичээллэсэн тамирчид зөв төлөвшиж, зэмлэл, магтаал даах сэтгэлийн хаттай болдог. Тамирчны замнал амаргүй болохоор бэлтгэл хийхээр ирсэн 100 хүүхдээс 10 нь үлдэж цааш үргэлжлүүлэх жишээтэй. Өдөр бүр бэлтгэл хийхээр хааяа халширна. Эргэж буцсан үед гэрийнхэн урам өгч, багш зоригжуулж хурцалдаг. Би 2024 онд бэртэж, тухайн жилийн УАШТ-д оролцоогүй. Тэр үед аав, ээж эрүүл мэндийн минь төлөө зовниж “Чөлөөт бөхөөр хичээллэхээ түр завсарлах уу” гэхэд нь “Үгүй ээ хичээллэнэ. Нурууны бэртлээ эдгэхээр дэвжээндээ дахиад гарна” гэж хэлсэн. Монголд хагалгаа хийлгэж, гам барих заалттай болохоор аав, ээж уламжлалт эмчилгээ хийлгэхээр Япон, Хятад руу хэдэн удаа дагуулж явсны хүчинд хөл дээрээ боссон. Хүнд бэртлээс эргэн ирж, ДАШТ-ээс хүртсэн анхны минь шагнал болохоор хүрэл медальдаа их хайртай. Амжилт хичээвэл ойр, хэцүү гэж бодвол хол байдаг юм билээ. Тиймдээ ч тааварлашгүй олон зүйлээр сорьсны эцэст ирдэг бэлэг гэж боддог. Зорилгоо биелүүлээд зогсож байх мөч тамирчин хүний хамгийн сайхан жаргал шиг санагдсан.
-Нагац эгчид тань бахархмаар зан чанар, давуу тал их бий. Түүнээс та ч гэсэн суралцаж, амжилт гаргалаа.
-Тийм ээ. Тэрбээр шударга, нээлттэй, дайчин, хөдөлмөрч зантай. Би эгчээсээ байнга суралцдаг. Миний хамгийн дотны зөвлөгч. Түүнийг дасгалжуулсан Т.Сүхбаатар багш тамирчдаа ДАШТ-ээс 10 медаль авхуулсан туршлагатай. Ээж, нагац эгчийнхээ багшийн шавь болж хичээллэсэндээ талархдаг. Багш нар бэлтгэл хийх үед “Чи эгч шигээ байх хэрэгтэй” гэдэг юм. Түүний барилдааныг үзэх бүрт олон зүйл ойлгуулдаг юм. Би одоо залуу байна. Зорьсон зүйл ч олон бий. Энэ сарын дундуур болох Монголын бүх ард түмний спартакиад наадамд амжилттай оролцож, ирэх жилийн нэгдүгээр сард зохион байгуулах насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авахын төлөө хичээж барилдах зорилго тавьсан.
