Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Зан¬даншатар есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхэд багачуудад “гэнэтийн бэлэг” барьсан нь уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулж өгөх тухай байв. Утааны улиралд өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ханиад, хатгалгаатай, архаг бөглөрөлтэй, багтраатай өвчтөнүүдээ багтааж шингээж хүчрэхгүй, шалаар нэг “зулдаг” учраас тэр үү. Долоон настай хүүхдээр ичих ч үгүй “Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоноос болж эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна” гэж хэлүүлээд, асуудлыг нь шийдэж буй “сайн ах”-ын дүр үзүүлсэн Ерөнхий сайдад уушгины төрөлжсөн эмнэлэг барина гэж “попрох” амархан л байх. Гэвч хүүхдүүдэд эм, тариа, эмнэлэг огтхон ч хэрэггүй тул утаа, угаарыг л арилгаад өг гэж хэлье.
ТӨР ХАРИУЦЛАГААС БУЛТАЖ, ХУВИЙНХНЫГ “ЦАРАЙЧИЛНА” ГЭВ ҮҮ
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг хичээлийн шинэ жилийн эхний өдөр зарлаж, дээрх шийдвэрийг гаргасан зэрэг нь бүгд “жүжиг” гэлтэй. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг барина гэснийгээ тэдний төлөө оновчтой бодлого, шийдвэр гаргаж, бодитоор хэрэгжүүлэн, үр дүнг нь тооцох нэг хэлбэр хэмээн өгүүлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо. Агаар, хөрснийхөөс гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс тав дахин хэтэрсэн. Хүүхдүүд ийм орчинд удаан байвал алсдаа уушгины хавдраар өвчлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт шалгалтыг сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын 20 хувийг төрөөс санхүүжүүлнэ. Харин үлдсэнийг нь хувийн хэвшлүүдээс гаргахаар ярьж байна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн татварт ногдох орлогын нэг хүртэлх хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр санхүүлжилтийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа” гэсэн юм.
Монголын, тэр дундаа нийслэлийн багачуудад эмнэлэг мундаагүй. Утааны улирлаас бусад үед бараг эзэнгүй шахам байдаг эмнэлгийн тоог дахин нэгээр нэмж, эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмээд юү гэх вэ. Түүний оронд фондын мөнгийг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, бяцхан иргэдийн хөгжил дэвшилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажилладаг зуслантай болох, хүүхдийн төлөө байгууллагуудын дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах шинэ арга, хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өчнөөн ажил нь дарааллаа хүлээж байгаа шүү дээ.
АМЬСГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨВЧНИЙ 75-88 ХУВИЙГ СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ
Амьсгалын замын архаг өвчлөлүүд, харшил, ханиад, томуу, уушгины хатгалгааны шалтгааны дийлэнх хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэдгийг дотоод, гадаадын байгууллагууд аль эрт тогтоочихсон. Эдгээр өвчинд тав хүртэлх насныхан хамгийн их өртөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг графикаас хараарай. Улаанбаатарын агаарын бохирдол сүүлийн 10 жилд буураагүй, улам л нэмэгдсээр байгаа нь үүнд голлон нөлөөлж буй. Хотын нийт өрхийн 50.2 хувь нь буюу нэг сая орчим иргэн гэр хороололд одоо ч нүүрс түлж амьдарсан хэвээрээ. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станцуудын утаа агаарыг нэмж бохирдуулсаар удав.
Монголд зөвхөн тав хүртэлх насны 2000 гаруй хүүхэд жил бүр энддэг гэсэн судалгаа бий. Эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин бөгөөд үүнийг 75-88 хувь хүртэл сэргийлэх боломжтой гэж үздэг. Өнгөрсөн онд л гэхэд нийслэлд зөвхөн нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь тухайн жилд улсын хэмжээнд төрсөн нийт хүүхдийн 50 гаруй хувийг эзэлж буй юм. Тодруулбал, хоёр хүүхэд тутмын нэг нь дөнгөж төрөнгүүтээ амьсгалын замын халдвар, ялангуяа уушгины үрэвсэлт өвчинд өртдөг гэсэн үг. Тав хүртэлх насныхны эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь амьсгалын тогтолцооны өвчин гэдгийг ч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэсэн байна.
Нийслэлд өвөл бага насны хүүхэд дунджаар 3-5 удаа ханиад, томуугаар өвчилж, нэг удаагийн эмчилгээнд 90-150 мянган төгрөг зарцуулдгийг эцэг, эхчүүд хэлдэг. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл эрүүл мэндийн салбарын эдийн засагт ч үлэмж хохирол учруулсаар ирэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ онд танилцуулсан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024”-т Монгол Улсын агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн эдийн засгийн хохирол 2022 онд 1.15 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ. Үүнд амьсгалын замын цочмог үрэвсэл хамгийн их хувийг эзэлсэн аж.
Улаанбаатарт агаарын бохирдлын шалтгаант хүүхдийн өвчлөлд 2016 онд 10.4, насанд хүрэгчдийнхийг нэмбэл 18.4 тэрбум төгрөг зарцуулж байж. Тэгвэл энэ онд зөвхөн хүүхдийн өвчлөлтэй холбоотой эдийн засгийн дарамт 24.8 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцооллыг НҮБ-ын Хүүхдийн сангаас саяхан гаргасан билээ. Энэхүү судалгааг “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд хийсэн гэв. Тэд “Улаанбаатар хотын утаа багасаж, хорт чанар нь бууртал хүүхдүүдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах, амны хаалт үнэгүй тараах, эрсдэлтэй бүлгийн багачуудад шаардлагатай эм, тариагаар үйлчлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, өвөл аюулын түгшүүр зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” хэмээн зөвлөсөн юм. Мөн НҮБ-аас 2030 он гэхэд дэлхий нийтээр хүүхдийн эндэгдлийг 10 саяар бууруулах шаардлагыг гишүүн орнууддаа тавиад буй. Харин манай нийслэлийн агаарын чанар олон улсын зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч бууртлаа цөөнгүй жил зарцуулах төлөвтэй.

НИЙГМИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛҮҮДЭЭС ШАЛТГААЛААД ЭХЧҮҮД ТӨРӨХӨӨС ЭМЭЭЖ БАЙНА
Агаарын бохирдол, ханиад, томууны дэгдэлт, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс монголчууд сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэхээс зайлсхийх болсон. 2014-2019 онд төрөлт улсын хэмжээнд 66-80 мянгын хооронд хэлбэлзэж байв. Харин сүүлийн таван жилд энэ үзүүлэлт 4750 мянга болж, 20 гаруй хувиар буурчээ. Бидний цөөхөн монголчууд нийгмийн эрсдэлт хүчин зүйлүүдээс шалтгаалаад хүн амын “цонх үе”-тэйгээ ийнхүү нүүр туллаа. Хүн ам цөөн, төрөлт багассан ийм эгзэгтэй үед бид хүүхдүүдээ сэргийлж болох өвчнөөр жил бүр хоёр, гурван мянгаар нь алдсаар байгаа нь даанч харамсалтай.
Төрөлт буурсан өөр нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ураг зулбах, өсөлтгүй болох, дутуу, жин багатай, эсвэл төрөлхийн хөгжлийн гажигтай мэндлэх нь нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг эмч нар хэлэв. Үүнийг тодруулбал, өвлийн оргил ачааллын үед буюу арваас хоёрдугаар сар хүртэл зөвхөн нарийн ширхэгт тоос, тоосонцор PM10, PM2.5-ын үзүүлэлт ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 150-350, зарим үед 450-500 дахин өндөр заах болсон. Үүний уршгаар эл хугацаанд Улаанбаатарт ураг зулбах тохиолдол 1000 төрөлтөд 70-80-д хүрдгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурджээ. Хавар, зун, намарт уг үзүүлэлт 20-23 байдаг аж. Хэвлийдээ эндэх ургийн тоо ч өвөл нь зунаасаа 3-4 дахин нэмэгдэх болсныг тогтоожээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хүчилтөрөгчийн дутагдлын шалтгаантай өсөлтгүй жирэмслэлт жилд дунджаар 2500-3000, амьгүй төрөлт 344-400 бүртгэгдэх болсныг мэдээлсэн юм. Ураг ийнхүү олон янзаар эндэх болсон нь агаарын бохирдол эхийн эрүүл мэнд, эрхтэн системд ч асар хортой нөлөө үзүүлж буйтай холбоотойг тэд хэлсэн. Орчин нөхцөл ийм байхад бидэнд уушгины төрөлжсөн 1000 эмнэлэг байгаад ч нэмэргүй л дээ. Агаарын бохирдлыг бууруулахгүйгээр ханиад, хатгалгаатай тэмцэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг найман настай хүүхэд ч гадарлахаар болсон цаг шүү, Ерөнхий сайд аа.
