
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн "Өглөөний цагийг өөртөө” уулзалт өнөөдөр (2025.09.18) “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ба BIPV технологийн үр нөлөө” сэдвээр өрнөлөө. Уулзалтад эрчим хүч үйлдвэрлэгч барилгын материал буюу BIPV (Building-integrated photovoltaics) технологийг Монгол Улсад нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж буй “BIB discovery” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорбайгаль тэргүүтэй төлөөлөл оролцож, эрчим хүчний салбарын сүүлийн үеийн мэдээллийг хуваалцав.
Тодорхой хэлбэл, сэтгүүлчид нарны эрчим хүчний VII үеийн технологи BIPV (Барилгад суурилуулсан нарны үүсгүүр) технологийн дэвшил, түүний ач холбогдол, хэрэглээний тухай ярилцаж, загвартай танилцсан билээ. BIPV технологи нь фасад, дээвэр гэх зэргээр барилгын материалыг мөн архитектурын элементийг эрчим хүчний эх үүсвэр болгон давхар ашиглах боломжтойгоороо онцлог технологи юм байна.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хийг бууруулахад эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж цэвэр эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ шийдэх боломжийг олгож байгаараа BIPV онцгой технологи.

С.Болорбайгаль энэ талаар “Бороо, шороо, салхитай үед ч эрчим хүч үйлдвэрлэх BIPV дулаалгын хавтан 1 шил нь кВат эрчим хүч гаргана. BIPV дулаалгын хавтанг ашиглаад 25 давхар барилга барихад өдөрт 2,5 мВат эрчим хүч өөр дээрээ үйлдвэрлэж чадна. Ингэснээр Төвийн цахилгаанаас хараат бус эрчим хүчтэй орон сууцууд ч бий болох боломжтой” хэмээн онцолсон.