-Дэд бүтэц, орон сууцын төслүүд гадаадынхны мэдэлд байна -
Барилгын салбар сүүлийн арван хэдэн жилд эрчимтэй хөгжиж, улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсныг олон судалгаа харуулж байна. Улсын хэмжээнд шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж, дагуул хот, дэд төвийн төслүүдийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “түлхэж” эхэлсэн билээ. Замын түгжрэлийг бууруулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний ачааллыг багасгах, төвлөрлийг сааруулахын тулд хотыг дэд төвүүдэд хуваан тэлэх нь зөв.
Г агцхүү одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудад үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн оролцоо хэр байна вэ гэдэг нь хөндөгдөх асуудал мөн. Учир нь үүнтэй холбоотой талцал маргаан эдүгээ байнгын сэдэв болчхоод буй юм.
Аливаа бүтээн байгуулалтын ард татвар төлөгчдийн мөнгө их, бага хэмжээгээр “урсаж” байдаг. Цаашлаад олон мянган хүний ахуй амьдрал, ажлын байр, үндэсний үйлдвэрүүдийн хувь заяа ч яригдана. Гэвч өнөөдөр барилгын салбарт үндэсний үйлдвэрлэгч, гүйцэтгэгчдийн орон зай жил ирэх тусам хумигдаж, төр засгаас хүртэл тэднийг далдуур “боомилох”, хавчин гадуурхах бодлого явуулах болсон талаар салбарынхан шүүмжилсээр ирэв.
“ХИЙ Л ГАРВАЛ ГАДААДААС БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СОНИРХОЛТОЙ”
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манайд барилгын материалын том, жижиг нийлсэн 200 гаруй үйлдвэр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байна. Тэд цементээс эхлээд тоосго, хөнгөн блок, шил, ган, дулаалгын материал, төмөр арматур зэргийг үйлдвэрлэдэг. Цөөнгүй нь жилд 500 мянган тонн хүртэлх бүтээгдэхүүн нийлүүлэх хүчин чадалтай хэдий ч улсын хэмжээнд өрнөж буй төсөл, бүтээн байгуулалтад тэр бүр оролцож чаддаггүй гэнэ. Салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр төрийн болон концессын төслүүдэд тавьдаг тендерийн босго үндэсний үйлдвэрүүдийн бодит хүчин чадалтай нийцдэггүй аж. Тэд “Төрийн байгууллагууд жилд дунджаар нэг сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нөхцөл аж ахуйн нэгжүүдээс шаарддаг. Монголд ийм туршлагатай үйлдвэр бараг байхгүй тул энэ нь зүгээр л гадаадын нийлүүлэгчдэд “хаалгаа тайлах” шалтаг болдог. Өөрөөр хэлбэл, гадаадынханд давуу эрх олгох хэрнээ дотоодын үйлдвэрлэгчдээ улс бодлогоор дэмжихгүй байна. Санхүү, технологийн дутагдал, хүчин чадлыг нь мэдсээр атлаа тендерийн шалгуур хэт өндөр байдаг нь ингэж хэлэхэд хүргэсэн хэрэг. Мөн хөрөнгө оруулалт, банкны зээл, төрийн дэмжлэг хангалтгүйгээс дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар буурсаар буй. Цөөнгүй эрх мэдэлтний далдуур хэрэгжүүлдэг “хавчих бодлого” нь салбарын хөгжлийг удаашруулахад үлэмж нөлөөлсөөр ирсэн. Энэ бүхнээс үүдээд 99 жилийн түүхтэй салбар одоо болтол бэхжээгүй, дотоодын үйлдвэрлэл тогтворгүй, зах зээл импортоос хэт хамааралтай хэвээр байна шүү дээ” гэв.
Үндэсний үйлдвэрлэгч, гүйцэтгэгчид нийслэл, орон нутгийн тендерүүдэд алгасахгүй шахам материал бүрдүүлж өгдөг ч ихэнхдээ “туршлагагүй, санхүүгийн чадавх сул, үйлдвэрийн хүчин чадал муу” гэх шалтгаанаар хасагддаг аж. Үйлдвэр, компаниуд олон хүнийг ажлын байраар хангаж, эл салбарт шударгаар өрсөлдөх гэхээр “Би чадначууд” хэмээн даапаалж, хий л гарвал гадаадаас бараа, үйлчилгээг худалдан авах ашиг сонирхол төрийн болон хувийн байгууллагуудад илт “үүрлэжээ”. Саяхан болсон “Барилга экспо-2025” үзэсгэлэн, худалдааны үеэр нэгэн үйлдвэрлэгч ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Үндэсний үйлдвэр болгон чанаргүй, муу гэсэн үг биш. Гадаадынх ч бүгд сайн байдаггүй. Гэтэл нийслэлийн зам, барилга, бусад бүтээн байгуулалтад сүүлийн үед гадаадаас ажиллах хүч ихээр авах болсон. Ялангуяа барилгын салбарын гүйцэтгэгчид Хятад тэргүүтэй улс орноос олноороо орж ирж байна. Шалтгаан нь өнөөх л тендер. Манайхан чинь одоо байсхийгээд л олон улсын сонгон шалгаруулалт зарладаг болчихсон шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт, ажиллах хүч, барилга, байгууламжийн чанар, техник хэрэгслийн хүчин чадал зэргийг нь үгүйсгээгүй. Гэхдээ Монголын барилгын салбарт өдгөө 17 000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй буйгаас тал нь үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 70 гаруй хувийг 50 хүртэлх ажилтантай жижиг, дунд үйлдвэр, компани эзэлж байгаа аж. Үүний ард хэчнээн мянган хүний амьдрал буй билээ. Төрөөс жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжинэ гэх атлаа ачир дээрээ хавчсаар ирсэн нь үнэн шүү дээ. Үүнийг “Барилга экспо” ч өлхөн гэрчилдэг болсон” хэмээн ярьсан юм.
БАРИЛГА УГСРАЛТЫН САЛБАРТ 9.1 ИХ НАЯД ТӨГРӨГ “ЭРГЭЛДЖЭЭ”
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, борлуулах боломж олгодог “Барилга Экспо” нэгдсэн арга хэмжээ нь хүртэл ийн “хүнийх” болсонд тэд халаглаж суугаа нь энэ. Тодруулбал, Монголын барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг өнгөрсөн сарын 12-14-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөсөн билээ. Энэхүү арга хэмжээ сүүлийн жилүүдэд өргөжсөөр олон улсын шинж чанартай болсон. Тэр ч утгаараа энэ удаагийн 38 дахь үзэсгэ лэн, худалдаанд ОХУ, БНХАУ, БНСУ, Герман, Итали, Турк, Япон зэрэг 30 орчим орны 60 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйл¬ чилгээгээ санал болгожээ.
Манай улсын барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл тэлж, 2023 онд 7.5 их наяд төгрөг “эргэлдсэн” бол өнгөрсөн жил 9.1 их наяд болж өссөнийг дээрх арга хэмжээний үеэр танилцуулсан. Мөн энэ оны дөрөвдүгээр сард болсон 37 дахь удаагийн барилгын яармагт нийт 400 орчим аж ахуйн нэгж оролцсон бөгөөд тэдний 100 гаруй нь л монгол компани байсныг тухайн үед бас шүүмжилж байлаа. Тиймээс цаашид үзэсгэлэнгийн талбайг үндэсний үйлдвэрлэгчдэд тэгш хүртээх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ илүү тойлох хэрэгтэй гэцгээсэн юм. Монголын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тольдох боломж олгодог ганц яармаг нь тэр чигтээ харийнхнаар дүүрчихээр бас онцгүй нь мэдээж. Дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах, сурталчлах гэх “гоё” нэрийн дор ийм “бантан хутгадаг” болоод удсан гэв үү.
Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээгээр барилгын салбарт 96 мянган хүн ажиллаж, сард дунджаар хоёр сая төгрөгийн цалин авч байна гэжээ. Барилгын үндсэн материалын зах зээлийн дийлэнх хувийг импортын бүтээгдэхүүн эзэлсэн байна. Цементийн үйлдвэрлэл л дотоодын хэрэгцээний 60-70 хувийг хангажээ. Барилгын ихэнх материалыг манай улс Хятадаас оруулж ирсэн. Түүнчлэн барилгын салбарт ч үндэсний компаниудын оролцоо харьцангуй бага байж. Томоохон дэд бүтэц, орон сууцын төслүүдийн угсралтын ажлын тэн хагас нь гадаадын компаниудын мэдэлд байсныг статистикийн хорооны “Барилгын салбарын танилцуулга” тайланд тэмдэглэжээ. Үндэсний томоохон компаниуд хүртэл үйл ажиллагаа нь хумигдсаар жижиг, дунд үйлдвэрлэл рүү “гулсан” орж ирсээр буйг судлаачид хэлж байна.
ИРЭХ ОНД 100 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ИЙМ ДҮР ЗУРАГТАЙ УГТАХ УУ
Статистикчдийн үзэж буйгаар үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө тулгарч буй гол асуудлууд нь олон шалтгаантай бөгөөд энэ нь салбарын хөгжилд их, бага хэмжээгээр нөлөөлж буй нь ойлгомжтой. Дээр хэлсэнчлэн төсөл, бүтээн байгуулалтын тендерийг дотоодын компаниудад хүртээхгүй байгааг шүүмжилж, барилгачдын нэгдсэн холбооноос удаа дараа хэвлэлийн бага хурал зарлан, үндэсний үйлдвэрүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг шаардсаар байгаа. Тэдний хэлж буйгаар төрөөс дотоодын үйлдвэрүүдийг системтэйгээр дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол тун удахгүй хэдхэн том корпорац монопол болж, жижиг, дунд нь зах зээлээс шахагдах эрсдэлтэй. Тиймээс тендерийн босго, шаардлагыг үндэсний компаниудын боломжид нийцүүлэн өөрчлөх, томоохон төслүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх, төрийн захиалгад дотоодын аж ахуйн нэгжүү¬ дээ тодорхой хувиар оролцуулах замаар зах зээлийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй гэв. Үгүй бол манай барилгын салбар ирэх онд 100 жилийн ойгоо, түүний дараагийн жилүүдэд ч ийм л дүр зурагтай угтсаар байх аж.
Манайх шиг хөгжиж буй орнуудад үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн бодлого нь гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, Кени улсад Үндэсний барилгын корпорац нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой ажилладаг байна. Тус байгууллагаас барилгын компаниудад сургалт явуулж, мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэн, тендерт оролцох боломжоор хангаж, өрсөлдөх чадвартай болоход нь анхаардаг. Тэгвэл Танзани улсын Үндэсний барилгын зөвлөл нь тасвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мөн л үндэсний үйлдвэрлэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Тус зөвлөл барилгын салбарын чанар, стандарт тогтоох бөгөөд ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар салбарынхаа тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Манай хойд хөрш барилгын компаниуддаа уян хатан нөхцөлтэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, ипотекийн хүү бууруулах, төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг нь олон улсад сайн жишээ болдог байна.