Олон улсын хүүхдийн спортын 11 дэх удаагийн наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 300 гаруй тамирчин оролцлоо. Энэ жил тус тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотноо есдүгээр сарын 23-26-ны хооронд болсон бөгөөд геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Монгол, Орос, Хятадын удирдагчид гурван улсын хүүхэд залуучуудыг спорт, нөхөрлөл, эв нэгдлээр нэгтгэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг наадмын зохион байгуулагчид онцоллоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын газрын дарга Ду Бөжүн тамирчдад хандан хэлэхдээ, энэ тэмцээн нь олимпийн зарчмын дагуу эв нэгдэл, харилцан ойлголцол, нөхөрлөлийн үндсэн дээр явагдсаныг цохон тэмдэглэв. Мөн тэрээр залуучуудын наадмын үеэр гайхалтай амжилт үзүүлсэн дасгалжуулагч, тамирчдад талархал илэрхийлэв.
Олон улсын хүүхдийн спортын 11 дэх удаагийн наадамд манай улсаас БНХАУ-д хамгийн олон тамирчдаас бүрдсэн багаа илгээсэн талаар Биеийн тамир, спортын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн газрын дарга Н.Оюунбат мэдээллээ. Монгол Улсаас 165 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын есөн төрлөөр өрсөлдсөн. Монгол Улс эдгээр наадмыг санаачлагчдын нэг бөгөөд манайх 11 дэх удаагаа оролцож байна" гэж Н.Оюунбат онцлов.
“2009 онд Улаанбаатар хотод анхдугаар наадмыг зохион байгуулсан юм. Манай баг энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Өмнө нь тус наадамд оролцож байсан залуус өдгөө Монгол Улсын шигшээ багийн тамирчид, олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож, олон медалийг хүртсэн. Тухайлбал, саяхан болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин 2010 оны олон улсын хүүхдийн спортын наадамд амжилттай оролцож байсан” гэж Оюунбат хэлэв.
"Энэ наадам нь тамирчдын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадмаас медаль хүртэх эхний алхам юм" гэж Монголын талын төлөөлөгч онцлов. Түүний хэлснээр, уг наадмын гол зорилго нь Монгол, Орос, Хятадын найрсаг харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ спортоор дамжуулан оруулах юм. Тус наадам нь залуу тамирчдад туршлага солилцох боломж олгохоос гадна шинэ найз нөхөдтэй болох, улс орнуудтай танилцахад нь чухал ач холбогдолтой юм” гэж Н.Оюунбат онцлон тэмдэглэлээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөнгөн атлетикийн дасгалжуулагч Бао Фэнлинг “Уг спортын наадам нь тамирчдад бие биенээсээ суралцахад тусалдаг. Орос, Монгол хоёр орны төлөөлөгчид оролцож байгаа нь илүү сайн үр дүнд хүрэх боломжийг олгож байна. Энэ наадам нь манай тамирчдад суралцаж, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой гэж тэрээр хэлэв.
БНХАУ-ын Бугат хотын чөлөөт бөхийн дасгалжуулагч Улан Батыр ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. "Монгол, Оросын тамирчид Хятадад ирсэнд маш их баяртай байна. Танай тамирчид өндөр ур чадвартай, тамирчин бүр өөрийн гэсэн барилдааны арга барилтай байдаг онцлогтой. Энэ нь өндөр үзүүлэлт үзүүлэхэд их чухал нөлөө үзүүлдэг. Танай эрэгтэй төдийгүй эмэгтэй баг ч маш хүчтэй" гэж хятадын мэргэжилтэн тэмдэглэв.
Спортын олон улсын тэмцээн нь шинэ дээд амжилт тогтоох, найз нөхдийн холбоо тогтоох, харилцан туршлага солилцох боломжийг олгодогийг дасгалжуулагч, тамирчид, сайн дурын ажилтнууд, зохион байгуулагчид наадмын үеэр онцолж байв. Дашрамд дурдахад, дараагийн наадмыг 2026 оны есдүгээр сард ОХУ-ын Чита хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.