Хиймэл оюун, техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр дэлхийн хүн амын нэг тэрбум гаруй нь тун удахгүй ямар ч “хэрэгцээгүй бодгаль” болж хувирна гэсэн олон улсын судалгаа бий. Харамсалтай ч гэсэн энэ үнэн гэдгийг цаг хугацаа батлан харуулсаар буй юм. Учир нь гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс та, бидний анзаараагүй түмэн ажил, мэргэжил “арчигдсаар” байна. Хүн л хийж чадна, түүнийг өөр юу ч орлохгүй гэх үзэл хандлага шинэ зуунд өнөө, маргаашийн “насгүй” болжээ. Ухаалаг төхөөрөмжүүд энгийн хэрэглээ болж, цаг, минут тутамд шинэчлэгдэн, тэр хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бас үгүй хийсээр.
Наад захын жишээ дурдахад, манайд саяхныг хүртэл нийтийн тээвэр кондуктор б¬юу билет таслагчтай байлаа. Үүнийг сонссон шинэ үеийнхэн “битгий худлаа ярь” гэх нь холгүй л гайхдаг юм. Түүнчлэн зар мэдээ, хоёр¬догч түүхий эдийн худалдаачин, жолооч, кино механикч (театрт кино гаргадаг хүн), кинотеатрын зураач, ерөнхий боловсролын сургуулийн цэрэгжилтийн багш, хөдөлмөр сургалтын хөнгөн үйлдвэрлэл буюу оёдол, хоол, модон эдлэл, төмөрлөг, одон орон судлал, уран зохиолын хичээлийн багш, холбоочин, дизель мотор асаагч, сонин хэвлэлийн үсэг өрөгч, бичээч, тоо бүртгэгч, кассын нярав, зоо техникч, ахуйн үйлчилгээний ажилтан, гутал тослогч, яндан хөөлөгч, цаг бүртгэгч үгүй болов. Нэмээд хөдөлгөөнт эргүүл, эм найруулагч, бага эмч, эрүүл ахуйч, ус түгээгч, худгийн моторчин, түүхий эдийн бараа судлаач, манаач, яслийн сувилагч, үйлдвэрийн нягтлан зэрэг ажил, мэргэжил үндсэндээ байхгүй болжээ. Цаашлаад орчуулагч, зурагчин, зураг угаагч, уран сайхны гэрэл зурагчдын үүрэг сүүлийн жилүүдэд хумигдсаар л байна. Хүн бүр өөрсдийн дурсамжит агшныг ухаалаг утсаараа “буулгадаг” болж, төрөл бүрийн уран сайхны зургуудыг хиймэл оюунаар бүтээж буй. Барилгын салбарт гэхэд бетон зуурагчийн орон зай байхгүй болж, газар тариалан, зам, тээврийн салбарт ч олон технологи нэвтэрч, ажиллагсдын орон тоо нь ч цөөрсөөр.
ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАГЧ, ДУУДЛАГЫН ТӨВИЙН АЖИЛЧДЫН ГУРАВНЫ НЭГ НЬ “ҮГҮЙ БОЛНО”
Хөдөлмөрийн зах зээл нь зөвхөн ажиллах хүчний нийлүүлэлтээс гадна технологи, эдийн засгийн бүтэц, хүн амын шилжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг нарийн төвөгтэй тогтолцоо юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд дээр дурдсанаас гадна хотжилт, хөдөө аж ахуйн болон үйлчилгэээний салбар дахь технологийн өсөлт хөгжлийн нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд үлэмж өөрчлөлт орж байна гэсэн цөөнгүй судалгаа гарчээ. Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улсын ажил эрхлэлтийн түвшин (2022-2024)” тайланд дурдсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний хувь 26 болж, уламжлалт мал аж ахуй эрхлэгчдийн тоо цөөрсөөр байгааг ажлын байрны автоматжуулалттай холбон тайлбарлажээ.
Монголын жижиглэн худалдаа, супермаркетууд автомат касс, POS системийг өргөн нэвтрүүлсэн. Нэмээд цахим худалдаа, QR болон гар утасны төлбөрийн систем нь арилжааны банкнуудын төлбөр тооцооны ажилтнууд болон кассчдын ажлын байр устах эрсдэлийг нэмэгдүүлж буй гэж Үндэсний статистикийн хорооны судалгаанд ч мөн дурдсан байв. Түүгээр ч зогсохгүй өгөгдөл шивэх, бичиг баримтын болон үйлдвэрийн дамжлагын ажилтнуудын үүрэг автоматжуулалтад өртсөн байна. Бараг бүх байгууллага хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх нэрийд¬лээр ажиллах хүчний эрэлтийг ямар нэг хэмжээгээр бууруулахад гар бие оролцсоор байгаа аж.
Хиймэл оюун, автоматжуулалт, робот, техник, технологийн дэвшил нь тэр дундаа давтагддаг, стандартчилсан үйлдэл шаардсан ажлуудыг голчлон орлох болжээ. АНУ, Европ, Япон Улсад 2030 он гэхэд хүнсний дэлгүүр, сүлжээдийн кассчдын ажлын байр 30-60 хувиар цөөрнө гэсэн судалгаа гарч. Тэгвэл 2025-2030 онд АНУ-д өгөгдөл боловсруулагч, бүх төрлийн дуудлагын төвийн ажилчдын гуравны нэг нь ажлын байргүй болно гэжээ. Манайд ч энэ төрлийн буюу үйлчилгээ, захиалга, худалдаа, банк санхүүгийн салбарын ажил, мэргэжлүүд “арчигдах” эрсдэлтэй байгаа аж.
Үйлчилгээний салбарт тухайлбал, дижитал шийдлүүд нэвтэрч, хувцас, автомашин угаалгын газрууд, батарей цэнэглэх цэгүүд өөртөө үйлчилдэг болчихсон. Дэлхийн банкны судалгааны тайлан дахь хэтийн төлөвөөс үзвэл 2030 он гэхэд Монголд үндсэндээ жижиг, дунд үйлчилгээ эрхлэгчдийн эрэлт багасаж, ажлын байр 40 хүртэл хувиар буурах нь. Мал аж ахуйн салбарт мөн 2040 он хүртэл томоохон фермүүд бий болж, автоматжуулалттай бэлчээрийн менежмент давамгайлах гэнэ. Үйлдвэрлэлд робот, хиймэл оюунд суурилсан технологиуд уламжлалт ажлыг орлоно. Эдгээр нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцох шаардлагатайг харуулж байна гэж Дэлхийн банкныхан томьёолжээ. Үүнд үндэслэн эдгээр ажил, мэргэжлийн хүмүүст эртнээс аналитик, мэдээллийн технологи, техникийн сургалт явуулж, мэргэшүүлэх, дижитал орчин, хиймэл оюунтай харшиж биш, хоршиж ажиллах боломж олгох нь зүйтэй гэв.

УР ЧАДВАР ШААРДСАН ШИНЭ МЭРГЭЖЛҮҮД ОГЦОМ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ
Судлаачид Монголын хөдөлмөрийн зах зээлийг хүн амын тоо, өсөлт, насжилт, хүйс, гэр бү¬лийн байдал, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчин, эдийн засгийн бүтэц зэрэгт өртөмтгий байна гэсэн дүгнэлт гаргажээ. Давтагдмал шинж чанартай ажлууд үгүй болж, эсрэгээрээ шинэ ур чадвар шаардсан ажиллах хүчний эрэлт огцом өсөх төлөвтэй. Иймд хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд үүнээс урьдчилан сэргийлж, ур чадварын шилжилт, технологид суурилсан шинэ боломжуудыг нэвтрүүлэх, нийгмийн хамгааллын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, 5-10-хан жилийн дараа хөдөлмөр эрхлэлтийн түвшин өөрчлөгдөж, түүнд дасан зохицох чадвар, технологийн мэдлэг монголчуудад зайлшгүй хэрэгтэй гэсэн үг юм.
Үндэсний статистикийн хороо, “Инвест Монголиа”, Дэлхийн банкнаас сүүлийн 2-3 жилд гаргасан Монголын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, төлөв, статистикт ирээдүйд боломж нь багасах, эдийн засгийн өөрчлөлтөд амархан өртөх ажил, мэргэжлүүдийг дээр дурдсанаас гадна технологи, хиймэл оюунд хамгийн эмзэг гэж үзсэн нь удирдлага, зохион байгуулалт, захиргаа, бичиг баримттай холбоотой үйл ажиллагаа, илгээмж, хүргэлт, захиалга бүртгэл, тээвэр, хадгалалт дахь зарим гар ажиллагааны үүргүүд, засвар, үйлчилгээ болон бүтээмж багатай боловсруулах салбарынхан өртөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Олон улсын хэмжээнд ирэх 10-15 жилд бүрмөсөн устах магадлалтай ажил, мэргэжлүүдийг банк, оффис, бичиг хэргийн ажилтнууд, кассчид тэргүүлжээ. Австралийн Засгийн газраас гаргасан тайланд дурдсанаар 2040 он гэхэд эдгээр ажлын байрны тоо эрс буурах төлөвтэй байна. Түүнчлэн хүний ур чадвар, мэдлэг шаарддаг ажил, мэргэжлүүд болох график дизайнер, орчуулагч, борлуулалтын менежерүүд ч аажимдаа зах зээлээс “арчигдах” гэнэ. Мөн механик угсрагчид, шуудан, үйлдвэрлэлийн салбарын ажилчид ажлын байргүй болох нь цаг хугацааны л асуудал аж.
УЛС ОРНУУДЫН АЖЛЫН БАЙРНЫ 28-40 ХУВЬ НЬ ТЕХНИК, ТЕХНОЛОГИД ЭЗЛЭГДЭХ НЬ
Дэлхийн эдийн засгийн өнгөрсөн жилийн форумын үеэр 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 92 сая ажлын байр устана гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж байв. Гэсэн ч эл хугацаанд 78 сая шинэ ажлын байр бий болох төлөвтэй. Улмаар улс орнуудын хөдөлмөрийн зах зээлийн 28-40 орчим хувь нь техник, технологид “эзлэгдэх” аж. Өргөн хэрэглээний ажлын байрууд хэдийгээр устах ч технологийн дэвшилтэй холбоотойгоор ажилтнуудын ур чадварын шаардлага өөрчлөгдөж байна гэж тус форумын үеэр гишүүн орнууд эерүүлнэ лээ. Зөвхөн технологийн нөлөө ч биш, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлөх юм.
Манай улс эрэлттэй, илүүдэлтэй ажил, мэргэжлүүдийн жагсаалтыг 2023 оноос хойш гаргаагүй. Боловсролын ерөнхий газраас тус онд олон нийтэд танилцуулсан судалгааг харвал эрэлттэй мэргэжлүүдэд сургууль, цэцэрлэгийн багш, программ хангамж, IT технологи, халаалт, агаар сэлгэлт, кондиционар, сантехникч, хүнсний технологич, хоол зүй, шим судлаач, сэтгэл зүйчийг нэрлэжээ. Харин илүүдэлтэй нь бизнесийн удирдлага, эрх зүй, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, түүх, нийгэм судлал гэсэн байв. Энэ оны байдлаар Монголд хамгийн өндөр цалинтай салбарын ур чадвар, боловсрол, туршлага шаарддаг, өндөр хариуцлагатай ажлын байранд уул уурхайн түүхий эдийн олборлогч, мэдээллийн технологи, программ хангамж хөгжүүлэгч, банк, санхүүгийн мэргэшсэн ажилтнууд, нарийн мэргэжлийн эмч нар, томоохон компанийн удирдлага, менежерүүд багтжээ.Тэгвэл олон улсад дата аналист, AI инженер, дижитал маркетинг, эрчим хүч, автоматжуулалтын инженер зэрэг ажлын байр өсөх хандлагатай байна. Гэхдээ манайд ч, гадаадад ч эрэлттэй, тэргүүлэх ажил, мэргэжлийн жагсаалт тогтвортой байдаггүй. Нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ байнга хувьсан өөрчлөгддөг гэсэн үг. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны жагсаалтад найдалгүй, цаг үетэйгээ ямагт хөл нийлүүлэн өөрийгөө хөгжүүлж, бие даан суралцан, шилжилтийн аль ч үед дасан зохицож, хөрвөж ажиллах ур чадварыг эл эрин зуун хүн төрөлхтнөөс шаардаж буйг албаныхан сануулсаар буй юм.